ЗИНДАА 2019.05.17 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

#1  ТОСТ, ТОСОН БУМБЫГ УХАЖ БУЙ КОМПАНИД ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ХУВЬ ЭЗЭМШИЖ БАЙГАА НЬ НОТЛОГДЛОО

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авч, хилийн хязгаарыг тогтоохдоо “Саусгоби коэл транс” компанийн ашиглалтын лицензтэй 150 орчим мянган га газрыг хамгаалалтаас гаргаж үлдээсэн билээ. Харин энэхүү газар нь тухайн орон нутгийн усны хагалбар газарт байрладаг бөгөөд “Саусгоби коул транс” компани 2017 оны гуравдугаар сарын 9-ний өдөр буюу тусгай хамгаалалттай газрын хилийг тогтоох Засгийн газрын 91 дүгээр тогтоол гараагүй байхад уурхайн кэмпээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#2 СТРАТЕГИЙН ХҮНС БОЛОХ МАХНЫ АСУУДЛЫГ ТӨР ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ

Бид өөрсдийгөө малтай монголчууд гэж нэрийдэх бүрэн эрхтэй. Учир нь нэг хүнд ногдох малын тоо 20 мянга хэдийнэ давчихсан. Харин махны хэрэглээ талаас нь харахаар “Махгүй Монгол” болох дээрээ тулах вий гэсэн өнцөг тодорч буй юм. Иргэд махны үнийн өсөлтөд ташуурдуулж буй энэ үед Тагнуулын ерөнхий газраас  мах экспортлогч компаниудын зооринд шалгалт хийж, их хэмжээгээр мах нөөцөлснийг илрүүллээ гэх мэдээлэл гараад байна. ҮНЭ эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар тогтдог гэж нэг хэсэг нь сануулж байхад, СТРАТЕГИЙН ХҮНС болох махны асуудлыг төр зохицуулах ёстой гэж нөгөө хэсэг нь байр сууриа илэрхийлж байна.

Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг “Стратегийн хүнс” гэнэ гээд хуульчлаад заачихсан тул төрөөс махны нийлүүлэлт, үнийн асуудалд анхаарах нь зайлшгүй л дээ. Гэхдээ нэгэнтээ стратегийн хүнс гэдгийг нь мэдэж байгаа юм чинь төр бодлого, шийдвэрээ цаг хугацаанд нь, хэрэгцээтэй үед нь  хэрэгжүүлж чадахгүй өдийг хүрсэн нь өнөөдрийн нөхцөл байдлаас харагдаж байгаа юм. Статистик тоонуудыг харахад махны үнийн өсөлтөөс гадна үйлдвэрлэл, экспорт нь өссөн байгаа. Өнгөрсөн олон жилүүдэд хойд хөрш рүүгээ хэдэн тонн мах гаргачих юмсан гэсэн байнгын горьдлоготой явж ирсэн манай тухайд махны үйлдвэрлэл, экспорт өсөөд буй нь сайн мэдээ л дээ. Гэхдээ үйлдвэрлэл, экспорт өсөхөд нөлөөлсөн бодит шалтгаан юу байв. Өсөлтийг бид цаашид хадгалж чадах уу гэдэг асуудал яригдах ёстой ч, яг өнөөдрийн тухайд бол манай улс дотоодын хэрэглэгчдээ стратегийн хүнс болох махны хомсдолд оруулж мэдэхээр нөхцөл байдал үүсчихээд байна. Гурван хүн тутмын нэг нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой манай улсад килограмм махны үнэ 10 мянга давчихаар, ясаар нэрсэн шөлнөөс давж гарч дийлэхгүй амьдрахаас өөр аргагүй байдалд орж байна. Тэгэхээр төрийн зүгээс махтай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй гэдэгтэй маргах нь утгагүй байгаа юм. Энд бид өндөг, чинжүүний үнэ яриагүй учраас, тэр л дээ.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#3  Д.БЯМБАСҮРЭН: УЛС ТӨРИЙН НАМУУД ТӨР РҮҮ ЦУТГАХ АВЛИГАЧДЫГ НИЙЛҮҮЛДЭГ, ДАМЖУУЛДАГ ХООЛОЙ БОЛЖ ХУВИРСАН

Улстөржихгүйгээр үнэнийг хэлэх, ойрын биш холын зайг харах, Монголын төлөө үгээ хэлэх хүмүүсийн нэг бол Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн эрхэм гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.


-Ээлжлэн бас хамтран засаглаж ирсэн МАН, АН-ын аль аль нь дотоод хямралтай, завхралтай байгаа нь нэгэнтээ ил болчихсон. Нэг талаас бугшаад буглуулаад асуудлаа дараад байхгүй гадагшлуулаад байх нь эрүүлжих явц  байж болох. Ер нь Монголд улс төрийн нам гэж байна уу?

-Хоёр асуудал байна. Нэгдүгээрт, улс төрийн нам гэдэг бол тухайн нийгмийнхээ амьдралын жам ёс, зам мөрийн талаарх үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн бүлэг юм шүү дээ. Гэтэл манай Монголын улс төрийн намууд  ийм үзэлгүй болчихсон. Ардчилсан нам нь либерал үзэлтэй гэж зарладаг. Ардын нам нь  ардчилсан социализмын үзэл гэж зарласан мөртлөө либерал үзлийн шаварт шигдчихсэн. Монголын улс төрийн нөхцөл байдлыг үзэл баримтлалын талаас нь авч үзэх юм бол үзэлгүй улс төрийн хүчнүүд либерализмын, нео-либерализмын шавар дунд, шуналын чөдөртэй цовхчиж байна. Улс төрийн аль ч хүчнийг төрд түлхээд, өргөөд  гаргасан хүмүүс нь Монголын баялгийг худалдах, эрх мэдэлтэй хугацаандаа өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө, өөрийгөө дэмждэг бизнес бүлэглэлүүдэд үйлчлэхийн төлөө л байна. Монголын нийгмийн эрх ашгийг дээдлэх чадваргүй байна.  Энэ нэг тал нь. Хоёрдугаарт, бид үргэлж өөрсдөө харж явах ёстой зүйл. 1990 он хүртэл Монголд Улс төрийн авангард нам байсан. Авангард нам гэдэг бол парламентын нам биш.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#4  Б.БАЯСГАЛАН: МИНИЙ ХУВЬД “ДУР БУЛААМ” ГЭДЭГ ОЙЛГОЛТ ЭР ХҮН

Энэ хавар Монголын уран зохиолын ертөнц хөл хөдөлгөөн ихтэй байгааг зарим уншигчид маань мэдэж байгаа болов уу. Учир нь хэд хэдэн сонирхолтой монгол зохиолчдын бүтээл болоод орчуулгын шинэ ном хэвлэгдэн, уншигчдын гарт ирээд байна. Тэдний нэг бол “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Дур булаам” өгүүллэгийн антологи. Дэлхийн орчин үеийн зохиолчдын шилдэг бүтээлээс түүвэрлэсэн, чамгүй зузаан энэ ном “Тагтаа”-гийн үнэнч уншигчид болоод уран зохиолынхныг догдлолд автуулсан биз ээ. Шинэ номын сургаар “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалантай “Дур булаам” номынх нь талаар ярилцлаа.


-“Дур булаам” номын уншигчдаас танд сэтгэгдэл хэр их ирж байгаа вэ?

-Ном маань хэвлэгдэж гараад хэдхэн хонож байна. Нилээд зузаан ном учирхүмүүс худалдаж авсан ч уншиж амжаагүй байгаа байх. Миний олон жил нухаж хийсэн ном болохоор гайгүй чанартай антолог гарсан болов уу гэж өөртөө итгэлтэй байгаа.

-“Тагтаа”-гийн номын хавтасны шийдлүүд таалагддаг. “Дур булаам”-ын хавтас ч их сонирхол татаж байна. Хавтасны зурган дээр монгол дээлтэй эрэгтэй хүн байгаа. Нэг талаараа огтоос дур булаам харагдахгүй байгаа боловч нөгөө талаар жинхэнэ дур булаам шийдэл болсон юм болов уу гэж бодогдсон?

-“Дур булаам”-ын хавтасны шийдлийг янз янзаар л туршиж үзсэн. Манай номын дизайныг шийддэг дизайнер бид хоёр ярилцаж байгаад хавтасны зургийг сонгосон. Миний таашаал, дотоод мөн чанартай их авцалдсан шийдэл л дээ. Нөгөө талаар билэгдлийн ч чанартай. Учир нь энэ ном дэлхийн шилдэг өгүүллэгийн антолог. Антолог дотор монгол зохиолчийн бүтээл байхгүй. Тэгсэн хэрнээ монголчуудад уншуулахын тулд орчуулаад, монгол дээлтэй эрийн зургаар дизайнаа шийдсэн нь хэзээ нэгэн цагт монгол хүний бүтээл дэлхийн шилдэг антологийг өнгөлөөд, нүүрлээд явж байх болов уу гэж итгэсэн хэрэг. Мөн “Дур булаам” гэдэг ойлголтыг ихэнх хүмүүс эмэгтэйчүүдэд хамааруулж ойлгон, эрчүүдийн өнцгөөс хардаг. Гэтэл олонхи эмэгтэйчүүдийн хувьд дур булаам гэдэг ойлголт эр хүн шүү дээ. Эр хүн л миний хувьд дур булаам, сайхан. Тэгэхээр дур булаам гэдэг болэмэгтэйчүүдийн өнцгөөс харахад эрэгтэйлэг ойлголт юм. Агуулгын хувьд энд шинэ үеийн сэдэвтэй, янз бүрийн ойлголтуудыг эвдсэн өгүүллэгүүд олонбагтсан. Тийм ч учраас дур булаам гэж номоо нэрлээд, эрэгтэй хүний зургаар чимсэн.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#5  КАОРИ ИЧЁ “ТОКИО 2020”-Д ОРОЛЦОЖ ЧАДАХ УУ?

Олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт тамирчин Каори Ичёг монголчууд сайн мэднэ. Энэ жил 35 нас хүрэх ахмад тамирчин ч ирэх жил нутагт нь болох “Токио 2020” наадамд зодоглож түрүүлэх нь түүний зорилго. Алдартай сайн бөх гээд түүнд олимпийн эрх шууд өгчихгүй. "Токио 2020" олимпийн наадамд оролцохын тулд эхлээд ДАШТ-д зодоглох шигшээ багт багтах ёстой. Шигшээд орохын тулд Бүх Японы АШТ-д түрүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн жил болсон УАШТ-дээ тэр эхний барилдаанд Риогийн олимпийн 63 кг-ийн аварга Рисако Кавайд ялагдсан ч дараа нь гурав дараалан ялж, улсын аварга болсон. Каори япон бөхөд 17 жилийн дараа ялагдаж байгаа нь энэ бөгөөд нутгийн бөхчүүдээ дараалан ялсан амжилт нь ч 70 дээр зогссон. Каори хамгийн сүүлд 2001 оны УАШТ-д Саори Ёшидад ялагдаж байсан юм.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top