СТРАТЕГИЙН ХҮНС БОЛОХ МАХНЫ АСУУДЛЫГ ТӨР ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ
Бид өөрсдийгөө малтай монголчууд гэж нэрийдэх бүрэн эрхтэй. Учир нь нэг хүнд ногдох малын тоо 20 мянга хэдийнэ давчихсан. Харин махны хэрэглээ талаас нь харахаар “Махгүй Монгол” болох дээрээ тулах вий гэсэн өнцөг тодорч буй юм. Иргэд махны үнийн өсөлтөд ташуурдуулж буй энэ үед Тагнуулын ерөнхий газраас мах экспортлогч компаниудын зооринд шалгалт хийж, их хэмжээгээр мах нөөцөлснийг илрүүллээ гэх мэдээлэл гараад байна. ҮНЭ эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар тогтдог гэж нэг хэсэг нь сануулж байхад, СТРАТЕГИЙН ХҮНС болох махны асуудлыг төр зохицуулах ёстой гэж нөгөө хэсэг нь байр сууриа илэрхийлж байна.
Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг “Стратегийн хүнс” гэнэ гээд хуульчлаад заачихсан тул төрөөс махны нийлүүлэлт, үнийн асуудалд анхаарах нь зайлшгүй л дээ. Гэхдээ нэгэнтээ стратегийн хүнс гэдгийг нь мэдэж байгаа юм чинь төр бодлого, шийдвэрээ цаг хугацаанд нь, хэрэгцээтэй үед нь хэрэгжүүлж чадахгүй өдийг хүрсэн нь өнөөдрийн нөхцөл байдлаас харагдаж байгаа юм.
Статистик тоонуудыг харахад махны үнийн өсөлтөөс гадна үйлдвэрлэл, экспорт нь өссөн байгаа. Өнгөрсөн олон жилүүдэд хойд хөрш рүүгээ хэдэн тонн мах гаргачих юмсан гэсэн байнгын горьдлоготой явж ирсэн манай тухайд махны үйлдвэрлэл, экспорт өсөөд буй нь сайн мэдээ л дээ. Гэхдээ үйлдвэрлэл, экспорт өсөхөд нөлөөлсөн бодит шалтгаан юу байв. Өсөлтийг бид цаашид хадгалж чадах уу гэдэг асуудал яригдах ёстой ч, яг өнөөдрийн тухайд бол манай улс дотоодын хэрэглэгчдээ стратегийн хүнс болох махны хомсдолд оруулж мэдэхээр нөхцөл байдал үүсчихээд байна. Гурван хүн тутмын нэг нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой манай улсад килограмм махны үнэ 10 мянга давчихаар, ясаар нэрсэн шөлнөөс давж гарч дийлэхгүй амьдрахаас өөр аргагүй байдалд орж байна. Тэгэхээр төрийн зүгээс махтай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй гэдэгтэй маргах нь утгагүй байгаа юм. Энд бид өндөг, чинжүүний үнэ яриагүй учраас, тэр л дээ.
Манай улсын хүн амын махны хэрэглээг 2018 оны байдлаар үзвэл жилийн 365 мянган тонн байна. Энэ нь нэг талаас малын тоо толгой өссөн, нөгөө талаас махны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой гэж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан жишсэн дундаж нэг хүний хоногт хэрэглэх мах, махан бүтээгдэхүүний хэмжээг үндэслэн тооцож үзэхэд Монгол Улсын хүн амын 2019 оны хүнсний хэрэгцээнд нийт 117.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50.6 мянган тонн мах тус тус шаардлагатай гэсэн тооцоолол байна.
Тэгвэл МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТ-ийг харахад Орон нутгаас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор дамжин Нийслэл хотод 2019 оны тавдугаар сарын 1-16-ны хооронд нийт 841.2 тонн мах, 7498 толгой мал орж иржээ.
НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛСЭН ЗУРГААН КОМПАНИ
БАНКУУДЫН ШАЛГУУРЫГ ДАВААГҮЙ
Нөөцийн мах худалдаанд гарахаар дагаад махны үнэ буурах нөхцөл бүрдэх ёстой ч энэ жилийн тухайд нөлөөлөхгүй байна. Улаанбаатар хотын хүн амын 2019 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд нийт 10 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн байжээ. Тус арга хэмжээнд есөн аж ахуйн нэгж хамрагдах албан хүсэлтээ ирүүлсэн ч, арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд тавьсан шалгуур өндөр байснаас шалтгаалан зургаан аж ахуйн нэгж хамрагдаж чадаагүй юм байна.
Харин арилжааны банкны шалгуурт тэнцсэн “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4 мянган тонн мах бэлтгэж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс нийлүүлж байна.
Нийслэлийн зургаан дүүрэгт 137 хүнсний дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Энэ нь зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгаа юм. Тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 1400 тн мах буюу 35 хувийг тогтоосон үнээр худалдаалжээ. Нөөцийн махыг иргэдэд хүртээмжтэй нийлүүлэх зорилгоор амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдааг зохион байгуулна гэж холбогдох байгууллагууд мэдээлсэн. Тэгэхээр үлдсэн 2600 тонн мах борлуулагдсаны дараа махны үнийн өсөлтөө бид ярьсаар байх уу гэдэг асуудал тавигдаж таарна.
Махны үнийн өсөлтийг харахад өнгөрсөн 2018 оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл өсөлттэй байгаа. Уг нь өнгөрсөн жилүүдийн жишгийг харахад зургадугаар сарын дундаас үнэ нь буурч, арванхоёрдугаар сарын дундаас эргэн өсөх хандлагатай байдаг ч өнгөрсөн жилийн тухайд өмнөд хөршийн эрэлт хийгээд шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор махны үнэ өссөн. Улмаар жилийн инфляцийн 1.7 нэгж хувийг махны үнийн өсөлт бүрдүүлсэн байгаа. Тодруулбал, дулааны аргаар боловсруулсан махны экспортын хэмжээ өмнөх оноос 8.3 дахин нэмэгдсэн, махны тээврийн зардал өссөн зэргээс хамаарч дотоодын махны үнэ 2018 оны сүүл гэхэд оны эхнээс 2000 орчим төгрөгөөр нэмэгдсэн байсан.
Махны ДУНДАЖ ҮНЭ 2018 оны дөрөвдүгээр сараас 2019 оны дөрөвдүгээр сарын хооронд дараах байдлаар өөрчлөгджээ.
ХХААХҮЯ-наас махны үнийн ийм судалгаа өгч буй бол Хүчит шонхор зах дээр хонины ястай махны үнэ 10 мянга шүргэж, үхрийн цул мах 13 мянган төгрөгт хүрээд байна. Нийслэлийн хэрэглэгчдэд хамгийн хямд үнэтэй мах нийлүүлдэг зах дээр ийм үнэ тогтоод буй бол Меркури, Номин, И-Март дэлгүүрүүдэд үхрийн цул 16 мянган төгрөгөөс буухгүй байна. Иргэдийн олонхын орлого, амьжиргааны бодит түвшинтэй нэг килограмм махны өнөөдрийг үнийг харьцуулахад нөгөөх “180 грамм” махаа хэрэглэж дийлэхгүй хэмжээнд хэдийнэ хүрчихээд байгаа юм. Монголчууд хүнсний гол хэрэглээ болох махаа авч чадахгүйд хүрч, шулсан ясны эрэлт эрс нэмэгдсэнийг зах худалдааны төвүүдэд мах худалдаалагчид хэлж буй. Махны үнэ өдөр ирэх бүр өсөөд байгаагийн учиг шалтгааныг ХХААХҮЯ дараах хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байна.
ХЯТАДЫН ЭРЭЛТ МАНАЙД Ч ТЭНД Ч...
Манай улс 2018 онд нийт 70.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон нь 2016 онтой харьцуулахад 7.6 дахин нэмэгдсэн дүнтэй. 2019 оны тавдугаар сарын 13-ны байдлаар хонины мах 733 тонн, ямааны мах 39 тонн, адууны мах 7710 тонн, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн 8771.8 тонн нийт 17.2 мянган тонн мах экспортложээ. Тэгэхээр оны эхний таван сарын байдлаарх экспортын хэмжээг өнгөрсөн оны нийт экспорттой харьцуулахад 43 мянган тонны зөрүүтэй байна. Гахайн мялзан өвчнөөс болж нийтдээ 200 сая гахай устгах дээрээ тулсан Хятад улсын махны эрэлт энэ онд хэвээр хадгалагдвал, манай махны экспорт өнгөрсөн жилийн өсөлтөө хадгалах магадлалтай байна. Гэхдээ Хятад улс үргэлж мялзантай зууралдаад байхгүй. Асуудлаа шийдвэрлэхээр эрчимтэй арга хэмжээнүүд авч байгаа. Харин бид үүлэн чөлөөний нар шиг Хятадын эрэлтийн өмнө “Малтай Монгол” биш “Махгүй Монгол” болж арчаагаа алдах дээрээ тулж байгаа нь таагүй хэрэг л дээ.
Хятадын эрэлт ганц манайд нөлөөлөөд байгаа юм биш л дээ. Казахстан Улс гэхэд Хятадын эрэлтийг дагаж экспорт нь өсөж байна. Гэхдээ килограмм үхрийн махны үнэ нь 1500 тэнгэ байсан нь нэмэгдэж 2200-2300 тэнгэд хүрчээ. Тэгэхээр эрэлт их байгааг дагаж нийлүүлэлтийн үнэ нь нэмэгдэж байгаа жишиг манайд бас тэнд байна.
Гэхдээ зэрэгцээд дотоодын хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамаарах, хамгаалахад төрийн бодлого чиглэх ёстой л доо.
ҮНЭ ӨСГӨСӨН БУСАД ШАЛТГААНУУД
Шатахууны үнийн өсөлт орон нутгаас мал, мах бэлтгэх тээврийн зардлыг нэмэгдүүлж хот, суурин газарт махны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна гэж салбарын яамнаас мэдэгдэж байгаа юм. Мөн мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс шалтгаалан хүнсний зориулалтаар төхөөрч байгаа махны зөвхөн 10 гаруй хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэж байна. Мал аж ахуйгаас нийлүүлэх махны 90 орчим хувийг уламжлалт аргаар бэлтгэж байгаа тул махны дотоодын худалдаанд ченжийн систем голлох үүрэгтэй оролцох үндсэн нөхцлийг бүрдүүлж байна.
Монгол хүний бие организмд зайлшгүй л хэрэгцээ шаардлагатай мах гэдэг хүнсийг стратегийн гэхчлэн тусгайлан хуульчилж, тодотгосон л юм бол тухайлан анхаарч үзэх л ёстой.
Махны нөөц бэлтгэх үйл ажиллагаа богино хугацаанд хийгддэг улирлын онцлогтой. Махны нөөц бэлтгэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар санхүүжүүлж зохион байгуулдаг. Энэ хөнгөлөлтийг улсын төсөвт тусгуулах нь Монгол Улсын төсвийн тухай хуулийг батлах, тус хуулийн дагуу арга хэмжээг санхүүжүүлэхтэй цаг хугацааны хувьд уялдахгүй байгаа тул нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулалтын хувьд удаашруулахад хүргэж байна. Тухайлбал, энэ оны арга хэмжээнд шаардагдах хөрөнгө улсын төсөвт 2018 оны 12 дугаар сард батлагдсан. Гэтэл Улаанбаатар хотын хүн амын 2019 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулж мах бэлтгэх, нөөцлөх арга хэмжээг 2018 оны 12 дугаар сараас эхлэн зохион байгуулж хэрэгжүүлэх шаардлагатай болсныг мөн дурдаж байгаа.
Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махан бүтээгдэхүүнийг экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай Монгол Улс БНХАУ хооронд байгуулсан протоколд “түүхий эд болох үхэр болон хонь, ямааны махны импортлогч улсаас зөвшөөрөгдсөн нядлах, боловсруулах аж ахуйн нэгжээс ирсэн, нядлах боловсруулах явц нь тавигдсан шаардлагын дагуу албан ёсны хяналтын дор хийгдсэн болохыг баталгаажуулах”-аар зохицуулсан байдаг. Гэтэл уг протокол мөрдөгдөхгүй, үхэр болон хонь, ямааны махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулахад нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн зэрэг зөрчил удаа дараа илэрч байгааг БНХАУ-ын талаас анхааруулсан байна. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, үйлдвэрийн бус аргаар төхөөрсөн, мөн импортлогч оронд бүртгэгдээгүй мал нядлах үйлдвэрт бэлтгэгдсэн, экспортлох эрхтэй боловч өөрийн үйлдвэрт боловсруулаагүй, экспортын эрхгүй аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, тэдгээрийн боловсруулсан махан бүтээгдэхүүнийг экспортолж байгаа зэрэг нь махны нийлүүлэлт, үнэд нөлөөлж байгаа гэсэн тайлбарыг албаныхан хийж байгаа юм.
Тэгэхээр бид цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг асуулт тавигдаж таарна. Ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг нь харахад махны худалдаа зохион байгуулах гэхчлэн “гал унтраах” маягийн арга хэмжээнүүд яригдаж байна. Монгол хүний бие организмд зайлшгүй л хэрэгцээ шаардлагатай мах гэдэг хүнсийг стратегийн гэхчлэн тусгайлан хуульчилж, тодотгосон л юм бол тухайлан анхаарч үзэх л ёстой. Дотоодын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй. Хэрэвзээ зохиомлоор үнэ хөөрөгдөж буй асуудал байгаа юм бол тэрийг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас анхаарч үзэж Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд зах зээлд давамгай худалдааны зах, төвүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж оролцох хэрэгтэй болох байх. Мөн өдгөө яригдаж байгаачлан үндэсний үйлдвэрт мал тушаасан малчдад урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт хийх гэхчлэн арга хэмжээнүүд авахыг нөхцөл байдал шаардаад байгаа юм. Ер нь бол ниргэсэн хойно нь чарлаад байхгүй хэмжээнд л арга хэмжээ авмаар байна.
Сэтгэгдэл ( 6 )
Сэтгүүлч малаа 20 мянга биш 20 толгой за малаа
Санхүүгийн ММС Матильда ЛЕСОУСОРTER нь санхүүгийн салбарт мэргэшсэн мэргэжилтэн юм. Avez-vous besoin d”un prêt? Хэрвээ рецепт, Түрээслэгч хүн амд хүрэх боломжтой хүмүүсийг ажиллуулдаг 5000-50000 еврогийн хооронд үйл ажиллагаа явуулдаг Тэмдэглэгээ 2% -иас хэтрэхгүй Төгсгөлд нь домэйн нэрс: * Хүмүүсийн * Прêt d”investissement * Автоматаар * Хайч * Et d”autres domaines ..... Contactez nous par И-мэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913
Gaalin tatbar nemegdsenuu, Delhiin zah zeel deer une ussun uu, balyutin hansh nuluulsun uu . 70 say maltai murtluu mahaa zohitsuulj chadahgui bgaa lalaruud yaj MGL ulsig abch yabah be de. Guitsee.
Gaalin tatbar nemegdsenuu, Delhiin zah zeel deer une ussun uu, balyutin hansh nuluulsun uu . 70 say maltai murtluu mahaa zohitsuulj chadahgui bgaa lalaruud yaj MGL ulsig abch yabah be de. Guitsee.
Gaalin tatbar nemegdsenuu, Delhiin zah zeel deer une ussun uu, balyutin hansh nuluulsun uu . 70 say maltai murtluu mahaa zohitsuulj chadahgui bgaa lalaruud yaj MGL ulsig abch yabah be de. Guitsee.
Gaalin tatbar nemegdsenuu, Delhiin zah zeel deer une ussun uu, balyutin hansh nuluulsun uu . 70 say maltai murtluu mahaa zohitsuulj chadahgui bgaa lalaruud yaj MGL ulsig abch yabah be de. Guitsee.