Энэ хавар Монголын уран зохиолын ертөнц хөл хөдөлгөөн ихтэй байгааг зарим уншигчид маань мэдэж байгаа болов уу. Учир нь хэд хэдэн сонирхолтой монгол зохиолчдын бүтээл болоод орчуулгын шинэ ном хэвлэгдэн, уншигчдын гарт ирээд байна. Тэдний нэг бол “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Дур булаам” өгүүллэгийн антологи. Дэлхийн орчин үеийн зохиолчдын шилдэг бүтээлээс түүвэрлэсэн, чамгүй зузаан энэ ном “Тагтаа”-гийн үнэнч уншигчид болоод уран зохиолынхныг догдлолд автуулсан биз ээ. Шинэ номын сургаар “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалантай “Дур булаам” номынх нь талаар ярилцлаа.
“ДУР БУЛААМ” ДОТОР ХИЧЭЭЖ ОРЧУУЛСАН ХОЁР ӨГҮҮЛЛЭГ БИЙ
-“Дур булаам” номын уншигчдаас танд сэтгэгдэл хэр их ирж байгаа вэ?
-Ном маань хэвлэгдэж гараад хэдхэн хонож байна. Нилээд зузаан ном учирхүмүүс худалдаж авсан ч уншиж амжаагүй байгаа байх. Миний олон жил нухаж хийсэн ном болохоор гайгүй чанартай антолог гарсан болов уу гэж өөртөө итгэлтэй байгаа.
-“Тагтаа”-гийн номын хавтасны шийдлүүд таалагддаг. “Дур булаам”-ын хавтас ч их сонирхол татаж байна. Хавтасны зурган дээр монгол дээлтэй эрэгтэй хүн байгаа. Нэг талаараа огтоос дур булаам харагдахгүй байгаа боловч нөгөө талаар жинхэнэ дур булаам шийдэл болсон юм болов уу гэж бодогдсон?
-“Дур булаам”-ын хавтасны шийдлийг янз янзаар л туршиж үзсэн. Манай номын дизайныг шийддэг дизайнер бид хоёр ярилцаж байгаад хавтасны зургийг сонгосон. Миний таашаал, дотоод мөн чанартай их авцалдсан шийдэл л дээ. Нөгөө талаар билэгдлийн ч чанартай. Учир нь энэ ном дэлхийн шилдэг өгүүллэгийн антолог. Антолог дотор монгол зохиолчийн бүтээл байхгүй. Тэгсэн хэрнээ монголчуудад уншуулахын тулд орчуулаад, монгол дээлтэй эрийн зургаар дизайнаа шийдсэн нь хэзээ нэгэн цагт монгол хүний бүтээл дэлхийн шилдэг антологийг өнгөлөөд, нүүрлээд явж байх болов уу гэж итгэсэн хэрэг. Мөн “Дур булаам” гэдэг ойлголтыг ихэнх хүмүүс эмэгтэйчүүдэд хамааруулж ойлгон, эрчүүдийн өнцгөөс хардаг. Гэтэл олонхи эмэгтэйчүүдийн хувьд дур булаам гэдэг ойлголт эр хүн шүү дээ. Эр хүн л миний хувьд дур булаам, сайхан. Тэгэхээр дур булаам гэдэг бол эмэгтэйчүүдийн өнцгөөс харахад эрэгтэйлэг ойлголт юм. Агуулгын хувьд энд шинэ үеийн сэдэвтэй, янз бүрийн ойлголтуудыг эвдсэн өгүүллэгүүд олон багтсан. Тийм ч учраас дур булаам гэж номоо нэрлээд, эрэгтэй хүний зургаар чимсэн.
-Таны “Эдгэрэл” номын хавтсан дээр нүдээ үсээрээ халхалсан эмэгтэйн зураг байдаг. “Дур булаам”-ын эрэгтэйн нүд бас харагдахгүй байна. Энэ хоёр ямар нэгэн байдлаар холбоотой юу. Эсвэл санаандгүй ингээд таарчихсан уу?
-Тэрийг яг тэгж давхцуулъя гэж бодоогүй юм байна. Гэхдээ нүд өөрөө өөрийнхөө түүхийг яриад эхэлдэг. “Эдгэрэл” дээр байгаа эмэгтэйн нүд, “Дур булаам”-ын эрийн харц номын хавтас дээр гараад ирвэл шууд л өөрсдийнхөө түүхийг хүүрнээд эхэлнэ. Тийм болохоор тэдний нүдийг дарж байж л ном цэвэр өөрийгөө хүүрнэх боломжтой болсон гэж бодож байна.
-“Дур булаам”-ын орчуулга таниас их хүч хөдөлмөр шаардсан байх. Гэхдээ таны хамгийн их нухсан бүтээл аль нь вэ?
-Сонголтын хувьд ч, орчуулгын хувьд ч миний хамгийн их хичээж орчуулсан хоёр өгүүллэг бий. Нэг нь Энэтхэг, Английн зохиолч Салман Рушдигийн “Хорвоо ертөнцийн хоргодох орон” гээд эртний хэлээр бичигдсэн, уран тансаг, ёстой л орчуулах нь зүйтэй өгүүллэг байсан. Нөгөөх нь Исмаил Кадарэ гэж Албани улсын зохиолчийн “Цагаан хэрэм” өгүүллэг. Мэдээж Цагаан хэрмийг монголчуудгүйгээр төсөөлөх боломжгүй. Би энэ хоёр өгүүллэгийг монголчууд уншаасай гэж үнэхээр их хүссэн. Монголчуудын тухай, бидний эзэн хаадын тухай өгүүлж байгаа учир сайхан орчуулаад хүргэчих юмсан гэж бодож сонгосон.
-Нэг роман эсвэл тууж барьж аваад орчуулах, олон улс орны, олон зохиолчийн шидээвэр өгүүллэгийг нэг дор орчуулах хоёр өөр байх л даа. Нэг талаар олон зохиолчийн бүтээлийг өнгө аяс ижил орчуулах эсрдэлтэй юм шиг санагддаг. Харин та ямар арга барилаар орчуулдаг вэ?
-Олон өгүүллэг уншаад тэндээс антологт өгүүллэг сонгох нь нүсэр ажил байсан. Дээрээс нь сонгосон өгүүллэгүүдээ тухайн зохиолчийн, тухайн дүрийн, үйл явдлын ая дан, авир төрхөд тааруулж хэл найруулгаа өөрчлөх шаардлага гарна. Ерөөсөө л зохиол бүтээл орчуулна гэдэг мэдрэмжийн тухай асуудал шиг байгаа юм. Жишээ нь, ордны, эртний үг хэлээр бичигдсэн өгүүллэгийг орчуулахад найруулгаа яг тэгж л удирдах хэрэгтэй болдог. Би хаан хүний дүрд хувирч, хааны өмнөөс ярьж байгаа болохоор үг хэлээ зэхэж, тэр дайны байх шаардлагатай болж ирнэ.Үр хүүхдээ дайн дажинд алдчихсан пакистан эмэгтэйн тухай орчуулж байгаа бол мөн тэр уур амьсгалд тохирсон үг, найруулга сонгоно. Тийм учраас л том роман ч юмуу, тууж орчуулахаас өгүүллэгийн түүвэр эмхтгэж орчуулах нь илүүхүнд, хэцүү хөдөлмөр.
-Улс үндэстний өөрсдийн түүх нэвт шингэсэн бүтээлүүд сонгож орчуулсан гэсэн. Юуны учир тэр вэ?
-Эх орноосоо явж, өөр оронд зохиол бүтээлээ туурвин амьдарч буй зохиолчид өнөөдөр дэлхий дээр маш олон байна. Сүүлийн үед цагаачлалын уран зохиол (immigrant fiction) гэж их ярих болсон. Олон улсад нэрээ гаргаж байгаа зохиолчид ихэвчлэн цагаачид байна. Дэлхийн уран зохиолд цагаач хүмүүсийн нэг соёлоос нөгөө соёлд уусан нэгдэж эсвэл сөрөн зогсож байгаа түүх ноёлох болж. Нөгөө талаар зохиолчид шинээр суурьшсан соёлынхоо нөлөөнд орох, тэр улс оронд өрнүүлж буй амьдрал тэмцлээ түлхүү бичих хандлага түгээмэл. Тэр нь миний хувьд энэ үеийн уран зохиолын таашаадаггүй тал юм. Ийм нөхцөлд ноёлогч орнуудынхаас бусад улс үндэстний аж амьдрал юу болж байгаа нь бүр ард, хөшигний цаана үлдчих гээд байдаг. Тиймээс л би хэдий Америк, Англид алдрыг олсон хятад, энэтхэг зохиолч сонголоо ч Энэтхэгийнхээ тухай, Хятадынхаа тухай бичсэн бүтээлүүдийг нь барьж авч орчуулахыг хүссэн. Тэгж байж л бид улс үндэстнүүдийг уран зохиолоор дамжуулан өөрсдийнхөө хэрхэн хэрхэн бичиж, яаж хүүрнэж буйг олж харах болно. Бид ч бас монгол хүний хувиар Монголын тухай юу өгүүлсэн юм бэ, дэлхийд монголчуудыг ямар өнцгөөс яаж харуулсан бэ гэдгээ бодох хэрэгтэй болно. Эсвэл энэ улс үндэстнийг аль талаас нь яаж бичиж, хэрхэн таниулах вэ гэдгээ харах учиртай. Ийм л бодлын үүднээс өгүүллэгүүдээ сонгосон. Уншигчид маань санал бодлоо хэлэх биз ээ.
-Тэгвэл орчин үеийн дэлхийн уран зохиолын таны таашаадаг тал нь юу вэ?
-Эргээд л нөгөө глобалчлалын тухай ярих хэрэг гарч байна. Глобалчлалын нөлөө зарим талаар таашаалтай хандлагуудыг уран зохиолд бий болгожээ. Жишээ нь, монгол хүн гэдгээ нэлээд сайн ухамсарладаг хэн нэгэн маань Америкт очлоо гэхэд тэдний соёлд шууд уусан алдрахаас илүү сөрж зогсохыг хүснэ. Тэр үед л Монголд байснаас илүү би хэн бэ, миний соёл, миний үндэстэн юу билээ гэдгээ эргэцүүлж, тэрний тухай бичихийг хүсдэг ч юм уу. Орчин цагийн уран зохиолыг яг ажиглах юм бол урсгал чиглэл гэхээс илүүтэй улс үндэстний соёл, соёлын мөргөлдөөн, соёлын нэгдэл, соёлын онцлогуудыг олон талаас нь нээн задалсан бичвэрүүд жин дарна. Тэгэхээр орчин үеийн уран зохиол гэдэг бол соёлын тухай л ойлголт. Тэр нь надад таашаалтай санагддаг. Илүү танин мэдэхүйн ач холбогдолтой.
ЭХ ОРОН ГЭДЭГ БОЛ ЧИНИЙ "ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ"
-Хүмүүс үндсэрхэг үзэл гэж их ярьдаг. Сүүлийн үеийн залуучууд үндэстэн, эх орны талаар ойлголтгүй болчихсон юм шиг ажиглагдаад байгаа. Таны хувьд эх орон, улс үндэстэн гэж юу вэ?
-Зарим хүмүүс монгол юу юм гээд өөр улсын хилээр давхиад ороход “Welcome” гээд л угтаж авах юм шиг ярьдаг. Гэтэл яг бодит байдал дээр бол өөдөөс чинь “Чи хэн юм бэ? Хаанаас ирэв?” л гэж асууна. Араас чинь түшиж, тулах эх оронгүй, ядаж л төрийн чинь сүлдтэй гадаад паспорт, иргэний үнэмлэхгүй бол чи хаана ч очсон ядаж цагаач ч биш, дүрвэгч ч биш. Иргэншил хайн хийлдэг завин дээр хэдэн зуугаараа сууж яваад усанд үйж үхсэн ч хэн ч тоохгүй тийм харгис ертөнц биднийг хүрээлээд байж байна. Өнгөн дээрээ их л гоё гоё зүйл ярьж байгаа боловч яг үнэндээ орчин үеийн дэлхий ийм хэрцгий шүү дээ. Чамайг ийм сэхүүн, дэврүүн, өөртөө итгэлтэй алхахад хамгийн том хөшүүрэг болж байгаа зүйл бол чиний улс үндэстэн, тусгаар тогтнол, иргэний үнэмлэх, гадаад паспорт. Үүнгүйгээр бид хэн болох вэ? Магадгүй цагаачлал, иргэншил олоод авах цөөхөн хэсэг бий байх. Гэхдээ нийтлэг хандлага ийм л юм. Тэгэхээр чинь би гэж хувь хүн энэ улс үндэстэнгүйгээр хэн юм бэ, энэ орчин үеийн иргэншиж даяаршсан, ноёлогч орнуудын соёлын давалгаанд хучигдсан ертөнцөд Монгол хүн байхын, Монгол үндэстэн байхын утга учир юу юм бэ гэж бодож эхлэнэ ээ дээ. Бид нар л энэ утга учрыг үгүй хийчих юм бол хэн ч үгүйлэхгүй, харин ч замхруулах сонирхол их. Тэгэхээр “Би тэнгэрлиг монгол” гэж цээжээ дэлдэж, эд юу юм, тэд хэн юм гэж архирахаас илүүтэй даруухан суугаад нухацтай бодох хэрэгтэй.
-“Дур булаам” номтой зэрэгцэн “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” ном гарсан. Япон залуухан эмэгтэй зохиолчийн тус зохиолыг яагаад сонгож орчуулах болсон юм бэ?
-Энэ номын зохиолч Саяака Мурататай би АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын зохиолчдын хөтөлбөрт байхдаа биечлэн танилцаж байсан. Өөрөөс нь орчуулах эрхээ албан ёсоор аваад, ихэд олзуурхаж эх орондоо ирсэн. Номыг Б.Дэлгэрмаа англи хэлнээс орчуулан манайх эрхлэн гаргаад байна. Японд өдгөө Харүки Мураками зэрэг зохиолчдыг давж, маш залуухан эмэгтэй зохиолч шуугиан тарьж гарч ирсэн нь Саяака Мурата юм. “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” Японд хэвлэгдсэн даруйдаа 650 мянга гаруй хувь борлогдсон. Ноднин англи хэлнээ орчуулагдан, олон улсад гарч, уран зохиолын олон том сэтгүүлүүд англи хэлнээ орчуулагдсан хамгийн шилдэг зохиолын нэг гэж тодотгож байлаа.
Япон улс бол асар өндөр хөгжчихсөн, жижиг газарт нутагт олуулаа чигжиж, шигүү амьдардаг ард түмэн. Японы нийгэм хүнээс сахилга бат, өндөр хариуцлага шаарддаг. Жаахан л хазгай үйлдэл гаргасан нэгнийгээ тойргоосоо түлхээд гаргачихдаг, хувь хүнийг янз бүрийн хэмжүүрээр шахдаг, нийгэмд үйлчлэх эрэг шураг болгож хувиргадаг, ийм нийгмийг сөрдөг хүмүүс нь зохиолчид байдаг. Япон зохиолчид маш эрс тэс, хүний санаанд оромгүй зүйлсийг бичдэг нь тэгж бичих хэрэгцээ, шаардлага асар өндөр байгаагийн илрэл. Эл зохиол яг л тэр хачин чигжүү иргэншил, капитализм, хувь хүний онцлогийг үл хайхрах нийгмийн тогтолцоо, уламжлалт ёс суртахууны хүлээс зэргийг өөрийнхөөрөө сөрж байгаа жирийн нэг охины тухай өгүүлдэг. Эдэл, хэрэглэ, дараагийнх нь худалдаж ав, тэр хэрэглээнийхээ төлөө зүтгэ, тэгээд хэрэглэ гэж хүнийг зогсоо чөлөөгүй талхидаг капитализмын бараан талыг егөөдсөн зохиол гэж барууныхан тус зохиолыг дүгнэж байна. Басхүү монгол уншигчдын хувьд дэлхийн нэн шинэ үеийн зохиолчид юуг, яаж бичиж байгааг, хүн төрөлхтний уран зохиолд ямар сэдвүүд ноёлоод байгааг, хүн төрөлхтөнд тулгараад буй шинэ ойлголтууд, шинэ асуудлуудыг олж харах ач холбогдолтой юм.
-“Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” зохиол энэ цаг хугацаанд яагаад Японы уран зохиолыг бут цохисон юм бол. Та зохиолчоос нь энэ тухай асууж үзэв үү?
-Өөртөө үйлчлэх, 24 цагийн дэлгүүрүүд зүүн азын орнууд, тэр дундаа Японд маш их дэлгэрсэн, амьдралынх нь нэг хэсэг болчихсон байдаг юм байна. Саяака Мурата өөрөө уг зохиолоо бичихээс өмнө тийм 24 цагийн дэлгүүрийн худалдагч байж. Тэгэхээр тухайн дэлгүүрийн уур амьсгал, тэнд яг юу өрнөдөг талаар бүгдийг нь маш сайн мэддэг хэрэг. Өөрийн мэддэг зүйлээ л яг байгаагаар нь бичээд тавьчихаар япон хүмүүс уншихад их ойлгомжтой санагдсан байх. Бид өдөр тутамдаа л дэлгүүрээр орж гардаг, цаана нь хоёр гурван худалдагч зогсож л байдаг. Тэр лангууны ард зогсож байгаа худалдагч чинь ийм сонин ертөнцтэй хувь хүмүүс юм байна шүү, зүгээр л нэг худалдагч, дэлгүүрийн эд эс биш юм байна гэдгийг олж хараад, тэр худалдагчаар дамжуулж нийгмийн олон салбарт ажиллаж байгаа бусад хүмүүсийг ч ойлгож, гайхаж, нэг нэгэндээ их сониуч хандаж эхлэсэн хэрэг. Энэ нь ч Японд эл зохиол алдартай болох шалтгаан болсон байх.
-“Тагтаа” хэвлэлийн газраас гарч байгаа ихэнх номууд хамгийн түрүүнд уншигчдаасаа илүү эхлэн бичигч нарт хэрэгтэй гэдгийг харж номоо сонгодог гэж та ярьдаг. Одоо харин уншигчдын тухай таны үзэл бодлыг сонсох нь сонирхолтой байна. Өнөөгийн монгол уншичгдын талаарх үзэл бодлоо хуваалцахгүй юу?
-Уншигч юу унших, юуг таашаах эсэхийг бид шийдэхгүй. Яахав нөлөөлөх гэж оролдож болно. Тэр таашаалыг нь шүүх бас хэцүү, ёс суртахуунгүй хэрэг. Харин нийтлэг уншигчдын байр байдлыгэнд тэндхийн номын хэлэлцүүлэг, уулзалтаас харж байхад уран зохиол гэдгийг ямар нэг сонирхолтой үйл явдал гэж ойлгоод байдаг юм шиг санагдсан. Эхлээд, өрнөөд, төгсдөгжигтэй сонин үйл явдал л гэж ойлгох нь түгээмэл. Тиймдээ ч номоос ердөө сонирхолтой үйл явдал унших л хүлээлттэй, хүсэлтэй байгаад байна. Саяхан бид Итало Кальвиногийн “Үл үзэгдэх хотууд” номыг орчуулан гаргалаа. Дэлхийн уран зохиолын шидээвэр мөртлөө ямар ч үйл явдалгүй тус зохиолыг ойлгохгүй, гайхсан, уран зохиол мөн юм уу гэж асуусан хандлагууд цухас ажиглагдсан. Хэдий үйл явдалгүй ч гэсэн үг өгүүлбэр бүрт нь зохиолчийн болон дүрийн философийн үзэл санаанууд, уран төсөөллүүд явж байгаа юм. Тэр л охь санаануудыг шүүрдэж авах, санаан дээр эргэцүүлдэг байх нь нийтлэг уншигчдын хувьд жаахан дутмаг байна. Зохиолчид гоё, сонин хачин үйл явдал хүүрнэхээс илүүтэй тэр үйл явдал, дүрээр дамжуулан санаа нь хамгийн чухал. Санаан дээр төвлөрөөд өөрөө бясалгаж сурах, цаашлаад зохиолчтой маргаж сурах нь номоор дамжуулж уншигч боловсорч байгаагийн шинж. Бид хувьдаа уншигчдад тийм л өсөлт гаргаасай гэсэн зохиолуудыг хэвлэж, орчуулж гаргахыг зорьдог.
-Зохиолч Умберто Экогийн “Сарнайн нэр” роман хэзээ хэвлэгдэх гэж байгаа вэ?
-“Сарнайн нэр” романаа хурдхан гаргаад, энэ олон номын хямдралын үеэр уншигчдадаа хүргэчихье гэж их яарч байсан л даа. Гэхдээ Монгол хэлтний уран зохиолд дэлхийн уран зохиолын нэгэн том оргил орж ирж байгаа нь нэг талаар үзэгдэл болохуйц, тэмдэглүүштэй үйл явдал юм. Тиймээс арай онцгой байдлаар гаргах нь зүйтэй гэж шийдсэн. Бид “Сарнайн нэр” романыг тусад нь танилцуулах болно. Гэхдээ тун удахгүй хэвлэгдээд гарчих байх.
-“Тагтаа”-гийн сүүлийн шинэ номууд бүгд л “эх оронч” утга агуулгатай байх шиг байна?
-Тийм шүү. Цаашлаад бид монголчуудын тухай өгүүлэх хүн төрөлхтний сор болсон зохиолуудыг уншигчдадаа танилцуулах зорилготой байгаа. Манай дараагийн орчуулгын бүтээл бас л эх оронч тууж байна. Чехийн зохиолч Бохумил Храбалын “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” ном удахгүй хэвлэлтээс гарна. Милан Кундера Чехийн хамгийн алдартай зохиолч гэхэд Бохумил Храбал бол Милан Кундерагийн шүтдэг зохиолч гэдэг. “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” бол Бохумил Храбалын олон улсад түгсэн хамгийн алдартай зохиол. Улс үндэстэн ямар ч гарах гарцгүй эмгэнэлт хувь тавиланд өөрийн эрхгүй уналаа гэхэд улс орныхоо, хүн зоныхоо туулж байгаа хувь заяаг ямар хоржоонтой, гашуун егөөтэй бичиж чадсаныг энэ номоос ажиглаж болох юм.