#1 Д.ЦОГТБААТАР: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙГООР ШААРДЛАГАТАЙ БОЛ МАНАЙХНЫГ БҮГДИЙГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.
-Монгол Улсаас Турк улсад суугаа Консулын газрын хоёр ажилтан 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэргээр Герман улсад саатуулагдаад байна. Энэ хоёр хүнээс гадна Монгол Улсын дипломат албаны нэр хүндийн асуудал яригдаж байна. Хар тамхи болон хууль бус наймаа эрхэлсэн дипломатуудаас болж тэдэнд итгэх итгэл, итгэлцэл гэдэг зүйл алга боллоо. Энэ итгэлцлийг яаж эргүүлэн олох вэ. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Энэ асуудлыг хүмүүс цочирдон хүлээн авч, жигшиж байна. Тэгж хүлээж авсан нь тэдний буруу биш. Нэгэнт өндрөө авсан ийм асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Холбогдох байгууллагууд нь энэ бүгдийг шалгаж байна. Ийм нөхцөлд онцгой шинэ арга хэмжээ авах тухай асуудлуудыг бид аль хэдийнээ яриад эхэлсэн. Хар тамхи тээвэрлэсэн асуудал нь олон улсын шинж чанартай, зохион байгуулалттай тул Монгол Улс дангаараа шийдэхэд маш хэцүү. Тиймээс бусад орнуудтай харилцаж, нөхцөл байдлыг ойлгуулан тэднээс ч гэсэн дэмжлэг авах учиртай юм. Итгэлийг эргүүлэн олж авахын тулд бид хийж болох бүхий л арга хэмжээг авах ёстой. Итгэлцэл байна уу гэж асуусан таны асуудал маш зөв. Өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд ийм нөхцөл байдал үүссэн талаарх албан тоотыг холбогдох байгууллагууд руу нь явуулсан. 2018 оны эцсээр мансууруулах бодис зөөсөн асуудал гарсан даа. Тиймээс бид энэ асуудалд онцгой анхаарч ажиллахгүй бол болохгүй гээд Европод байгаа өөрийн улсын Элчин сайдын яамд руу чиглэсэн тусгай үйл ажиллагаа явуулъя гэдэг саналыг тавьсан. Бидний тавьсан саналын хүрээнд аль хэдийнээ ажиллаад эхэлсэн байсан. Холбогдох байгууллагууд маань өөрсдийн шугамаар мэдээлэл авч, бидний саналыг бас дэмжсэн гэсэн үг юм. 2018 оны 12 дугаар сард би Зүүн Европын хоёр оронд айлчлах байсан ч дотоод улс төрийн нөхцөл байдлаас болж хойшлогдож байлаа. Уг нь энэ асуудлыг ярилцахаар төлөвлөж байсан юм. Сая айлчлалаар явахдаа Гадаад хэргийн сайдтай нь уулзаад хар тамхины асуудлыг хөндөн “Бидэнд тусламж хэрэгтэй байна. Хамтарч ажиллах шаардлага бий” гэдгийг хэлсэн. Бидний тавьсан асуудлыг тэд хүлээж авсан. Учир нь хил дамнасан бүлэглэлүүдийн хар тамхины асуудал тэднийд ч гэсэн хүндрэл учруулж байгаа. Зүүн Европын орнуудтай дипломат сувгаар хамтран ажиллах асуудал яригдаад явж байсан юм аа. Энэ асуудалтай холбоотойгоор надад хэлэх өөр олон тодорхой зүйл бий.
#2 ДУУЛИАНТ ХЭРГҮҮД ШҮҮХИЙН ӨМНӨ ОЧЛОО
Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Эл ажлын хэсгээс олны анхаарал татсан авлигын дуулиант хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ. 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулж, цагдан хорьсон. Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгасан билээ. Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Одоогоор Д.Эрдэнэбилэгийг хорьж, бусдад нь буюу О.Орхон, Ц.Пүрэвтүшин, Б.Мөнхбаатар нарт хилийн хориг тавин, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглоод байгаа юм.
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг цагдан хорих эсэх асуудлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд өнгөрөгч тавдугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж, түүнийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байдаг. Яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг өнөөдөр /2019.06.11/ хүлээн авч хянаад, уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
#3 Х.БАТТУЛГА ГЭРТ, БУСАД ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙШИНД БАЙРЛАНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 13-14-ний өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцох гэж байгаа билээ. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил үндсэндээ дуусжээ. Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Турдуназир Бекбоев сэтгүүлчдэд дээд хэмжээний уулзалтын бэлтгэл, гадаадын төр засгийн тэргүүд хаана байрлах талаар мэдээлэл өглөө. Төрийн захиргааны “Ала-Арча” ордны засвар, барилгын ажил 2018 онд эхэлж, энэ оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын өмнө ашиглалтад орсон гэнэ. ШХАБ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн тул хоёр талын уулзалтууд болох өрөө тасалгааны тоог нэмжээ. Гадаа талбайд гэр зассан бөгөөд гэрт зоог барьж, киргиз түмний аж амьдралтай танилцах боломжтой. Гадаад дотоодын 500 гаруй сэтгүүлч хүрэлцэн ирэх тул тэдэнд зориулан, Конгресс холлын “Энесай” танхимыг бэлтгэсэн байна.
#4 ЗӨВХӨН МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮД БУС АРЬС, ШИР, ӨЛӨН, НООС НООЛУУРЫН САЛБАР ДАМПУУРАХАД ХҮРНЭ ГЭВ
Өнгөрсөн оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд махны үнийн өсөлт иргэдийн хувьд шүдний өвчин мэт л тулгамдсан асуудал хэвээрээ байна. Малтай монголчуудын уламжлалт хийгээд үндсэн хүнс мах тул энэ салбарт чөлөөт зах зээлийн хуулиас гадна төрийн зүгээс том зургаар харсан бодлого үгүйлэгдэж буйг хэлэгсэд бий. Тэгвэл мал, махны салбарт тулгамдсан олон асуудлыг улам бүр өрдөж мэдэх Засгийн газрын 318 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, малыг амьдаар нь экспортод гаргах чиглэлд төрийн байгууллагууд анхаарал хандуулж, ажиллаж эхэлснийг эсэргүүцэж буйгаа Монголын махны холбоо болоод бусад мэргэжлийн холбоодын зүгээс мэдэгдлээ. Уг нь Замын-Үүдээр мал амьдаар нь гаргахгүй гэсэн шийдвэр 2016 оны арваннэгдүгээр сард гарч байсан. Гэвч өчигдрөө үгүйсгэсэн шийдвэр засгаас гарсныг эргэн сануулахад, Малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлох тухай 318 дугаар тогтоолыг 2017 онд гаргасан юм. Энэ нь тухайн үедээ багагүй хэл ам дагуулж байсан. Тэгвэл өдгөө иргэдийн нуруун дээр бууж буй махны үнийн дарамтыг багасгах чиглэлд бодлогоо чиглүүлэх ёстой төрийн зүгээс амьд мал хилээр гаргах асуудлыг дахин сөхөж буй нь мах үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн аль алинд сөрөг нөлөөллүүдийг дагуулна гэж мэргэжлийн холбоодын зүгээс байр сууриа илэрхийлэв.
#5 ТОКАЕВ: НАЗАРБАЕВЫН ХИЙЖ БҮТЭЭСНИЙГ ХАДГАЛНА
Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялах нь тодорхой болоод байна. Тэрбээр өчигдрийн байдлаар урьдчилсан дүнгээр сонгогчдын 70.76 хувийн саналаар тэргүүллээ. Токаев бусад зургаан нэр дэвшигчээ ардаа хол орхив. Түүний ард Амиржан Косанов 15.5 хувийн саналтайгаар хоёрт явж байгаа бол гуравт цорын ганц эмэгтэй нэр дэвшигч Дания Еспаева 5.32 хувийн саналтайгаар явж буй. Үлдсэн нэр дэвшигчид нь 4 хувиас их санал авч чадаагүй юм. 66 настай Касым-Жомарт Токаев нь Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын тэргүүлдэг Нур Отан намаас нэр дэвшсэн билээ. Казахстаны Ерөнхийлөгч нь таван жилийн хугацаатайгаар сонгогддог. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын комиссын даргын мэдээлснээр сонгуулийн үеэр ноцтой зөрчил гараагүй байна. Мөн албаныхны мэдэгдсэнээр сонгуулийн өмнөх кампанит ажил соёлтой явагджээ. “Энэ нь Казахстанд улс төрийн соёл маш өссөнийг харууллаа” гэсэн байна. Сонгуулийг гадаад, дотоодын нийт 300 гаруй ажиглагч ажиглажээ.
Токаев ард түмэндээ хандан түүнд итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлжээ. Тэрбээр “Миний үүрэг бол анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хийж бүтээснийг хадгалж, шинэчлэлийн замаар урагшлах юм” гэсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг Сонгуулийн төв хороо энэ сарын 16-наас өмнө зарлана. Нурсултан Назарбаевын залгамжлагч, итгэлт хүн нь болох Касым-Жомарт Токаев нь Назарбаев өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласнаар Казахстаныг түр удирдах болсон. 79 настай Назарбаевын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2020 оны дөрөвдүгээр сард дуусах байсан ч тэрбээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )