#1 ЭЕШ-ЫН ДҮНГ ШУУД ЗАСЧ, СУРАГЧДЫН ЭРГЭЛЗЭЭГ АРИЛГАВ
Их, дээд сургуульд элсэгчдээс авах Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2019.06.17/ 09:00 цагаас орон даяар Монгол Улсын Түүхий хичээлээр нэгэн зэрэг эхэллээ. Боловсролын үнэлгээний төв Монгол Улсын боловсролын салбарын 100 жилийн түүхэнд анх удаа ЭЕШ-д шууд засалтын шилэн технологийг нэвтрүүллээ. Олон улсад нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн энэ технологийг Монголд анх удаа улс даяар нэвтрүүлснээр жил бүрийн хавар ЭЕШ-тай холбоотой гардаг маргаан, эргэлзээ байхгүй болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Уг технологийг нэвтрүүлснээр орон даяар зохион байгуулагдаж буй ЭЕШ-ын дүнг нэг цагийн дотор шалгуулагчдын нүдэн дээр шалгагч машин оноо дүнг ганцхан цагийн дотор дүгнэж, нэгэн зэрэг мэдээллэх боломж бүрдэж байгаа юм. Манай сурвалжлах бага БСШУЯ-ны харьяа лаборатори 23 дугаар сургууль дээр очиж сурвалжиллаа. Тус сургууль дээр 100 гаруй хүүхэд Монголын түүхийн хичээлээр шалгалтаа өгчээ. Элсэгчдийн шалгалтын материалыг битүүмжилж, тусгай бэлдсэн өрөөнд шилэн технологи ашиглан шалгалтын дүнг шууд уншуулан гаргалаа.
#2 “ХУРИМЫН ГЕНЕРАЛ”
УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт /Хэнтий аймаг/ болох нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болоод байв. Гэвч тус тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэл эцэслэх өдөр Үндсэн хуулийн Цэцийн холбогдох шийдвэр гарснаар уг сонгууль больсон. Үндсэн хуулийн уг дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр \2019.06.13\ хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Ингэснээр 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хэрхэх нь тодорхойгүй болов. Уг сонгуульд өрсөлдөхөө ил тод зарлаад байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр хэмээх улстөрчийг тойрон өрнөсөн сүүлийн хэдэн жилийн үйл явдлыг түшиглэн түүний хөргийг товчхон татлахыг оролдъё. Төрийн эрх мэдэл 2016 оны ээлжит сонгуулиар МАН-д шилжсэний дараа төрийн төмөр нударга юун түрүүнд Н.Энхбаяртай нэг мөр хатуу тооцоо бодох гэж байгааг сануулсан үйл явдлууд өрнөж байсныг өдгөө бид мартжээ. Эрх мэдэлгүй, бүр эрх чөлөөгүй шахам 2012-2016 оныг үдсэн Н.Энхбаярт АТГ-аас шинэ хавтаст хэрэг үүсгэн хүчээр шахам байцаалт авахаар хөөцөлдөж байсныг хуучирсан мэдээнүүдээс харж болно доо. Чухамдаа шүдгүй арслангийн завьжнаас хоолны үлдэгдлээс өөр юу олох гэж тэгнэ вэ хэмээн асуумаар үйл явдлууд ар араасаа өнхөрч байсан нь учиртай ч байж уу? Тэр өнөөг хүртэл улс төрөөс яваагүйгээр барахгүй парламентад эргэн орж ирэхээр зэхэж байна.
#3 УУЛ УУРХАЙН ТОЙМ: ДОХИО ДУУГАРСАН ДОЛОО ХОНОГ
Үйлдвэрлэл өсөж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ мөнгө ихээр шаарддаг энэ салбарт хөрөнгө оруулалт буурах нь маш муу зүйл. Яг одоогоор уул уурхайн салбарын үйлдвэрлэл өссөн ч чадуухан хөрөнгө оруулалт чадуухан л байна. Нэг өгүүлбэрээр томъёолбол “Дамбын үнээ сүү сайтай ч өвс нь дуусах дөхөв” гэдэгтэй агаар нэгэн. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний таван сард урьдчилсан гүйцэтгэлээр 6.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 942.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Ингэж өсөх болсон нь нүүрс олборлолт 620 тэрбум төгрөг болж өссөн нь, металлын хүдрийн олборлолт 116.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлжээ. Зэсийн болон цайрын баяжмал, хайлуур жонш, молибдений баяжмал ч өссөн сайн мэдээтэй байна.
Үйлдвэрлэл өсөж байгаа сайн мэдээг хангалттай дарж болох таагүй мэдээ байгаа нь салбарын хөрөнгө оруулалт буурч буй явдал. Монгол Улсын уул уурхайн салбарт энэ оны эхний улирлын байдлаар 443 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлт аж. Эхний улирлын үзүүлэлтээс харвал уул уурхайн хөрөнгө оруулалтын 68 хувийг Канад улс дангаараа эзэлжээ. Канадын хувьд “Оюу Толгой”-н хамгийн том хөрөнгө оруулагч юм. Канадын хөгжлийн агентлаг 1.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” төсөлд оруулаад байна. Энэ онд “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орох төлөвтэй байгаа юм. Эрхэм уншигч та үүнээс нэг зүйлийг тогтож харах ёстой. Уул уурхайн салбарын нийт хөрөнгө оруулалтын 75-аас илүү хувийг зөвхөн “Оюутолгой” төсөлд оруулж буй хөрөнгө оруулалт эзэлж буй. Муу нэртэй луу данстай энэ төсөл яг одоо Монгол Улсын эдийн засаг болсон гэдгийг одоо нэгэнт ойлгох цаг нь болсон.
#4 Ш.ОРГИЛ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЙЛ БҮР НЬ АЖИЛСАГ, ӨРХ БҮР НЬ ҮЙЛДВЭРЛЭГЧ
Монголчууд атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч онд Газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор зарлаж, энэ салбарыг төрийн бодлогоор хөгжүүлэхээр эрчимтэй ажиллаж эхлээд буй. Тэгвэл газар тариалангийн гол бүс нутагт Сэлэнгэ аймаг зүй ёсоор тооцогддог. Тиймээс энэ онд тохиож буй “Атар 60” ой болон тус аймагт хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой дэлгэрэнгүй ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу. Сэлэнгэ нутгийн 2018-2019 оны өвөл, хаврын төлөв байдлын талаар ярилцлагаа эхлүүлэх үү?
-Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөтэй сайхан өвөл болж хаврын сартай золгоод байна. Нийт нутгаар өмнөх жилүүдээ бодвол цас багатай өвөл боллоо. Одоо хавартаа бага ч болов чийг унаж цас орвол тариалангийн бүс нутгийн хувьд энэ жилийн ургацад нэмэртэй нь мэдээж. Ихэнх нутгаар хур тунадас бага байгаа болохоор хаврын хуурайшилт, болзошгүй гал түймрээс сэргийлэхэд онцгойлон анхаарч байна.
-Сэлэнгэ аймаг 2018 оны ажлаа дүгнэж, 2019 оныхоо бодлого зорилтоо тодорхойлсон. Аймгийн удирдлагын зүгээс энэ онд ямар ямар үйл ажиллагаа, бүтээн байгуулалт төлөвлөөд байна вэ?
-Бид 2018 оныг аймгийнхаа хэмжээнд “Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх жил” болгон зорилт дэвшүүлж ажилласан. Учир нь улс, аймаг, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн байгууллагуудын хөрөнгөөр жил бүр ганцхан манай аймагт төдийгүй улсын хэмжээнд бүтээн байгуулалтын олон ажил хийгддэг. Тэр бүтээн байгуулалтын ажлуудыг зураг, төсвийн дагуу чанартай, үр өгөөжтэй хийлгэхэд аймаг, орон нутгийн зүгээс онцгой анхаарах ёстой юм байна гэж би хувьдаа бодож явдаг. Тендер аваад гүйцэтгэлээ хангалтгүй, чанаргүй хийж байгаа компаниуд бий. Тиймээс аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд тухайн ажлыг хариуцсан агентлагууд, мөн сумын удирдлагуудад аймаг, сумандаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд тавих хяналтаа сайжруул, нөгөөтэйгүүр тендерт шалгарсан компаниудад хэдийгээр ашгийн төлөө ажиллаж байгаа ч алс ирээдүй, аж ахуйн нэгжээ бодож барилгынхаа чанарт анхаар гэсэн чиглэлийг өгч ажиллаж байна.
#5 NBA-ГИЙН ХАМГИЙН НУУЦЛАГ СУПЕР ОД КАВАЙ ЛЕОНАРД
Тэр хувийн амьдралаа сэтгүүлчдээс нууцалдаг, илэн далангүй ярилцлага өгөөд байдаггүй. Тэр дэлхийн сагсан бөмбөг тоглодог хүн болгоны мөрөөддөг оргил дээр тун саяхан гарсан. Харин одоо Кавай NBA-гийн аварга болсон багаасаа явах гэж байна. Өнгөрсөн зун Кавай Леонард баларсан мэт л санагдаж байлаа. Жинхэнэ супер од болон өссөн “Сан-Антонио” багаасаа Канадын “Торонто”-д шилжлээ. “Торонто” хэзээ ч том амжилт гаргаж байгаагүй бөгөөд Леброн Жеймсийн багт байнга хожигдсоор “Лебронто” гэдэг хочтой болоод байлаа. Төрөлх Лос-Анжелес хотынхоо багт тоглохыг хүсдэг гэх Леонардын хувьд лигийн хамгийн хойд зүгийн багт “цөлөгдсөн” нь нэг ёсны доромжлол мэт хүмүүст санагдаж байсан юм.
Гэмтэлтэй байхад нь хөлөө хэт “хайрлаж, гамнаад байна” гэж ад үзсэн “Сан-Антонио” багаа тэр алдсан. Хамтдаа лигийн аварга болж, шилдэг хамгаалагч, финалын шилдэг тоглогч болгосон дасгалжуулагчаа тэр орхисон. Пүүзийг нь өмсөн, сурталчилж байсан Майкл Жорданы компани түүнээс нүүрээ буруулсан. Энэ бүх явдлыг Кавай хэзээ ч хэвлэл мэдээллээр ярьж, тодруулга хийгээгүй. Тэр чимээгүй л байсан.
Сэтгэгдэл ( 0 )