Уул уурхайн салбарт саар, сайн нь хосолсон долоо хоног өнгөрлөө. Рио Тинто компанийн хувьцааны зэрэглэлийг санхүүгийн хоёр ч том компани буулгав. Монгол Улсын уул уурхайн салбарын голлох түүхий эдийн нэг зэсийн ханш хоёр дахь долоо хоногтоо дараалж буурлаа. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл өссөн ч салбарт орж ирэх гаднын хөрөнгө оруулалт хэд дахин буурав. Монгол Улсын эдийн засгийн 70-аас илүү хувийг бүрдүүлдэг атлаа улстөржих сэдэв, попрох шалтаг болсоор өдийг хүрсэн уул уурхайн салбар өнгөрсөн долоо хоногт ямар “цаг ууртай” байсныг хамтдаа сонирхоё.
ҮЙЛДВЭРЛЭЛ ӨССӨН Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРАВ
Үйлдвэрлэл өсөж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ мөнгө ихээр шаарддаг энэ салбарт хөрөнгө оруулалт буурах нь маш муу зүйл. Яг одоогоор уул уурхайн салбарын үйлдвэрлэл өссөн ч чадуухан хөрөнгө оруулалт чадуухан л байна. Нэг өгүүлбэрээр томъёолбол “Дамбын үнээ сүү сайтай ч өвс нь дуусах дөхөв” гэдэгтэй агаар нэгэн. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний таван сард урьдчилсан гүйцэтгэлээр 6.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 942.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Ингэж өсөх болсон нь нүүрс олборлолт 620 тэрбум төгрөг болж өссөн нь, металлын хүдрийн олборлолт 116.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлжээ. Зэсийн болон цайрын баяжмал, хайлуур жонш, молибдений баяжмал ч өссөн сайн мэдээтэй байна.
Үйлдвэрлэл өсөж байгаа сайн мэдээг хангалттай дарж болох таагүй мэдээ байгаа нь салбарын хөрөнгө оруулалт буурч буй явдал. Монгол Улсын уул уурхайн салбарт энэ оны эхний улирлын байдлаар 443 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлт аж. Эхний улирлын үзүүлэлтээс харвал уул уурхайн хөрөнгө оруулалтын 68 хувийг Канад улс дангаараа эзэлжээ. Канадын хувьд “Оюу Толгой”-н хамгийн том хөрөнгө оруулагч юм. Канадын хөгжлийн агентлаг 1.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” төсөлд оруулаад байна. Энэ онд “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орох төлөвтэй байгаа юм. Эрхэм уншигч та үүнээс нэг зүйлийг тогтож харах ёстой. Уул уурхайн салбарын нийт хөрөнгө оруулалтын 75-аас илүү хувийг зөвхөн “Оюутолгой” төсөлд оруулж буй хөрөнгө оруулалт эзэлж буй. Муу нэртэй луу данстай энэ төсөл яг одоо Монгол Улсын эдийн засаг болсон гэдгийг одоо нэгэнт ойлгох цаг нь болсон.
Он гарснаас хойш эхний дөрвөн улиралд уул уурхайн бүс нутгуудад байгаль, цаг уурын болон улс төрийн нөхцөл байдал зэвэргэн байсан нь Монгол Улсын уул уурхайн салбарт ийнхүү нөлөөлсөн нь эхний таван сарын гүйцэтгэлээр хангалттай харагдана. Их гүрнүүдийн хооронд өрнөж байгаа элдэв таагүй маргаан нь дотооддоо хэрүүлтэй байгаа Монгол Улсад томоохон цохилт болно гэдэг банк, санхүүгийн байгууллагууд ч, олон улсын байгууллагууд ч хангалттай онцолж буй.
ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ХУВЬЦААНЫ АНГИЛАЛ НЭГ ШАТ УХАРЛАА
Английн “Barclays”, Америкийн JP Morgan дуу нэгтэй Рио Тинтогийн хувьцааны ангиллыг нэг шат ухраав. Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч нэг хоногийн дотор хамгийн бага хувьцааны ангилалттай болчихлоо. Хөрөнгө оруулагчдын дундах хагарал нэг шат ухрахад хамгийн том нөлөөлсөн хүчин зүйл нь гэж томъёолж болох талтай. Жижиг, буурай улс орнуудад хэрэгжүүлж буй бүх төсөл хөтөлбөр нь маапаантай байгааг ч энд мөн дурдах нь зүй. Намиб, Мозамбикийн уурхайн төслүүдтэй үүсгэсэн маргаан, Африкийн Лигээс гаргасан дүгнэлтээр Рио Тинтог аудитын шалгалт оруулах ёстой гэж үзэж байсан гурван жилийн өмнөхийг санасан ч хувьцааны ангиллыг бууруулах нь цаг хугацааны л асуудал байсан. Жижиг орнуудын мега төслүүдэд хөрөнгө оруулагчид Рио Тинтогоос нэг л зүйлийг хүсэж буй нь мэдээллийн эрх тэгш нээлттэй байдал. Хэрэгжүүлж байгаа төслийн зардал анх төлөвлөж байснаасаа нэмэгдэж байгааг эрх тэгш” шалтгаантайгаар тайлбарлахыг л тэд хүсэж байгаа. Хамгийн гол нь сүүлийн 30 гаруй жилийн туршид хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн хяналт сул байгаа нь үүсээд буй маргааны үндсийг тавьж буй гэдгийг томоохон хоёр байгууллагын гаргасан шийдвэр харуулав.
Жижиг орнуудад Рио Тинтогийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн бараг тал хувь нь далд уурхайн бүтээн байгуулалтаа хүлээж буй. Зарим нь 20 жил, зарим нь таван жил хүлээж буй гэх. Мөн дээрээс нь төсөл хэрэгжүүлэх зардал, шаардлагатай хөрөнгө оруулалт 4-5 дахин өсөж байгааг санхүүгийн тайлангаас бэлхнээ харж болно.
АВСТРАЛИЙН ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН “ОЮУТОЛГОЙ”-Н ХЭРҮҮЛЭЭ ХОЛ БАЙЛГАХЫГ САНУУЛАВ
Өнөөх л “Оюутолгой”. Австралийн хууль хүчнийхэн “Оюутолгой”-н шалгалтад оролцох, хамтран ажиллах боломжгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. . “Оюутолгой” төсөлтэй холбогдох хэргийг Швейцар, Монголын байгууллагууд мөрдөн шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа нь 2009 онд байгуулсан “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээн дээр төвлөрч буй аж. Голлох хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанийн мэдээллээр Монголын Авлигатай тэмцэх газар “Оюу Толгой” ХХК-иас мэдээлэл авах хүсэлтээ хүргүүлжээ. Түүнчлэн УИХ-аас гаргасан ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдалд УИХ-ын зарим гишүүд дипломат албаараа дамжуулан Австралийн хуулийн байгууллагаас зөвлөгөө авах тухай ярьж байсан нь ийнхүү бүтэхгүй шинжтэй болж хувирав.
Өнгөрсөн онд “Оюу Толгой”-н гэрээг байгуулахад оролцсон Сангийн сайд асан С.Баярцогтын 9.2 сая ам.доллартой холбогдох хэргийг шалгаж буй талаар Швейцарын Холбооны прокурорын газраас мэдэгдэхэд Авлигатай тэмцэх газар ч хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэж байсан билээ.
ХАНШИЙН ХЭЛБЭЛЗЭЛ ХААШ НЬ ЧИГЛҮҮЛЭХ ВЭ?
Таван жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэн зэсийн ханшийн уналт шинжээч мэргэжилтнүүдийн санааг бага чилээнэ гэж байв. Гэхдээ энэ бол хоёр долоо хоногийн өмнөх явдал л даа. Унаад байсан ханшийн хэлбэлзэл дахин унаж байгаа нь анхаарал хандуулахаас өөр аргагүйд хүргэв. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн ханш 5769 ам.доллар болж 120 гаруй ам.доллароор уналаа. АНУ худалдааны салбарт жижиг гэгдэх Мексиктэй ч, ойрх дорнодын Ирантай ч, том түрийвч болох тэмүүлэлтэй Хятадтай ч байлдаж байгаа нь түүхий эдийн салбарыг тэр чигт савалгахад хангалттай байжээ.
Зэсийн ханш ойрын таван сардаа хэлбэлзсэн хэвээр байна гэдгийг “Их-20”-ийн уулзалтаар их гүрнүүдийн гаргаж буй хандлага бэлхнээ харуулсан. Монгол Улсын уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын хамгийн том түүхий эд болсон зэсийн ханш унаж байгаатай зэрэгцэн нүүрсний салбар ч ойлгомжгүй нөхцөл байдалтай боллоо. БНХАУ-ын эрчим хүч нийлүүлдэг томоохон зургаан компани БНХАУ-ын Коммунист намын удирдлагуудад дотоодын зах зээлд нийлүүлэх нүүрсний үнийг бууруулах ёстой гэдгийг албан ёсоор хүссэн юм. Томоохон зургаан компанийн дөрөв нь төрийн өмчийнх учраас дотоодын зах зээлд үнээ бууруулах нь ердөө л цаг хугацааны асуудал төдий. БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо салбарын компаниудад хандан 5500 ккал илчлэгтэй нүүрсний үнийг нэг тонныг нь 600 юань буюу 87 ам.доллароос хэтрүүлэхгүй байх саналыг тавиад байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дотоодын зах зээлд нүүрсний үнэ аль хэдий нь буурчихсан аж.
Тэжээн тэтгэгчийн хувьцааны зэрэглэл буурсан нь, зэс, нүүрсний ханш их гүрнүүдийн бодлогын дохиур даган дохигнож буй нь, “Оюутолгой”-н хэрүүл савнаасаа халиад Австрали хүрсэн нь мөчлөг дагасан эдийн засагтай, “босоо заяа”-тай Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?
Сэтгэгдэл ( 1 )
Өч төчнөөн орд эзэмшиж ашигладаг дэлхийн том компани ганц Оюу толгойг эзэмшээгүй байлтай. Гэтэл дан ганц ОТ-с болж хувьцааны ханш нь унаж, зэрэглэл нь буурч байх гэж хахаха...