Биеийг бус сэтгэлийг эмчлэх нь нийгэмд эрүүл, эерэг орчныг бүрдүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Архидалттай гэр  бүлд өссөн хүүхдийн 70-80 хувь нь том болоод яг тийм амьдралыг бүтээдэг. Тиймээс дам архидалтын нөлөөтэй сэтгэл зүйг эмчлэх нь чухал.

Цахим орчин хөгжиж байгаа эрин үед нэг талаараа мэдээллээс хоцрохгүй цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаад байгаа нь зөв юм шиг боловч нөгөө талаараа ямар ч боловсруулалтгүй, шүүлтүүргүй мэдээллээр хүний уураг тархийг дүүргэсээр. Кибер орчинд донтогсдын тоо ихсэх тусам хүний амьд харилцаа үгүй болж бие биенээ хайрлах хүндлэх эрхэм чанар, үнэт зүйл алдагдаж байгаа нь нууц биш. Нийгэмд гарч буй сөрөг зүйлс, жигшүүрт хэрэг, гэмтэл хохирол бүгд л ухамсарт ёс зүйгээ уландаа гишгэсэн хүмүүсийн үйлдлээс шалтгаалсан байдаг нь эмзэглэмээр. Нийгмийн үйл явдлаа дагаад салбар бүрт шинэ нэршил, шинэ мэргэжил урган гарч хөгжил гэдэг өндөр барилга байшин, өргөн зам цогцлоохдоо биш хүний хандлага, оюун санааны ухамсарт төлөвшлийг цогцлоохдоо чухал юм. Эмнэлэг гэхээр бид цагаан халаадтай, цагаан масктай эм тариа барьсан эмч хүнийг төсөөлдөг байсан бол одоо сэтгэл заслын эмч энэ цаг үед хамгийн их эрэлттэй болж байгааг дээрх жишээнээс харж болно. Хүний бие махбодыг эмчлэхээс илүүтэй сэтгэл зүйг эрүүл байлгана гэдэг нийгмийг тэр чигт нь эмчилнэ гэсэн үг.

“Архидалтыг ажилгүй, ядуусын ажил гэдэг байсан бол сүүлийн үед зангиатай архичид ихэслээ. Тэр дунд төрийн албаныхан ч байна, цагдаа ч байна” гэсэн нь сэрдхиймээр.

Сэтгэц, наркологийн эмч “Архидалтыг ажилгүй, ядуусын ажил гэдэг байсан бол сүүлийн үед зангиатай архичид ихэслээ. Тэр дунд төрийн албаныхан ч байна, цагдаа ч байна” гэсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвд ирж буй тусламж үйлчилгээний нэг цэгийн төв нь зорилтот бүлэг буюу хүүхэд эмэгтэйчүүдэд хүрч ажилладаг. Хүчирхийлэлд өртсөн аюулын зэрэг өндөр гэж тогтоогдсон хохирогчдын сэтгэл зүйг үнэлээд сэтгэл зүйн цочролд орсон, архины хамааралтай болсон, айдас хүйдэст автсан гэх мэтээр ангилж, тэднийг сэтгэл заслын кабинет руу шилжүүлдэг байна. Сэтгэл зүйн мэргэжлийн эмч нар судалгаа авах, бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх, шаардлагатай бол 72 цаг аюулгүй орчинд байлгадаг аж. Гэтэл 72 цаг нь өнгөрөөд тэд хаачих вэ? Эргээд л нөгөөх аюултай орчин нь угтана. Тус дүүргийн эмч нар хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүст  ганцаарчлан сэтгэл заслын эмчилгээ хийж эхэлсэн нь асуудлын уг үндсийг тасалсантай адил. “Хүчирхийлэл эрүүл, согтуу аль ч үед гардаг. Тэр тусмаа эрүүл үедээ илүү  үйлдэж байгаа нь гэр бүлийн эрх тэгш биш байдлаас бий болж өөрийнхөө эрхийг давуу харагдуулах гэсэн алхам” гэж Сэтгэц, наркологийн эмч Г.Ариунзул хэлэв. Тус кабинет нь хоёр сарын хугацаанд архины хамааралтай 100 гаруй хүмүүст бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө өгч ажиллажээ. Үүний үр дүнд гурван ч гэр бүл архинаас гарсан сайхан мэдээтэй. Архины хамааралтай гэр бүл давхар хамааралд орсон байдаг. Архидалттай гэр  бүлд өссөн хүүхдийн 70-80 хувь нь том болоод яг л тийм амьдралыг бүтээдэг. Тиймээс дам архидалтын нөлөөтэй сэтгэл зүйг эмчлэх нь чухал. Мөн түүнчлэн архичин хүмүүсийн эргэн тойрны хүмүүс түүнд итгэх итгэл үнэмшилгүй болчихсон байдаг учир архинаас гарах гээд хүсч байгаа тэр сэтгэл зүйг нь хэрхэн ойлгож дэмжих талаар зөвлөгөө өгдөг байна.

Хүчирхийлэлд бие болоод сэтгэл санааны хохирол учруулах, мөн үл хайхрах, хайр халамжаар дутаах зэрэг орно. Сэтгэл заслын төв нь үр хүүхдээ хайрлаж анхаарах, хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргыг эцэг эхчүүдэд заах төдийгүй албан байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсрол, их дээд сургуулиудаар явж архи согтууруулах ундаа, хар тамхины эсрэг сургалт сурталчилгаа явуулдаг аж. Гэр бүл болж байгаа залуу хосууд гэр бүлийн боловсрол болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг харъяа дүүргийнхээ эмнэлэгт очиж авах нээлттэй бөгөөд зөв амьдралын хэмнэлтэй болохын тулд өөрсдөө эрэл хайгуул хийх хэрэгтэйг эмч нар онцолж байв. Дүүрэг бүхэнд дээрх үйлчилгээ үзүүлдэг кабинет бий гэдгийг мэдэхгүй хүмүүс их байгаа нь хэрэгтэй мэдээллээр дутмаг байгаагийнх.  Хүний биеийг эмчлэхээс илүү сэтгэлийг нь эмчилж нийгэмд эрүүл, эерэг бүхнийг түгээх ухамсарт сэтгэлгээ, зан үйл, дадал хэвшил улс орны хөгжлийн гол тулгуур гэдгийг дэлхий нийтийн жишгээс харж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top