ЗИНДАА 2019.06.20 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

#1 МОНГОЛ: ЗҮҮН ХОЙД АЗИЙН ГҮҮР БОЛОХ УУ, ХОНГИЛ БОЛОХ УУ?

Улаанбаатар хотод энэ сарын 5-6-нд болж өнгөрсөн Улаанбаатарын яриа хэлэлцээрийн үр дүн, хэлэлцсэн асуудлаар The Diplomat сэтгүүлд нийтэлжээ. АНУ-ын Колумбиа их сургуулийн Зүүн Азийн хүрээлэнгийн ахлах судлаач, Монклейр их сургуулийн Төрийн удирдлагын салбар сургуулийн профессор Элизабет Уишник "Монгол Улс хэрвээ зөв зохион байгуулалттай, зоримог алхам хийж чадвал Зүүн хойд азийн гүүр болох боломжтой"-г онцлон тэмдэглэжээ. Хэрэв зоримог алхам хийлгүй энэ хэвээр алгуур хандвал хонгил болж үлдэх эрсдэлтэйг ч онцолсон байна. Нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.


Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээ 2019 оны зургадугаар сарын 5-6-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болов. Нийт 200 гаруй хүн оролцсон том уулзалт нь 1.5 түвшний албаныхан, судлаачдыг холбодог томоохон уулзалт. Зүүн Хойд Азийн шүдний өвчин болсон Солонгосын хойгийн асуудлыг, тэр дундаа Умард Солонгосыг бусадтай зуучлах үүрэг хүлээдэг энэ уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн уулзалтад Умард Солонгосын төлөөлөгчид оролцох байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас оролцохгүй болсон нь хүлээлттэй байсан зарим улсын төлөөлөгчийн гонсойлгосон хэрэг болсон юм. Энэ уулзалтаар зөвхөн аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарыг ярьдаггүй. Ялангуяа энэ жилийн уулзалтад эдийн засгийн интеграцид нэгдэх, сэргээгдэх эрчим хүчээр бүс нутгийн хэрэглээг хангах зэрэг стратегийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хөндөн хэлэлцсэн юм.

Хоёр том гүрний дунд оршдог Монгол Улс энэ том яриа хэлэлцээний гол дүр болж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалтыг зохион байгуулах улсын нэгээр яригдаж байсан энэ улс бүс нутагтаа аюулгүй байдал тогтоохын тулд эх орондоо зургаан удаа хэлэлцээ зохион байгуулж бүс нутгийн аюулгүй байдлыг хэлэлцжээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын тодорхойлсноор Монгол Улс “энх тайвны гүүр” болох бүрэн боломж байгаа аж. Хуучин социализмын хүж барин гүйж байсан энэ улс одоо ардчиллын галыг тулгандаа ноцоож бүс нутагтаа үлгэрлэж байгаа цөөхөн улсын нэг. Гэхдээ Умард Солонгосын замналыг өөрчилж нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжүүлэх явц амаргүй байх нь тодорхой. Энэ амаргүй үйл явцыг даван туулахын тулд Монгол Улс үүрэг хүлээн зуучилж байгаа нь анхаарал хандуулах ёстой асуудал юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА: ХОРИХ АНГИАС ОРГОСОН С.ТӨМӨР

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг буюу бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон, 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461-р ангид хоригдож байсан С.Төмөр нь өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдрийн 19:00 цагийн үед тус ангийн байрнаас оргожээ. Тухайн этгээдийн эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газраас "Тухайн өдөр эргэлт, уулзалт явагдаж, хөдөлгөөний ачаалал их байсан үе. Дотоод журмынхаа дагуу ангийн сэтгэл зүйч хоригдогч С.Төмөртэй уулзалт хийж дуусаад журмын дагуу харуул хамгаалалтын ажилтанд хоригдогчийн хүлээлгэж өгөөгүйн улмаас тухайн этгээдэд оргох боломжийг олгож, ажлын хариуцлага алдсан, хорих ангийн харуул хамгаалалтын ажиллагаа хэвийн явагдаж байсан. Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн мэдээлэл өгөөд байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд сураггүй болсон охины хэрэгт түүнийг мөн сэжиглэн, давхар шалгаж байжээ. Оргосон этгээдийг одоо улс орон даяар эрэн сурвалжилж байгаа бөгөөд тухайн этгээдийг баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана хэмээв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3 БӨХӨН, ТҮРГЭНИЙ ГОЛУУД ШИРГЭЖ, ИРГЭД УНДНЫ УСГҮЙ БОЛЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд 20 гаруй карeер байдаг аж. Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын захирамжтай 15 кареер нийт 35 карeер үйл ажиллагаа явуулж байна. Өдөрт дунджаар 400 гаруй машин 1-5 удаагийн давтамжтай хайрга зөөдөг бөгөөд Бөхөн, Түргэний голууд ширгэж, ундны усгүй болсон тухай иргэд нийслэлийн Засаг даргад уламжилжээ. “17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол одоо байхгүй болсон. Хуурайшилт, тоосжилтын талаар ярилтгүй. Нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийдэггүй” гэдгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга, Туул тосгоны захирагч А.Одбаяр хэлсэн юм.

Үүнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, хайгуулын 298 тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 94 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнээс 54 нь шүүхэд хандаж, 34 аж ахуйн нэгжтэй Эвлэрлийн гэрээ байгуулж, нөхөн сэргээлтээ хийгээд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгосон ч өнөөдрийг хүртэл нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийгээгүй. Эдгээр 34 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийлгэнэ” хэмээн хариу өгчээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4 ОРГИЛ БҮХЭН МӨРӨӨДӨЛ (АЯЛАЛ ЯГ РОК ШИГ)

2018.06.12. Үүрийн 04:00 цаг. Нар юу юугүй уулын цаанаас мандахаар яаран тэнгэрийн хаяа төөнөнө. Авиралт эхлэхийн өмнө уулчид хангайн уулс, хайрханыхаа элгэнд үүрд нойрссон уулчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, чимээгүй зогсдог уламжлалтай юм билээ. Уулчдын авиралт цагийн дараа гэхэд эхэлсэн байх ёстой. Цаг агаар ч авирахад нэн таатай байх шинжтэй. Гэвч хэтэрхий дулаан байж бас болохгүй. Уулчид аль болох эрт авиралтаа эхлүүлбэл үдээс өмнө оргилдоо гарч, хэт халахаас өмнө бууж ирэх зорилготой байдаг. Цас хайлж, явахад хүндрэл учирахаас сэргийлдэг гэсэн үг. Бидний гарахаар төлөвлөсөн Хархираа нурууны Мөст оргил руу алхах замын ихэнх хэсэг хөвсгөр цастай байв. Юуны өмнө уулын спорт хэн хүний хүсэх, хүсээд хийх тийм ч амар зүйл биш гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрснээ тэмдэглэх нь зүйтэй. Ингээд бүгд аюулгүй байдлаа сайтар ханган, шалгаад алхалтаа эхэллээ. Өндөр оргил руу авирахад тод өнгийн тольтой шил, малгай, бээлий, гутлын түрий, таяг, агаар салхи нэвтрүүлж, хөлрөхөөс сэргийлэх хувцас, хөнгөн цүнх зэргээс авахуулаад бас бус зүйлс хэрэгтэй. Ер нь уулын хувцас, хэрэгсэл бусад аяллын болон спортын хувцас хэрэгслээс өртгийн хувьд хамгийн үнэтэй тусдаг. Залуу уулчид нэг удаагийн хувцас хэрэгслээ жил тойрон цуглуулдаг гэж ярьж байсан. Хэрэгсэл бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Жишээ нь, тод өнгийн тольтой шил цасанд ойсон нарны туяанаас хамгаалдаг. Ийм шил өндөр ууланд гарч байгаа уулчдын зайлшгүй авч явах хэрэгсэл. Манай авиралтын баг Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Үндэсний уулын холбооны гишүүд, чөлөөт уулчид зэрэг 10-аад хүний бүрэлдэхүүнтэй. Бид алхалтаа эхэлснээс цаг гаруйн дараа замынхаа хагаст ирэв. Энэ үед уулчид бүгд гутлын хадаасаа зүүж, олсоор бэхэлгээ хийлээ. Ахлагчийн гишгэсэн мөр багийн уулчдын зам гэсэн үг. Замыг эвдэж болохгүй. Ахлагчийн гаргасан замаар явбал аюулгүй гэж бүгд бат итгэнэ.

“Өөгөө /Уулынхан Г.Өсөхбаярыг дотночлон дууддаг нэр/ бусад үед энгийн, чөлөөтэй, хөгжилтэй, дэндүү өөрийнхөөрөө нэгэн. Харин ууланд бол өөр хүн шүү” гэж нэг уулчин маань хэлсэн юм. Түүний хэлсэн ч яг үнэн болж таарлаа. Тэр ууланд зөвхөн өөрийн зурсан замаараа л явдаг аж. Хэзээ ч хэн нэгний гаргасан замаар явдаггүй, явахыг ч хүсдэггүй юм шиг. Бэхэлгээ хийж, бүгд аюулгүй байдлаа сайтар шалгасны дараа Мөст оргил өөд шулуун өгсөж эхлэв. Сүүлд үндсэн баазад ирэхэд биднийг тосож угтсан хүмүүс “Уул өөд хэний баг дүрэм зөрчиж, техник авиралт хийчихэв гэж гайхаж байтал танай баг чөлөөт авиралт хийж байсан байж” хэмээн хөхрөлдсөн билээ. Г.Өсөхбаяр тийм л уулчин ажээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5 #BOOKTELLER: ТЭРСЛҮҮ ОХИДОД ЗОРИУЛАВ

Элена Фавилли, Франческа Кавалло нарын бүтээл болох "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" ном 2016 онд хэвлэгдэн гарч байсан. Тус номд хүчирхэг 100 эмэгтэйн түүхийг өгүүлнэ. Хэвлэгдсэн цагаасаа хойш нийтдээ 47 орны хэл дээр орчуулагдан хэдэн мянган хувь борлогдож, олон хүний гарт очжээ. Харин манайд "Монсудар" хэвлэлийн газрын хүүхдийн номын "Жангар" редакцаас 2017 онд орчуулан уншигчдад хүргэсэн юм. "Номд дурдсан түүх бүр итгэл сэтгэлээр дүүрэн хүн дэлхий ертөнцийг өөрчилж чаддагийг нотлон харуулна." гэх өгүүлбэр "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номын өмнөх үгэнд байсныг олж уншсан юм.  Хүүхэд багачууд өсөж торнихдоо өөртөө итгэлтэй, өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, бүрэн дүүрэн мэдэрч, хайрлаж сурвал ирээдүйд улс орныхоо баатарлаг иргэд болж өснө. Тэр л итгэл найдварыг энэхүү номд багтсан гэрэл цацрам бяцхан түүхүүдээс олж унших боломжтой. Ингээд "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номоос онцлох 10 "тэрслүү" эмэгтэйн эшлэлийг хүргэж байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top