#1 “ЭЦЭГ ХУУЛЬ”-ИЙН ӨӨРЧЛӨЛТ ЭДИЙН ЗАСАГТ ШИНЭ ӨНГӨ ДАГУУЛАХ УУ?
Өнгөрсөн олон жилүүдийн топ сэдвүүдийн эхэнд бичигдэх “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд нэг тийш болох янзтай. Б.Чимэд агсан нэгэнтээ Үндсэн хуулийг “Алганд багтсан” Монгол Улс хэмээн хэлсэн нь бий. Тэр ч утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улс төрийн, засаглалын эрх мэдлийн эрэмбэ өөрчлөгдөх гэдэг утгаар биш иргэн бүр жам ёсны эрхээ эдэлж, үүргээ ухамсарлаж амьдрах суурь тулгуур талаас нь анхаарах ёстой юм. Бүхэл бүтэн тусгаар улсын оршин байхын гол үндэс, тулгын чулуу болсон “Эцэг хууль”-д олон асуудал бийгээс энэ удаад Эдийн засгийн агуулгыг нь хөндөж байна. Бид хүний эрх, язгуур эрх чөлөөг тунхаглан ярьцгаах мөртлөө эдийн засгийн жинхэнэ эрх чөлөөг орхигдуулж өнөөдрийг хүрчээ. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол та бид хувийн өмчтэй байхаас гадна тэрхүү өмчийг өөртөө бий болгох боломж хийгээд баялгийн хуваарилалт ижил тэгш байхыг уг нь хэлмээр. Ардчилсан шинэ Үндсэн хууль нэг гарт төвлөрсөн эрх мэдлийг гурван хэсэгт хувааж, нэг нь нөгөөгөө хянах тэнцвэрийг хангахад чиглэсний сацуу эдийн засгийн суурь болох өмчийн асуудлыг хуульчилсан гавьяатай нь үнэн. Гэхдээ Үндсэн хуульдаа эдийн засгийн асуудлыг том зургаар харж, үзэл баримтлалын хэмжээнд авч үзэж, тусгалгүй өнөөдрийг хүрсэн нь мөн л үнэн гэдэгтэй маргах хэрэггүй болов уу. Нэг талаас энэ алдааг ойлгож бас болно. Хуучин тогтолцоог дөнгөж халж, цоо шинэ эдийн засгийн ноорог зургийг ч гаргаагүй байхдаа Үндсэн хуулиа баталж, анх тавьсан ҮГ нь “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар дайчлан авахыг хориглоно” гэхчлэн цөөн заалт байв. Нэгдэл, нийгмийн төлөө зүтгэж асан олон арван жилийн намтартай Монголчуудын хувьд Шинэ Үндсэн хуулийн энэхүү заалт ямар их эрх чөлөө дагуулсныг нуршаад яахав.
#2 БӨХЧҮҮД ШУНАЛАА ХЯЗГААРЛАЖ ЧАДВАЛ ДОПИНГ АЛГА БОЛНО
Үндэсний бөх маань цаашид орших уу, эс орших уу. Мэдээж бохир заваантайгаа хутгалдаад ч хамаагүй орших л байх. Өнөө цагийн бөхчүүдийн допингийн асуудал хэрээс хэтэрсэн нь үнэн. Монголын үндэсний бөхийн допингийн хар түүх “жижиг” аваргаас эхэлж, олон ч бөхчүүдийг өвдөг “шороодуулаад” байна. Үүний улбаа одоо ч үргэлжилж, бөхчүүдийг талцуулаад байгаа юм. Учир нь 2017 оны 12 сар, 2018 оны нэг, хоёр дугаар саруудад үндэсний бөхийн 43 тамирчин допингийн шинжилгээнд хамрагдсан. Тэднээс допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь нотлогдсон Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхөд хариуцлага тооцож, 2018 оны хоёрдугаар сарын 1-ээс хоёр жилийн хугацаатай барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн. Улсын харцага Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан нарыг жил жилийн улсын баяр наадмын түрүү бөхөөр нэрлэж ирсэн. Энэ жилийн бөхийн тааварт ч энэ хоёрын нэр дээгүүр бичигдэнэ. Э.Дашийн тухайд улсын начин цолоор тогтохгүй сайн барилдах бөх хэмээн үнэлэгддэг. Тэгэхээр яалт ч үгүй эдгээр бөхчүүдийн бүдэрсэн “допинг”-ийн асуудал олон бөхөд цаад утгаараа боломж олгож байгаа нь нууц биш. Допингоос болж зүлэг ногоон дэвжээ гарах боломжгүй болж хариуцлага хүлээсэн эдгээр бөхчүүд энэ сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн. МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхын саналаар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлээд байгаа юм.
Бөхчүүдийн эрхийг сэргээсэн МҮБХ-ны НАЙМАН тэргүүлэгч ХЭН ХЭН БАЙВ?
#3 “ОХИНОО ДУРААР НЬ ӨСГӨӨГҮЙ БОЛ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХГҮЙ БАЙСАН”
Баянгол дүүргийн XI хороо, III, IV хорооллын Бичилд байрлах “Сод” төвийн зочид буудалд энэ сарын 16-ны шөнө 14 настай А охин хүчирхийлэлд өртсөн харамсалтай хэрэг гарсан. Охиныг цагдаагийн байгууллагаас Хүүхдийн тусламжийн 108 төвд хүргэсэн ч тус газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлсэн билээ. Охин Шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Охины ээж Т-тэй ярилцлаа.
-Таны охинд яагаад ийм зүйл тохиолдов. Охины биеийн байдал нь гайгүй биз дээ?
-Охин маань өмнө нь хаана, хэнтэй юу хийж байгаагаа хэлдэг байсан. Эсвэл намайг дуудаад авхуулна. Гэтэл тэр орой сураггүй болсон. Хамт явсан Б гэж охин оройны 9 цагаас хойш надад худлаа хэлж “Охин чинь манайхаас явсан. Яагаад очоогүй юм бол” гэхээр нь их сандарч хайсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандаад, ах дүү хамаатан саднаараа хайсан. Б охин “Цамбагаравын 25 дугаар байранд байна” гэхээр нь цагдаатай очсон чинь байгаагүй. Баянхошуунд байгаа мөртөлөө худлаа ярьсан байсан. Тэд Баянхошуунд Б-гийн гэрт хэдэн залуучуудтай пиво уусан юм билээ. Маргааш нь охинтойгоо хамт явсан найз, нөхөд рүү нь утсаар холбогдож, цагдаад хэллээ гэж байж охиноо олж авсан. Охиныг маань уруу татаж авч явсан Б-г их хэцүү хүүхэд гэж найзууд нь хэлж байна. Миний охин жаахан ганцаардсан байхыг үгүйсгэхгүй. Хичээл сургууль нь амраад гэртээ ганцаараа байсан. Хэд хоногийн өмнө Б-тэй өөр нэг найз нь танилцуулсан юм билээ. Тэгээд уруу татагдаад л ийм зүйл болчихлоо. Уг нь охин маань хичээл сургуульдаа сайн хүүхэд. Гэтэл дөнгөж амьдралд хөл тавих насан дээрээ ийм зүйл болсонд харамсаж байна.
-Цагдаагийнхан яагаад тухайн үед охиныг тань гэр бүлд нь өгөлгүй, Хүүхдийн тусламжийн 108 төвд хүргэсэн юм бэ?
-Би охиноо авна гэж олон удаа гуйсан. Охин алга болоод надтай уулзахаасаа өмнө утсаар ярихдаа “Ээжээ би таныг ганцаараа байвал очъё. Та зодож, нүдэхгүй биз дээ” гэхэд нь би охиноо ирүүлэхийн тулд ганцаараа байна, хүрээд ир гээд охиноо ирүүлсэн. Охин биднээс айсан юм билээ. Тэгээд ирэхэд нь бид олуулаа байсан. Хэдэн талаас нь жаахан загнасан. Тийм учраас охин цагдаагийн ажилтанд “Би гэртээ харихгүй. Манайхан намайг зодно” гэж хэлсэн юм билээ. Тийм учраас мөрдөн байцаагч Хүүхдийн тусламжийн 108 төв дуудсан байдаг. Тухайн үед цагдаагийн газар дээр би охинтойгоо жаахан маргасан. Охиныг маань гэртээ харихгүй гэхээр Хүүхдийн тусламжийн 108 төвийн эмэгтэй ирээд аваад явсан. Харин охинтой маань хамт явсан Б охин 108 төвд нэг хоноод, түүнийг ахад нь хүлээлгэж өгсөн.
#4 Ц.ЭЛБЭГДОРЖ АТГ-Т ЗАНГИАГАА ЗҮҮГЭЭД ОЧИХ УУ?!
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан хоёр хэн, хэнийгээ гэлтгүй яг ижил нөхцөлд оржээ. Учир нь, тэднийг өнөөгийн төрийн тэргүүн Х.Баттулга Тавантолгой орд газрыг Хятадын компанид 100 жилийн хугацаатай үнэгүй өгөх гэж байсан гэх хэрэгт буруутгаад байгаа билээ. Улмаар прокурорын байгууллагад нотлох баримт болгож 170 хуудас материалыг хүргүүлсэн байдаг.
Харин АТГ-аас Ерөнхийлөгч Х.Баттулгын ирүүлсэн материалд үндэслэж өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 24 цаг саатууллаа. Гэхдээ "Шүүхийн шийдвэргүй цагдан хорьсон" гэх үндэслэлээр түүнийг дараах өдөр нь сулласан юм. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас "суллагдсан" Ерөнхий сайд асан М.Энхсайхан олон нийтийн сүлжээнд "Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр сүр дуулиантайгаар Таван толгой ордыг Хятадын компанид 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан хэмээгээд нотлох баримт болгож 170 хуудас материал өглөө. Буруутан нь Ц.Элбэгдорж, М.Энхсайхан" гэж тодотгожээ.
#5 Д.ЭРДЭНЭБИЛЭГ ХОРИХ АНГИАС СУЛЛАГДЛАА
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг батлан даалтад гаргалаа. Өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр нийслэлийн прокуророос Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлжээ. Улмаар прокурорын саналыг шүүх хэлэлцэж түүнийг батлан даалтад гаргаж шийдвэрлэлээ. Ингэхдээ Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарласан байна. Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа ба шалгалтын явцад Д.Эрдэнэбилэг нарыг 30 хоног цагдан хориод, ийнхүү батлан даалтад гаргалаа.
Сэтгэгдэл ( 0 )