Өнгөрсөн олон жилүүдийн топ сэдвүүдийн эхэнд бичигдэх “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд нэг тийш болох янзтай. Б.Чимэд агсан нэгэнтээ Үндсэн хуулийг “Алганд багтсан” Монгол Улс хэмээн хэлсэн нь бий. Тэр ч утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улс төрийн, засаглалын эрх мэдлийн эрэмбэ өөрчлөгдөх гэдэг утгаар биш иргэн бүр жам ёсны эрхээ эдэлж, үүргээ ухамсарлаж амьдрах суурь тулгуур талаас нь анхаарах ёстой юм. Бүхэл бүтэн тусгаар улсын оршин байхын гол үндэс, тулгын чулуу болсон “Эцэг хууль”-д олон асуудал бийгээс энэ удаад Эдийн засгийн агуулгыг нь хөндөж байна.
Бид хүний эрх, язгуур эрх чөлөөг тунхаглан ярьцгаах мөртлөө эдийн засгийн жинхэнэ эрх чөлөөг орхигдуулж өнөөдрийг хүрчээ. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол та бид хувийн өмчтэй байхаас гадна тэрхүү өмчийг өөртөө бий болгох боломж хийгээд баялгийн хуваарилалт ижил тэгш байхыг уг нь хэлмээр. Ардчилсан шинэ Үндсэн хууль нэг гарт төвлөрсөн эрх мэдлийг гурван хэсэгт хувааж, нэг нь нөгөөгөө хянах тэнцвэрийг хангахад чиглэсний сацуу эдийн засгийн суурь болох өмчийн асуудлыг хуульчилсан гавьяатай нь үнэн. Гэхдээ Үндсэн хуульдаа эдийн засгийн асуудлыг том зургаар харж, үзэл баримтлалын хэмжээнд авч үзэж, тусгалгүй өнөөдрийг хүрсэн нь мөн л үнэн гэдэгтэй маргах хэрэггүй болов уу. Нэг талаас энэ алдааг ойлгож бас болно. Хуучин тогтолцоог дөнгөж халж, цоо шинэ эдийн засгийн ноорог зургийг ч гаргаагүй байхдаа Үндсэн хуулиа баталж, анх тавьсан ҮГ нь “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар дайчлан авахыг хориглоно” гэхчлэн цөөн заалт байв. Нэгдэл, нийгмийн төлөө зүтгэж асан олон арван жилийн намтартай Монголчуудын хувьд Шинэ Үндсэн хуулийн энэхүү заалт ямар их эрх чөлөө дагуулсныг нуршаад яахав.
Олон ч Монгол хүн өмчтэй боллоо, өсөж дэвжлээ. Гэхдээ ялгаагүй олон хүн өнөөдөр ядуу гучуу амьдарч байна. Бүхэл бүтэн нэг сарын хугацаанд 160 мянган төгрөгийг хоол хүнс болоод бусад хэрэглээндээ зарцуулж дийлэхгүй 900 мянга гаруй иргэд энэ улсад байна. Өшөө дахиад 475 мянган хүн энэ хэмжээний санхүүгийн чадамжгүй болоход тун ойрхон байгааг Дэлхийн банк манай эрх баригчдад өнгөрсөн долоо хоногт сануулсан билээ. Энэ бол бодит байдал. Хэдийгээр ядуурал улс орнуудад бий ч манайх шиг үүц баялагтай, цөөн хүн амтай улс орны хувьд нэг сая дөрвөн зуун мянга орчим иргэн нь ядуусын хорооллыг бүрдүүлж байна гэдэг бол гомдмоор тоо биш гэж үү. Тэдгээр иргэдэд шударгаар хөдөлмөрлөж, өмч хөрөнгөтэй болох эрх мэдэл Үндсэн хуулиар олгогдсон ч хэрэг дээрээ баялаг хийгээд боломжийн тэгш хуваарилалтын гадаа үлдээд байна гэж харах бат ноттой үндэслэл бидэнд бий. Ардчиллаар суурь хийн, чөлөөт эдийн засгийн замаар замнаж буй гэж бид итгэдэг ч өнгөрсөн жилүүдийн санах ойд хадгалагдан үлдсэн үйл явцууд өөрийг өгүүлнэ. Бэлхнээ хэлэх саяхны тод жишээ бол ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон эрх мэдэлтэй улстөрчид үйлдлээ мэдээлэлтэй ойр гэдэгтэйгээ холбон тайлбарлаж, хариуцлагаас бултаж буйгаас харагдана.
Тэгээд яах вэ гэж үү? Мэдээж энэ асуулт зүй ёсоор тавигдана. Үндсэн хууль нь иргэдээ шударгаар өмчтэй болохыг зөвшөөрсөн хэр нь шударга бусын золиос болж, боломжоос гадуурхагдан үлдэх эрсдэлийг нь тооцоолсонгүй. Товчхондоо бол тэр шударга ёс, тэр боломжийг эрх мэдэлтнүүд илүүтэй эдэлж байна. Тэгвэл өдгөө яригдаж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт эдийн засгийн агуулгыг, иргэн бүрд хүрэх баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой алхам хийх үү гэдэг асуултыг дагуулж таарна. Дахиад Б.Чимэд агсны үгийг эшлэе.
“ХУУЛЬД ҮГ НЬ БАЙТУГАЙ ТАСЛАЛ НЬ УТГАТАЙ БАЙДАГ ЮМ”
“Эцэг хууль”-ийн авторуудын нэг эрхэм хүний үгийг энд онцлохын учир нь эдийн засгийн агуулга талаас ач холбогдол өндөр бүхий заалт энэ удаагийн өөрчлөлтийг дагаж ирэх үү гэдгийг тодотгох гэснийх. Нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс харахад эдийн засгийн агуулгатай гурван заалт байгаа юм. УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх үеэр Баялгийн сан байгуулах асуудлыг нэмэлт, өөрчлөлтөд тусгах санал гарч байсныг дурдах хэрэгтэй байх. Одоогоор тусгагдаад буй гурван заалтыг тодруулбал:
Байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим гэдэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална гэж тусгажээ.
Мөн Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналт /аудит/-ыг төлөвшүүлэх гэсэн чиглэлд: Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэжээ.
Мөн Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн байгаа юм.
Эндээс харахад замбараагүй төсөв баталдаг УИХ-ын бүрэн эрхийг хазаарлах тухай заалт орсон харагдаж буй ч нөгөө талаас төсөв хөтөлбөрийн тоог нь гаргаж, нийлбэрийг нь оруулж ирдэг Засгийн газар хууль батлагчдынхаа лоббид автах боломж бас хэвээрээ л харагдаж байна. Хэдийгээр УИХ-ын гишүүдийн сайдын суудалд суух боломжийг хязгаарлах, цөөлөх тухай мөн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдаж буй ч сахилга батын асуудал, хариуцлагатай байх тухай сэдэв бодлого боловсруулагчдад ч хамаатай билээ.
ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ҮНДСЭН ХУУЛИАР ТОГТООХ БОЛОМЖ БИЙ ЮУ?
Төсөв батлах, татвар тогтоох, мөнгөний бодлого тодорхойлох зэрэг санхүүгийн олон үйл явцыг гардаж буй улс төрчдийн шийдвэр гаргах тоглоомын дүрмийг Үндсэн хуулийн түвшинд тогтоох ёстой гэсэн үзэл баримтлал Үндсэн хуулийн эдийн засгийн онолд бий. Ер нь бол Үндсэн хуулийн онолоор төрийн эрх мэдлийг хязгаарлах боломжууд байгаа гэж судлаачид хэлдэг. Үндсэн хуулийн эдийн засгийн онол бол төрийн үйл ажиллагаа стандарттай байх, төрийн эрх мэдлийг хязгаарлах шаардлагатайг сургадаг онолын урсгал юм. Тэгвэл манай улсын эдийн засгийн нөхцөлд тулгамдаж буй асуудлыг Үндсэн хуулийн түвшинд шинжилж харвал улстөрийн эрх мэдэлтнүүд нь бодлого тодорхойлох, зарцуулах, ашиглахдаа алдаа гаргадаг. Төсөв батлахдаа, байгалийн баялаг, үндэсний хөрөнгө ашиглахдаа ард иргэдийн ашиг сонирхлыг огоордог. Иргэдийн ахуй амьдралыг сайжруулах боломж болох ёстой баялгийг үр ашиггүй тарамддаг гэхчлэн асуудлууд байна.
Тэгэхээр бид цаашид юу хийх, ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг асуулт тавигдаж таарна. Тэгвэл судлаачдын гаргалгаа явж явж хувь хүний мөн чанар руу, ёс зүй рүү л очиж байгаа юм. Ер нь аливаа хязгаарлалтууд хүний үйлдэх эс үйлдэхийн сонголтод нөлөөлдөг учраас улстөрчдийн зүгээс эдийн засгийн бодлогод баримтлах зорилго, зарчим, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд баримтлах хязгаарлалтыг Үндсэн хуулийн түвшинд тогтоож өгөх хэрэгтэйг хэлэх судлаачид бий. Түүнчлэн зөвхөн УИХ-д биш Засгийн газарт төсөв санхүүгийн бүрэн эрхийг нь тодорхой болгож, хязгаарлалт тогтоох асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд оруулж яагаад болохгүй гэж.
Уг нь Үндсэн хууль гол тулгуур хууль атал өнгөрсөн жилүүдэд билэг тэмдэг маягаар нийтээрээ хандаж ирснийг бас энд хэлэх хэрэгтэй байх. Ёс зүй эхэнд байгаа цагт хууль ёс хэрэгжих ёстой. Гэвч манайд ёс зүйн дутагдал нийгмийн эд эс бүхэнд үгүйлэгдэж байна. Өнөөгийн эдийн засгийн салбар, үйл явц, үзүүлэлтүүд ч бүхэлдээ ёс зүй нэхэж байгааг тодотгоё. Нэртэй эдийн засагчид Томас Манер, Николе Врайлер нар “эдийн засаг дахь үл үзэгдэгч гарт” найдах хэрэггүй, төрийн оролцоо зайлшгүй газраа байх ёстойг, ингэхдээ ёс зүйд тулгуурлах ёстойг сануулсан байдаг билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )