ЗИНДАА 2019.06.26 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

#1 Л.БЯМБАА ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ХААХ САНАЛ ГАРГАЖЭЭ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албанаас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос дөрвөн сарын өмнө буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан юм.

Ийнхүү гавьяат шүүгчийн амь насаа алдсан явдал, олон жил маргаан дагуулсан Салхитын мөнгөний ордын эзэмшигч нарын хэрэгтэй холбогддог. Авлигатай тэмцэх газраас явуулж буй мөрдөн шалгалтын явцад дээрх хэрэгт Л.Бямбаа агснаас гадна хамжигч, хамтрагчаар оролцсон албан тушаалтнууд гарч ирсэн гэдэг. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан Ч.Болдбаатар, Улсын Ерөнхий прокурын  орлогч Г.Эрдэнэбат, талийгаач шүүгч Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энх¬жаргал нарын нэрс хамжигч нарын зураглалд байгаа тухай мэдээлж байгаа юм. Эндээс харахад, талийгаач Л.Бямбаа дээрх албан тушаалтнуудыг Салхитын мөнгөний орд эзэмшигч нартай холбон зуучлах үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай бөгөөд түүнийг хүүгээр нь барьцаалж, эцсийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх магадлалтай.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 О.ДӨЛГӨӨНИЙГ ЭМЧЛЭХ ЗАРДАЛ НЭГ ЖДҮ-ЧИН ГИШҮҮНИЙ Л МӨНГӨ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч О.Дөлгөөнд амьдрал бэлэглэх гэсэн монголчууд сошиал даяар ёстой “буулгаж” байна. Сүүлийн хэдэн өдөр ямар ч популист улстөрч юу ч гэж орилж байсан хэлсэн үг нь өөрт нь сонсогдохгүй хэмжээнд хүртлээ бүгдийг хойш нь тавьж #Pray4Dulguun давлагаа өндрөө авлаа. Монголчууд бие биедээ хайртай, зөв зүйлийн төлөө нэгдэж чаддаг гэдгийн хамгийн том цонх цэл залуухан 22 настай О.Дөлгөөн боллоо. Өнгөрсөн 2008 оны Бээжингийн олимпоос Найдангийн Түвшинбаяр гэж хэн ч танихгүй шахам залуу 24 насандаа алтан медаль хүртэж улс төрөөс болж туйлдсан монголчуудын эвийн гагнаас болж байв. Цөөрөх учиргүй цөөхөн монголчууд эв нэгдлийн хүч ямар агуу вэ гэдгийг мэдэрч байлаа. Түүнээс хойш ийм хүчтэй давлагаа өрнөж байсан билүү гэж бодогдоно.

Монголынхоо нэгэн тамирчин хүүгийн төлөөх хүмүүсийн сэтгэлийг харах бүрд “Ямар сайхан хүмүүсийг хорвоо надад илгээснийг Ялгуун сарны доор үгийн хэлэхийн аргагүй” гээд дуулмаар байгаа биз дээ. О.Дөлгөөн АНУ-д эмчлүүлж байгаа. Хүүгээ өвдсөнийг дуулсан эцэг, эх АНУ-ын виз хүсэхэд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам татгалзсан хариу өгөөд байжээ. Харин энэ хэд хоногт нийгэм даяар зөвхөн О.Дөлгөөнд чиглэсэн эерэг давлагааг хараад тус улсын Элчин сайдын яам визийг дарж өгсөн байна. Нэг талаараа сошиал хүчтэй мэт харагдавч Монголын ард түмний халуун сэтгэл бүхнээс хүчтэй гэдгийн хамгийн том баталгаа боллоо. Үүнээс цааш юуг нотолно гэж явах юм бэ. Дэм дэмдээ монголчууд явж л байна. Зургаахан настай жаахан охин хадгаламждаа хийх гэж байсан мөнгөө хандивлаж, эрүүл болоод ирэхээр тань аавтайгаа хамт тоглолтыг чинь үзнэ ээ гээд олон хүний эгдүү, хайрыг хүргэсэн харагдана лээ. Нэг үгээр хэлбэл түүнийг эрүүл болоосой гэсэн зургаан настнаас 60 настан лав мянга мянгаар тоологдож байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3 #PRAY4DULGUUN | Ч.УДВАЛ: О.ДӨЛГӨӨН АХ АА, ТА ЗААВАЛ ЭДГЭЭРЭЙ

Өөрийнхөө хадгаламжид хийхээр цуглуулж байсан бүх мөнгөө сагсан бөмбөгч О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивласан бяцхан охины мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж, тэр даруйдаа олны хайр шингэсэн сэтгэгдлээр нийтэд түгжээ. “Хүүхэд багаасаа санхүүгийн боловсролтой болчихвол зүгээр гэж боддог учир хүүхдээ мөнгө хуримтлуулахыг нь дэмжин, цуглуулсан мөнгийг нь удахгүй хадгаламжийн дансанд хийх гэж байсан. Харин охин маань О.Дөлгөөн гэж тамирчин өвдөж, эмнэлэгт хэвтсэн гэдгийг ойлгож мэдээд, өөрийн цуглуулсан мөнгөө хандивлая гэж хүссэн юм. Мөн захиа бичих санаагаа ч өөрөө гаргасан. Би хажууд нь суугаад захиа бичихэд нь тусалсан” гэж түүний аав Э.Чагнаасүрэн ярив. Сайхан сэтгэлт, бяцхан охин Ч.Удвалыг бид урьж ярилцлаа.


-Ч.Удвал хэдэн настай вэ?

-Би 7 настай.

-Аль сургуульд, хэддүгээр ангид сурдаг вэ?

-"Олонлог"академийн хоёрдугаар ангид сурдаг.

-Мөнгө хуримтлуулдаг гэсэн. Хэзээнээс цуглуулж эхэлсэн юм бэ?

-Жилийн өмнөөс мөнгө цуглуулдаг болсон. Аав, ээжийнхээ өгсөн бутархай мөнгийг амттай юм авч идэлгүй цуглуулж сурсан. 

-Хуримтлал нь хэдэн төгрөг болчихсон байсан бэ?

-Би 24656 төгрөг цуглуулсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4 "ОДОО Л БИ ХҮҮГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ДУГАРАХ ЭРХТЭЙ БОЛЖ БАЙНА"

Одоогоос яг нэг жилийн өмнө найзуудтайгаа гадаа тоглож байсан хүү эмийн сангийн төмөр хаалганд хүрснээр тогонд цохиулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах “Дэлгэр” төвийн доод давхрын “Эко Шинэс” эмийн сангийн гадна энэ эмгэнэлтэй хэрэг гарсан бөгөөд хүү гүйж явахдаа хөл алдан төмөр хаалганаас барьсны улмаас хүчдэлд цохиулсан юм. Тухайн үед түргэн тусламжийн машин хугацаа алдалгүй ирсэн боловч хүү хэдийнэ хорвоог орхисон байв. 2018 оны зургаадугаар сарын 25-нд болсон энэ хэргийн эзэн холбогдогч нь одоог хүртэл хариуцлага хүлээгээгүй байна.

Энэ талаар талийгаач хүүгийн аав Б.Бямбадорж "Өглөөний сонин"-д дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Тэрбээр эхнэр Ж.Мөнхсайханы хамт ирсэн юм. 


-Хүү тань амиа алдсанаас хойш яг жилийн хугацаа өнгөрлөө. Хэрэг хэрхэн шийдэгдсэн бол. Хэн хариуцлага хүлээв?

-Бид жилийн өмнөх энэ өдөр хэнз хүүгээ алдаж, том гарз амссан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаанд шийдэгдээгүй л явж байна. Өнгөрсөн нэг жилд манай гэр бүл маш их сэтгэл санааны хохирол, санхүүгийн хямрал, бие бялдрын хохирол амссан. Хэргийн эзэн холбогдогч нь зугтаад алга болсон бол хэргийг хаагаад чимээгүй өнгөрөх байсан байх. Гэтэл тийм зүйл байхгүй. Бүх зүйл нь ил, буруутай эзэн нь тодорхой хэрэг. Жилийн хугацаанд энэ хэрэг шийдэгдээгүй байгаа нь төр засаг, шүүх цагдаа, хүн чанар байхгүй болсон нь харагдаж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5 ДЭД ТЭРГҮҮН Ц.МАГАЛЖАВ МҮБХ-НООС ТАТГАЛЗАЖ МАГАДГҮЙ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчид хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхөд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргасан нь бөхийн хүрээний сүүлийн үеийн шинэ маргаанаар тодроод байна. МҮБХ-ны Дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжав өчигдөр МҮБХ-ноос гаргасан допинг хэрэглэсэн бөхчүүдтэй холбоотой тогтоолын талаар мэдээлэл, тайлбар хийлээ. МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжаваас сэтгүүлчид хамгийн түрүүнд "МҮБХ гаргасан тогтоолоо өөрчлөх үү, допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн шийдвэрээ эргэж харах уу, тэдгээр бөхчүүд Үндэсний их баяр наадамд барилдах уу?" гэдгийг тодруулсан юм. Үүнд тэрбээр "МҮБХ-ын тэргүүлэгчид энэ долоо хоногт багтан хуралдаж, асуудлыг дахин хэлэлцэнэ. Цаашлаад Баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хороо эдгээр бөхийг Үндэсний баяр наадамд барилдуулах эсэх шийдвэрийг гаргана. Шүүхийн асуудал дээр ч гэсэн салбар яам анхаарал тавьж ажиллана" гэж хариулсан.

Түүний хэлснээр бол ойрын өдрүүдэд МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал дахин зарлагдах бололтой. Албан бус эх сурвалжийн хэлснээр энэ хурлын үр дүнгээс шалтгаалж МҮБХ-ны Дэд тэргүүн Ц.Магалжав бөхийн холбоонд үргэлжлүүлж албан тушаал хаших эсэхээ шийдэх гэнэ. Учир нь, улсын заан Ц.Магалжав “Допинг хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг хугацаанаас нь өмнө сэргээх ёсгүй. Допингийн хариуцлагыг сахиулж, сахилга батыг сайжруулах нь чухал” гэсэн байр суурьтай байгаа бөгөөд МҮБХ-ны удирдлагууд санал нэгдэхгүй бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч магадгүй сурагтай.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top