Гийнгоо оо оо...дуу дуугаа түрэн сүлэлдэх хүүхдийн шингэн дуунаар зэргэлээ сөхөн уянгалах шуранхай морины уяанаас алдууран тэнгэрийн цээлд хүрнэм. “Зээ” буюу “заа” хэмээх аялга өргөл үгээр ерөөл, магтаал, уртын дуу эхэлдэг шиг “зээнгоон” дуудлагаар хүлэг, хүн хоёрыг холбож амь сүнс нэг болдог домтой гэнэм. Нутаг нутгийн аялгаар үсэг шилжин З үсэг Г болж “гийнгоо” хэмээн ондоошсон тухай Соёл судлалын ухааны доктор С.Юндэнбатын “Ум марзай, гийнгоо, зээнгоон утга тайлал, ая дан” сэдэвт илтгэлээс сонссон сон. Мөнхүү Боржигин ардын дунд хүлэг, хүүхэд хоёрт ээлтэй тарни “Ум марзай мам суухаа”-г сүншиглэн боржигин түмний бэсрэг уртын дууны ая данд тохируулан ум марзайлж морины явдал гишгэдэл хөнгөрч, сүлд хийморь нь оршоож, засал дом нь тэгширдэг хэмээн бэлгэшээдэг билээ. Ардын соёл, өв уламжлалыг үеэс үед үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээдэг нүүдэлчин монгол ахуй амьдралын нэгэн томоохон өв бол морины уралдаан. Дэлхийд ганцхан наадам хэмээн омогшин бахдаж арван зүгийн бурхдыг хурайлан аргадаж, атаа таван тэнгэрийн мэлмийг баясгаж, дэнжийн ногоог зулгартал, дээлийн хаваасыг ханзартал барилдаж, эрхий мэргэнээ сорьж, эрмэг хүлгээ сойдог ард түмэн хаа ч үгүй.
Наадам. Наадам гэхээр сэтгэлийн жолоо нутгийн зүг хандаж, сэмбэрүү цэцэгсийг туучин, сэрүүн Туулыг туулан Боржигины тал, Дэрэнгийн хөндий, Дэлгэрцогтын толгод, Аравжихын гол, Сайнцагааны энгэр, Мандлын говьд хүрнэм. Наадмаар морьдын амгайг чивчиртэл татаж, дээлээ сугалдаргалсан хөрслөг ах нар эмээл дээр тачигнан мань мэтийг гишгэчих шахам давхилдан өнгөрнө. Ийн охидыг “айлган” хүд хүд инээлдэх дуу нь хөндий талаар нисэн буух богширго шувуудын далин дээр ойн буун алдарч, зүрх минь амаар гарах шахам бөмбөлзөж “сагсуу юмнууд” гэж араас нь ширэв татан үлдэнэ. Наадам гэж хэрэндээ л гоёно. Ээжийн авч өгсөн цэцэгтэй ногоон даашинзаар гоёж, эгчээс дутахгүй гурван хуруу өндөр өсгийтэй сандаалаар гангарна гэдэг энэ насандаа эдлээд ханамгүй гоёо. Арван дөрөвтэй л байсан даа. Наадмын талбайг гороолж, тав аравтын дэвсгэрт тас атгачихаад хуушуур, зайрмагхан эргүүлж явна гэдэг хамгийн сайхан тансаглал. Цагаан хоолойгоор уртын дуу уянгалаад л, дэвжээн дээр бөхчүүд дэвээд л, наадамчин олон хөлхөлдөөд л. Аав минь хүндэт зочдын цэнхэр асрын хоймрыг эзэгнэнхэн нутгийн хөгчшүүдтэй хөөрөг зөрүүлэн суугаа нь бахдалтай. Том болсон би аавын хормойд зүүгдэхээс нэрэлхэн аль болох холуур тойрон, үеийн охидоо эрэн олны дундуур зүсэн алхана.
Гийнгооч хүүхдүүдийг бараадан цайвар тэрлэгтэй, салаа гэзэгтэй үе тэнгийн охин их л гуниглангуй зогсох нь тэр. Миний долоож явсан зайрмагийг хараад ам нь цангасан бололтой, нүд нь сэргээд их л нүүрэмгийгээр “Чи энэ зайрмагаа хаанаас авсан юм бэ?” гэв. “Тэндээс” гэж би уриалгаханаар хэлж түүнийг дагуулан очиж ахиж нэг, нэг зайрмаг худалдан авлаа. Хоёул сүүдэр бараадан юу ч ярилгүй зайрмагаа иднэ. Салаа гэзэгт ам нээж “Хурдны морь унах юм саан” гээд санаа алдаснаа “Чи хурдны морь унаж үзсэн үү? гэж надаас толгой гилжийлгэн асуув.
Би “Үзээгүй ээ, хөдөө эмээ дээрээ очиж хонинд явахдаа л номхон алаг аа унадаг юм” гэж хариулаад “Хурдны морь унах гоё уу?” гэж эгээ л өөр шиг нь толгой гилжийлгэн асуув. Охин “Гоё” гэж цовоо дуугаар хэлэв. Унаач хүүхдүүд жил бүрийн наадмаар хамгийн үнэтэй, хүндтэй хүн болдог аж. Дэл сүүлийг нь засаж боосон дэргэсэн моринд бууж суухдаа өргүүлэхээс эхлээд хоол идээний амттайг идэж, хоргой дээлийн өнгөтэйг эдэлж таван жил “эрхэлжээ”. Нагац ахынхаа хурдан буянг Дэлгэрхангай сумандаа гурвантаа айрагдуулж байсан адтай охиныг Өлзий гэдэг. Морьд эргэх торгон мөчид ахын захиасыг бодон бодон, замын бартаа, өрсөлдөгч морины байдлыг шинжихээс биш хайрга, чулуу, хавсарга салхинд нүдүүлэхийг үл ажирна. Ард урдах морьдоо тоолон, бариа дөхөх тусам мориноосоо түрүүнд сэтгэл нь барианд оччихсон байдаг сан. 12 нас хүрээд унаанд томдоод ирэхээр албаа өгч урьдын “эрх ямба” дуусжээ. Хүүхдүүд “Зээ” татаад эхлэхээр сэтгэл гэдэг майхан шиг дэрвээд, тогтож ядна. Унаач хүүхдүүдийн хоол цайг ойртуулсан шиг, тэднийг бараадан, уяа уяаны галаар эргэлдэж, илүүчлэх морь горьдон явах ямар уйлмаар гээч. Дүүхэлзсэн морьд, дүрэлзсэн жаалууд гараанаас хөдлөхөд шинэхэн уралдаанч хүүхдээ хөтөлж очоод, морьд эргүүлээд үлдэнэ. Морьдоо тавин зул задрах мэт ажнайн туурайн зулгарсан чулуудад шидлүүлэн нулимстай хоцрох ямар хэцүү гээч. Өлзий ийн ярьсаар... Миний унадаг номхон алаг морь хонины бэлчээрт ч тэр, хорооны шон дээр ч тэр мөнхөд үүрэглэж байдаг залхуу лүд. Зуны халуунд салхи сөрөн талийж одох хэдэн годронг эргүүлэх гэж махаа зулгаана. Өнөөх алаг маань ч явж өгөхгүй дээ. Өдрийн ундны цагаар овоон дээр гарч, гэрээдээ дурандан гэрийн яндангаас утаа олгойдож байвал, араажаваа өвөртлөөд, номоо сугадаад мордоно доо. Би эмээгийнхээ борцтой цайнд яарч, номхон алаг маань бор шон руугаа тэмүүлж, бөн бөн шогшуулдаг сан.
Өлзий, гийнгоо, алаг морь гурав ор тас мартагдаж, өр зүрхэнд хадаатай нэг жилийг үдсэн өнөөх хотын хөвгүүн өмнө минь тодрох нь тэр ээ. Хөөрхөн инээдэг, нүд хөмсөг болсон, цэвэрхэн цагаан царайтай тэр хөвүүний өмнө хөшиж орхив. “Болд оо” гээд хашхирах гэсэн боловч цээжний гүнээс боргилон гарсан тэр нэр хоолой дээр зангиран тулснаа эргээд үерийн ус элсэндээ шингэх мэт дотогшоо уусан алдрав. Яг л жилийн өмнө эмнэлгийн цонхоор нүдэндээ нулимс дүүрэн үдсэн тэр л нүдэнд ахиад л усан хөшиг татлаа. “Ура, би өнөөдөр эмнэлгээс гарлаа” гэж нэгэн өглөө тэр өрөөний үүдээр хамраа цухуйлган хашхирчихаад хонгилоор дэггүйхэн гүйж одсон зүхэлт өдөр түүнийг харах бүрийдээ тэвдэн, сандардаг догдлолыг минь хулгайлах шиг, хананы цаана түүний ор байгаа гэж бодох бүрийд хацар халуу дүүгдэг тэр мэдрэмжийг минь цоожлох шиг дотор харанхуйлан байж ядан дэгэлзлээ. “Тэр өнөөдөр эмнэлгээс гарна” гэж ахин дахин өөртөө шивнэж, өрөөндөө холхиж, хонгилоор алхаж, хэзээ ч зүрхэлж шагайж байгаагүй өрөө рүү нь гүйж ороод “Би чамд сайн” гээд хэлчихмээр байвч охин заяандаа хүлэгдэн орь дуу хадаан цурхиртал уйлмаар санагдав. Эсвэл аяга хөмрүүлж хананд наан түүнийг миний тухай юу гэж ярьдаг бол гэж шохоорхон чагнаархдаг байсан гэнэн тэнэг зангаа хөсөр хаян хана туургыг цөмөртөл балбан ”Би энд байна” гэдгээ тунхаглан хашхирмаар. Цагийн зүү хурдасгуур дээр тавьчихсан мэт өдөр өнгөрч тэр эмнэлгээс гарсан юм. Нүд дүүрэн нулимстай цонхоор ширтэн зогсоход минь түүний дүр бороотой өдрийнх шиг бүрэлзэн сарнисан сан. Уруул өмөлзөн, зүрх шархирч, өрөөнийхэнтэй маань хамтдаа тоглодог байсан хөзрийг элгэндээ тэврэн зогсном. Энэ хөзөрт түүний минь гар хүрч, энэ хөзрийг түүний минь хөөрхөн нүд харж байсан гэж бодохоор түүний сууж байсан сандал, түүний барьж байсан хаалганы бариул гээд түүнтэй холбоотой юм бүхнийг энхрийлэн тэвэрмээр. Тэр өдрөөс хойш үргэлж л усан нүдэлж бүрэг даруу зандаа гутарч, бүүр түүрхэн дурсамжаар сэтгэлээ хөглөн, гараас нь атгаж үзээгүй атлаа зуун удаа зүрхэндээ атгаж, санахуйн цагаан гансрал охин совинг ирлэж, сарнаас хүртэл нуудаг гоо далиа ургуулсан юм даа.
Ийн хөшөө мэт өнгөрсөн рүү өнгийн зогсох агшинд Болдоогийн дүр наадмын морьдын тоосон дунд ахиад л замхран арилав. Үеийн хөвгүүдтэйгээ хөөцөлдөн одсон түүний араас өөрийн эрхгүй хоёр хөл минь гүйж байлаа. Хаа сайгүй нүдээ бэлчээн хайгаад хайгаад олсонгүй, ”Одоо л хэлнэ” гэсэн зоримогхон алхаа минь огцом зогтусаж, гарт минь тас атгаастай зайрмаг хайлан урсаж газраар нэг нулимс адил дусалж байсныг сая л анзаарлаа. Хүүхдүүд гийнгоо хадааж, эгшиглэнт дуу нь тэнгэрийн цээлд хүрнэм.
Жил бүрийн наадмаар хүүхэд насны минь гэгээн дурдатгалын цагаан шувууд өмнүүр минь нисэлдэж, цонхон дээр минь суучихаад намайг аглаг талын буйдхан наадмын гийнгоон дуутай талбай тийш, гэгээн дурсамжийн хөшгийг яран даллан дуудан жиргэнэм. Нутгийн минь зон олон морин хуурын чавхдасаар хорвоог уясаан, молцог дэрвэх асрын цэгээнд бялхан, мохошгүй тэнхээт бөхийн захыг мушгиж, тормон нүдэн амрагууд дөрөө ижилсүүлэн, торгон тэрлэгний өнгөнд жаргал хээлэн, торшгүй шандаст соёолонгийн тоосонд умбан наадаа даа. Сэтгэлийн минь хүлэг дэргүүлсээр л. Харин тэр минь очсон болов уу?
Сэтгэгдэл ( 0 )