#1 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАГНАЛ НҮДЭЭ ОЛОХ ЦАГ ДОР
Монгол Улсын хөгжмийн урлагт “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” киноны хөгжмийг бүтээсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав, “Цагаан суварга” бүтээл, “Бурхан Халдун өршөөг”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжим зэрэг шилдэг бүтээл туурвисан Төрийн хошой шагналт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Нацагийн Жанцанноров нарт өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Монголын ард түмний сонор, сэтгэлийг мялаасан хөгжмийн гайхалтай бүтээлүүдийг нь ийнхүү төр үнэлж, хөгжмийн урлагийн үнэ цэнийг өргөж өглөө. Тэд “Энэ төрд төлөх өр минь дуусаагүй байна” хэмээн мэдэгдэнэ лээ. “Шагнал нүдээ олжээ” гэх талархлын үгсийн цуурай намдаагүй байна. Монголын хөгжмийн урлагт сод үзэгдэл болсон гэгдэх дээрх хоёр эрхмийн “Сэрсэн тал”, “Цагаан суварга”-ыг төр үнссэн нь энэ юм аа.
#2 НААДМЫН 16000 ТӨГРӨГИЙН ТАСАЛБАРЫГ 200 МЯНГААР ДАМЛАЖ БАЙНА
Жилийн жилд үндэсний их баяр наадмын тасалбарын хүрэлцээгүй байдлаас үүдэн асуудал үүсдэг. Хонон өнжин дугаарлаж, хэрүүл маргаан дэгдэх нь энгийн үзэгдэл. Үүнийг арилгах үүднээс энэ жил нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан наадмын тасалбарыг онлайнаар захиалж салбараас авах боломжтой болгосон. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг буюу 1200 ширхэг тасалбарыг цахимаар борлуулах шийдвэр гаргасан юм билээ. Иргэд долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд буюу өчигдөр, өнөөдөр 14:00 цагаас https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар хандан баяр наадмын тасалбарын төлбөрийг онлайнаар төлж худалдан авах боломжтой гэж байв. Харамсалтай нь, онлайнаар хоёр хоног тасалбар захиалах гэж оролдоод бүтэлгүйтэв. Олон хүн зэрэг хандаж байгаа болохоор бүртгүүлж чадахгүй байна гэж өөрийгөө тайвшруулж байлаа. Гэтэл дөнгөж сая нийслэлээс “Наадмын тасалбарын цахим захиалга 19 цаг 30 минутаас үргэлжлэн явагдана” гэсэн зар тараав. Миний хоёр өдрийн оролдлого юу болох вэ? Хэрэв 19:30 цагт цахим бүртгэл нь мөн л ажиллахгүй бол яах вэ? Бид техник технологийн дэвшлийг амьдрал ахуйдаа хэзээ хэрэглэж хэвших вэ? Заавал тасалбар борлуулах цэгүүдийн гадна очиж, хэдий хүрэлцэхгүй байж мэдэх ч хоногоор дугаарлаж зогсох ёстой юу?
Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав", "Мишээл", "Драгон", "Оргил" гэсэн дөрвөн төвөөр "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байгаа гэсэн. Ингэхдээ нэг хүнд хоёроос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ. Ингээд мөн л тасалбар авах гэж "Дүнжингарав" худалдааны төвийн гадна очиход 2000-аад хүн дараалалд зогссон харагдлаа. Тасалбар худалдах бусад төвүүд ч ийм байдалтай байгааг иргэд хэлж байлаа.
#3 Ө.БАТ-ОРШИХ, Б.ПҮРЭВСАЙХАН НАРЫГ НААДАМД БАРИЛДУУЛАХГҮЙ
МҮБХ-ны тэргүүлэгчид 2019.06.17-нд хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэсэнд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийг бөхчүүд эсэргүүцэж, хэрэв дээрх бөхчүүдийг наадамд барилдуулбал бусад нь үндэсний их баяр наадамд барилдахгүй гэж мэдэгдсэн. Энэ асуудлаар МҮБХ-ны тэргүүлэгчид 2019.07.03-нд эргэн хуралдаж, өмнө гаргасан шийдвэрээ цуцалсан. Хуулийн дагуу бөхчүүдийг барилдуулах эсэх эцсийн шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо гаргах учиртай. Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах болон Бөхийн салбар хороо өчигдөр /2019.07.08/ хуралдан, МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлын сүүлийн шийдвэрийг дэмжиж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарыг энэ жилийн баяр наадамд барилдуулахгүй байх нь зүйтэй гэж үзжээ.
#4 МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН ТАЛААРХ ОРОС ЗАЛУУГИЙН БОДОЛ
Орост “Я плакал” хэмээх олон нийтийн сүлжээ бий. Тус сүлжээний kusrabs хэмээх хэрэглэгч монгол бүсгүйчүүдийн талаар сэтгэгдлээ бичжээ. Мэдээж улс орон болгонд үзэсгэлэн гоо бүсгүйчүүд байгаа. Харин энд гарах орос залууг монгол бүсгүйчүүд үнэхээр бишрүүлжээ. Гэхдээ дан ганц гадаад үзэсгэлэнгээрээ биш шүү. Ингээд түүний яриаг сонирхоцгооё. “Би бүтэн хоёр жил Монголд амьдарсан. Тэнд хээр талаас гадна өндөр уулс, өргөн гол, асар том нуур, дэлхийн хамгийн хуурай говь цөл байдаг талаар жуулчны гарын авлага, гүүгл ч танд хэлээд өгнө. Харин би монгол эмэгтэйчүүдийн талаар хэдэн үг хэлье. Мөнх хөх тэнгэрийн оронд очихоосоо өмнө би ази эмэгтэйчүүдтэй харьцаж үзээгүй байлаа. Монгол бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй. Очсон эхний хоёр долоо хоног бүгд хоорондоо адилхан мэт санагддаг. Хэсэг хугацааны дараа дасаад эхлэхээр гоо үзэсгэлэн нь тодрон харагдана. Тэдний ихэнх нь урт үстэй. Мөр шүргэсэн үсийг тэнд богинохон гэж тооцно.
#5 #BOOKTELLER: ЯРУУ НАЙРАГЧДЫН НААДАМ ГОЁСОН ШҮЛГҮҮД
Монголчуудын түүх, соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон дэлгэсэн тэрлэг шиг тал нутгийн дэнж хотойлгосон монгол наадам хаяанд ирлээ. Жилийн жилд дараагийн наадмаа хүлээж догдолдог наадмын тухай яруу найрагчид хэрхэн урласан байдгийг уншигч танаа хүргэж байна.
БЯЦХАН ТОЛГОЙН НААДАМ
Би гэдэг нас арван наймтай ч
Бие сэтгэлээ барих эр тэвчээр султай
Өвгөн Бадамын Хандаа сэтгэл дунд уяатай
Өөрийн санаа гэвэл хамт наадамлахын хүслэнтэй
Бяцхан толгой наадам чилийсэн уртыг яана
Бардам бардам хөвгүүдээс Хандаагаа харамлаж
Уртхан цагаан Хурхын мойлтой бургасан дунд
Одод тонгойтол бидэн хоёр хайрандаа ивлэсэн
Сэтгэгдэл ( 0 )