Баруун Африкийн улсууд ЭКО нэртэй нэгдсэн мөнгөн тэмдэгтийг сонголоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Нигерийн нийслэл Абужа хотноо болсон Баруун Африкийн улсуудын Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн /БАУЭЗХН/ дээд хэмжээний уулзалтын үеэр бүс нутагт хэрэглэгдэх нэгдсэн мөнгөн тэмдэгтийн нэрийг “ЭКО” байхаар баталжээ.

15 гишүүн орныг эгнээндээ нэгтгэсэн БАУЭЗХН-ийн гишүүн Нигери, Либери, Гана зэрэг зургаан орон энэхүү шинэ мөнгөн тэмдэгтийг хэрэглэх бол Бенин, Буркина Фасо, Гвиней Бисау, Зааны Ясан Эрэг, Мали, Нигер, Сенегал, Того зэрэг найман улс одоогоор CFA франк мөнгөн тэмдэгтийг хэрэглэж байгаа юм.

Анх 2000 оноос гүйлгээнд оруулах төлөвлөгөөтэй байсан ЭКО мөнгөн тэмдэгтийг хэд хэдэн удаа хойшлуулж, энэ удаа 2020 онд хэрэглээнд нэвтрүүлэх зорилт тавиад байна. Энэ зорилгоор БАУЭЗХН Баруун Африкийн валютын агентлаг, Баруун Африкийн валютын хүрээлэн болон төв банкнуудтай хамтран ажиллаж буй гэнэ. ЭКО нэгдсэн мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлснээр Баруун Африкийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, хил дамнасан худалдааг өргөжүүлэх боломжтой гэж үзжээ. Түүнчлэн, нэгдсэн мөнгөн тэмдэгтийг хэрэглэх нь бүс нутгийн мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, төв банкнуудын бие даасан байдлыг хангахад чухал үүрэгтэй аж. Гэхдээ тус бүс нутгийн улс орнууд нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлсэн тохиолдолд энэ нэгдсэн мөнгөн тэмдэгт үүргээ гүйцэтгэж чадна гэж шинжээчид үзэж байна. Мөн тус бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ялгаа нь үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах гэнэ.

Африкийн хөгжлийн банк бүс нутгийн улс орнууд мөнгөний болон санхүүгийн нэгдсэн бодлоготой болоогүй тохиолдолд 2020 онд нэгдсэн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж чадахгүй хэмээн үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top