#1 ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ГАЛАН ДУНД ӨРНӨХ БОЛНО
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь олонх буюу эрх баригчид батлах гэж яарахаасаа илүүтэй үүнийгээ сурталчлах, сонгуулийн өмнөх жилийн гол акциа болгох давхар зорилготой ажиллаж буй. Төслийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь авч, гишүүд болгон нь сонгогчдынхоо уулзалтын гол сэдвээ болгон ярьж явна. Яг ийм байдлаар ажиллаж байсан хууль санаачлагчдад сүүлийн хоёр өдөрт өөр шинэ нөхцөл байдал үүслээ.
Ажлын хэсгийнхэнтэй санал солилцох байдлаар Үндсэн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хандаж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга наадмын амралтын дараа өөр нэгэн төслийг “Миний санал” хэмээн УИХ-д өргөн барилаа. Тэрбээр наадмын нээлтэд хэлсэн үгэндээ баярын дараагаас УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлнэ, Үндсэн хуулиа өөрчлөн хөгжүүлэх ёстой гэх утгатай байр суурийг илэрхийлсэн нь учиртай байжээ. Хамгийн гол нь өөрийн санал буюу төслөө өргөн барих үедээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар УИХ түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн, дараа нь тарах ёстой” гэсэн нь бүр ч анхаарал татах мэдэгдэл байлаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 49 санал тусгагдсанаас 16 нь УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй шинэ саналууд, үлдсэн хэсэг нь өмнө ярьж байсан асуудлын хүрээнд хамрахаар байна гэж Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин өчигдөр чуулганы хуралдаанд танилцуулжээ. Шинэ нөхцөл байдлыг нухацтай ярилцах шаардлагатай, гэхдээ “нөгөө” төсөлд саналыг тусгах байдлаар хэлэлцээд явах боломжтой гэв. Үгүй гээд яах ч билээ?
#2 ДАНШИГ ДАРГА НАРТ ДАРАГДАВ УУ, ДАНС МӨНГӨНД ХАВЧИГДАВ УУ?
Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, үүнд зориулан 1639 онд “Халх долоон хошуу” наадам хийснээс даншиг буюу “Бат оршил өргөсөн” хэмээх энэхүү дэг жаяг уламжилсан гэж үздэг. Түүнээс хойш 300 гаруй жилийг дамжин ирсэн ч дундаа нэлээд их тасарч байсан Даншиг наадмыг сүүлийн дөрвөн жилд Хүй Долоон худагт Гандантэгчэнлин хийд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран аялал жуулчлалын өдрүүд болгон өргөжүүлж, улмаар монголчуудын тусгаар тогтнол, өв соёлоо дээдлэн хүндэтгэх, дэлхийд Монголын түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх ёслол болгон тэмдэглэж ирсэн. Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан Даншиг өргөх ёслолын хамгийн гол зүйл нь Хүрээ цам. Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлал, Мандал өргөх, Их Очирваань шүтээний тахилга, язгуур урлагийн тоглолт, эрийн гурван наадам, жороо морины үзүүлбэр, аялал жуулчлал, шашин соёлын эд зүйлсийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг тул гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай баяр болжээ. “Даншиг наадам- Хүрээ цам 2019” шашин соёлын наадам ирэх сарын эхний долоо хоногийн амралтын өдөр болохоор товлосон байсан боловч нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан уг албанд томилогдохоосоо өмнө “Мянгахан жуулчинд зориулж Даншиг наадам зохион байгуулахад энэ жил хөрөнгө зарцуулахгүй” гэж хатуухан мэдэгдэж байсан. Энэ жилийн тухайд Даншиг наадам хийх эсэхийг нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Мөнхбаатараас тодруулахад "Шийд хараахан гараагүй байна" гэлээ.
#3 АВРАГЧ ХҮҮ Ж.ТЭМҮҮЖИН: ААВ, ЭЭЖ АЙСАНДАА ЗЭМЛЭСЭН БОЛОВЧ ХҮНИЙ АМЬ АВАРСАН ГЭЭД МАГТСАН
Зуны цагт найр наадам үргэлжилж, гол ус бараадсан хүмүүс ихэсдэг. Зугаа цэнгэлд автаж, хараа хяналтаа сулруулах, үр хүүхдээ анхаарахгүй орхих зэргээс болж олон осол эндэгдлийн тоо нэмэгдсэн нь ч нууц биш. Энэ жилийн наадмын өдөр Тэрэлжид мөн л хүүхэд голд живж, нэгэн алтан амь эндэж мэдэхээр байв. Аз таарахад Тэрэлжийн Мойлтын тохойд Туулд голд живж байсан хүүг "Тэмүүжин өрлөг" сургуулийн сурагч, 15 настай Жаргалангийн Тэмүүжин аварсан юм. Ж.Тэмүүжин “Тэмүүжин өрлөг” сургуулийн наймдугаар ангид сурдаг ажээ. Нэг бодлын бахдал болгож, нэг бодлын сэрэмжлүүлэг болгох үүднээс алтан амь аварсан, аврагч хүүтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.
#4 СЭДЭВ: ИРВЭС ХҮН ТӨРӨЛХТНӨӨС ТУСЛАМЖ ГУЙЖ БАЙНА
Ирвэс бол мийнхэн овгийн амьтдаас хамгийн бага судлагдсан, хамгийн хүнд нөхцөлд амьдардаг, Дэлхийн Улаан номд багтсан маш ховор амьтан юм. Ирвэсийг ОХУ-д ирбис, Тувад ирбиш, Казахстанд ирвиз, Туркт ирбиз гэж нэрлэдэг. Одоогийн байдлаар дэлхийд 4000 ирвэс байгаа нь Хятад, Афганистан, Бутан, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Монгол, Балба, ОХУ, Пакистан, Тажикстан, Узбекистан улсуудад байна. Энэ бүх оронд ирвэсийг Төв Азийн хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үзэн, баригдашгүй араатан хэмээн домог ярианд дурдсан байдаг.
“Ирвэс хамгаалах олон улсын бага хурал”
Энэ сарын эхээр Казахстаны нийслэл Нур-Султанд “Ирвэс хамгаалах олон улсын бага хурал” боллоо. Бага хуралд ирвэс амьдардаг бүх 12 орны төлөөлөгчдөөс гадна НҮБ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) зэрэг олон улсын бусад байгууллага, ирвэс судлалаар мэргэшсэн олон улсын 50 шинжээч, эрдэмтэд оролцсон байна. Хурлыг олон улсын “Snow Leopard Foundation” сан Казахстаны Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Гол сэдэв мэдээж ирвэс судлах, хамгаалах, тоо толгойг нь өсгөх байсан. Төлөөлөгчид өөрийн улс оронд ирвэс хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар туршлага солилцож, хил дамнасан хамтын ажиллагаа явуулах тохиролцоонд хүрсэн байна.
#5 Д.ЭРДЭНЭБАТ: "ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ РУУ ЯВАХ НЬ" ГЭДЭГ БУРУУ ЗҮЙЛ ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төслийг УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн саналыг тусгах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байгаа юм. Түүнчлэн ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмыг хадгалах үүднээс АН байр сууриа илэрхийлэх болно гэдгээ мэдэгдээд байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн боловсруулсан төсөл болон ард нийтийн санал асуулгаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл нь "Ерөнхийлөгчийн засаглалд бэлтгэж байна" гэх шүүмжлэл гараад байгаа. АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжиж байгаагийн хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бол санал. Харин Ерөнхийлөгчийг хуулийн төслөө өргөн барьсны дараа "Ерөнхийлөгчийн засаглал руу явах нь" гэдэг буруу сурталчилгаа явж эхэллээ. Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтойгоор хөндсөн, эрх мэдлийг Ерөнхийлөгчид төвлөрүүлсэн заалт энд байхгүй. Ер нь “Ерөнхийлөгч өргөн барьсан санал нь Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглал руу түлхэж байна” гэсэн өрөөсгөл ойлголтыг огт явуулж болохгүй. Харин ч Ерөнхийлөгч эсэргээрээ сонгодог парламент нь хүн амынхаа тоотой уялдаад 108 гишүүнтэй байх ёстой, сонгодог парламентад холимог систем пропорционалийн хэлбэр орохгүй бол парламентын мөн чанар алдагдаад байгаа учир үүнийгээ баталгаажуулаарай гэсэн гол зарчмуудыг оруулсан. Бид үүнтэй санал нэгдэж байгаа. Ерөнхийлөгчийн засаглал руу түлхсэн гэдгээс илүү Ерөнхийлөгч, УИХ, Гүйцэтгэх засаглал, шүүх хоорондын эрх мэдлийн тэнцвэргүй, зөрчилдсөн заалт оруулж болохгүй гэж үзэж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )