ЗИНДАА 2019.07.29 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

#1 “САУД ГОБИ КОАЛ ТРАНС”-ЫН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХ ҮНДЭСЛЭЛҮҮД

Мөнгө чухал ч түүгээр хэмжигдэхгүй, нөхөгдөхгүй зүйлсийн нэг бол хүний гараар талхилагдан, сүйтгэгдсэн байгаль орчин  юм. Тост, Тосон бумбын нуруу, сав газрыг хамгаалах тухай асуудал сүүлийн жилүүдэд нийгмийн  сэдэв болж буй нь үүнтэй л холбоотой. Уул уурхайг хариуцлагатайгаар эрхлэхэд нутаг оронд учирч болох эрсдэл буурдаг ч  “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааны хувьд тус  сав газар дахь  усны судлын хагалбар хэсэгт олборлолт хийгээд эхэлчихсэн. Хууль бус уурхай нь Тост, Тосон бумбын нуруунаас 6.9 км зайд ажиллаж байна. Энэ  нь “Сауд гоби коал транс” компанитай хариуцлагатай уул уурхайн тухай ярих ямар ч бодит боломж байхгүй гэсэн үг. Өнөө маргаашдаа лицензээр түрий барин хөрс  сандаачиж,  хэдэн төгрөгтэй болж болох ч маргаашийн цаадах өдрүүдэд нутаг орны байгаль сүйдэж, говийн цөөн хэдэн булаг шанд ширгэж, дэлхийд  ховор амьтад, ургамал устаж, хүн амьдрахын аргагүй болоод ирэхийн цагт юу болох вэ. Энэ компанийг хэчнээн буруутгаад нэгэнтээ ширгэсэн булгийн ус эргэж ундрах уу. Мэдээж үгүй. Тэгэхээр тэдний хууль бус үйл ажиллагааг зогсоохыг шаардах  нь, улмаар зогсоох нь  нутаг орны иргэдийн, төр засгийн байгууллагуудын аль аль талынх нь үүрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

“Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагаа хууль бус гэдгийг бататгах баримт мэдээллүүдийг цувралаар хүргэж буй билээ.  Тост, Тосон бумбын нуруунд аюул дагуулсан үйл ажиллагаа явуулж буй тус компанид “дархан эрх” олгосон лицензийн үүх түүхийг энэ удаа уудлан хүргэе. Лавшруулж харах тусам тэдний үйл ажиллагаа хуудуу дүүрэн байгаа нь лицензтэй холбоотой уг мэдээллээр ч баталгаажих болно.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 "ЭМЭЭЛТ"-ИЙН ЭМГЭНЭЛ

Монголчуудын гол хүнсний хэрэглээ бол мах. Харамсалтай нь, махны үнэ "тэнгэрт хад"-аад удаж байна. Үнэ нь "тэнгэрт хадсан" шалтгаан нь маш энгийн. Ердөө л "Эмээлт" захтай салшгүй холбоотой гэхэд болно. Өөрөөр хэлбэл, "Эмээлт" захад мах, махан бүтээгдэхүүн зарж байгаа ченжүүд малчдаас малыг нь хямд үнээр худалдан авч, түүнийгээ хэд дахин өндөр үнээр зардаг. Үүнийг хүн бүр мэдэх ч тэд наад захын ариун цэврийн болон стандартын шаардлага хангахгүй газарт малыг нядлуулж, түүгээрээ нийслэлчүүдийн махны хэрэглээний ихэнх хувийг хангаж байдгийг төдийлөн сайн мэддэггүй. Стандартын бус, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд таван хошуу малыг нядалж, тэрхүү махаараа нийслэлчүүдийг хангадаг газар “Эмээлт” захад хэд, хэд бий. Гаднах орчноос нь эхлүүлээд нядалгаа хийдэг газар нь бохир төдийгүй үнэр, танар нь гэж авах юмгүй байдаг юм билээ. Тэд ийм орчиндоо бог малыг 3500-4000 төгрөгөөр нядалдаг. Харин бод малыг 18-20 мянган төгрөгөөр нядална. Бас нэг анхаарал татсан зүйл нь ажилчдад нь цагийн хуваарь гэж бараг л байдаггүй нь анзаарагдсан. Захиалга, ажлын нөхцөлөөсөө шалтгаалж өдөрт хэд л бол хэдэн малыг нядалдаг тул ажилчид нь амьжиргаагаа залгуулахын тулд ажил олгогчдынхоо хүслээр ажилладаг гэхэд болно.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ШҮҮХЭЭС Ш.БАТХҮҮ, Г.АЛТАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЖЭЭ

АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүүг буруутгаж яллагдагчаар татан шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Улмаар прокурорын байгууллагаас түүнийг Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, нотлох баримт хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 АТГ-ААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АВЛИГЫН БИЧЛЭГИЙГ ДЭЛГЭЛЭЭ

АТГ-аас өнөөдөр /2019.07.29/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах явцад их хэмжээний мөнгө хураан авч байгаа бичлэгийг олон нийтэд ил болголоо. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгах явцад түүний гэр болон албан өрөө, биеэс нь ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийг бэлнээр хураан авч байгаа нь бичлэгт үлджээ. Тодруулбал, тус газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 77.000 юанийг тус тус бэлнээр хураан авч баримтжуулсан байна. Харин АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн гэрт нь нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг, 20.000 юань, Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд 16.460 ам.доллар, таван сая таөгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байлах сейфнээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8.600 ам.доллар, 10 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авчээ.  

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 САОРИ ЁШИДА: ХАКҮХО 40 НАС ХҮРТЛЭЭ БАРИЛДАЖ ЧАДНА

Нагоя хотод өндөрлөсөн мэргэжлийн сүмогийн Долоодугаар сарын тэмцээний найм дахь өдөр чөлөөт бөхийн домог, олимпын 3, дэлхийн 13 удаагийн аварга Саори Ёшида Бөхийн өргөөнд зочноор уригдсан билээ. Барилдааны дараа Саори эртний танил их аварга Хакүхотой уулзлаа. Мэдээж аваргуудын уулзалт сэтгүүлчдийн анхаарлыг татсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шодорго ос(202.9.42.46) 2019 оны 07 сарын 29

Дээд шүүхийн даргыг солиод нэмэр алга. Шүүхээс цаг хожиж хэргийг буцааж байна

0  |  0
Top