“Хувьтай хүн хурнаар” гэдэг ардын сайхан үг бий. Гэтэл хур бороогоо харааж зүхэх хувь заяа нийслэлчүүдэд иржээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг хэнээс ч, юунаас ч шалтгаалахгүй хэлж ирэхгүй хийсэж ирдэг боловч түүнээс гарч болох хор хохирлыг тооцон, урьдчилан сэргийлэх нь дээр дооргүй анхаарах асуудлын нэг болоод байна. Чанаргүй авто зам, барилга байшин, суваг шуудууны чансааг шалгасан энэ их усан бороо хот хөдөөгүй иргэдийг үүрээ эвдүүлсэн шоргоолж лугаа сандралд оруулаад амжлаа. Нийслэлийн Онцгой байдлын комисс цаг үетэй холбоотой шуурхай хурал хийж, холбогдох арга хэмжээг авахыг үүрэг болгон ажиллаж байна. Тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, судалгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Олон жилийн дундажтай харьцуулахад энэ зун хур тунадас ихтэй байна. Үүнийг дагаад гол усны түвшин эрс нэмэгдсэн. Иргэд гол ус бараадаж амарч зугаалж байгаа нь эрсдэл үүсгээд байна. Он гарсаар улсын хэмжээнд 14 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын 72 тохиолдол гарч, 64 хүн амь насаа алдсаны дотор насанд хүрээгүй есөн хүүхэд байна” гэж мэдээлсэн нь бага тоо биш. Тэнгэр хайрхан хураа хайрлавч тосоод авах дэд бүтэц, тоног төхөөрөмж, тариалангийн усалгаанд нөөцлөх бодлого, цэвэрлэх байгууламжид ашиглах арга техникийн тухайд яриад ч хэрэггүй. Өндөр хөгжилтэй арлын орнуудад өдөр шөнөгүй л усан бороо цутгаж байдаг. Тэд яагаад усанд живэхгүй, тэвдэх зүйлгүй амар сайхан амьдарч болоод байна вэ? Дэд бүтцийн зөв зохион байгуулалт, ус зайлуулах суваг хоолойг дээд зэргийн шийдсэнд л байгаа юм.
Зам талбай эвдэрсэн, хаагдсан, засвартай гэх шар тэмдгүүд замаар нэг хөглөрч, айлууд, албан байгууллагууд усанд автсан гэх дуудлагууд түргэн авахуулж, иргэдийн цаг нар, ажил алба, хөдөлмөрийн бүтээмжийг хойш нь зулгаах нэг шалтаг болоод байна. Уртын харайлтаар уснааас ус гэтлэн, хашааны сараалжаар дамжин хүн аалз лугаа “явах”, “хороолол хүргэх завь хөлсөлнө” гэж хошигнох , замын хашлага дээр тэнцвэрээ олон алхах дасгалыг өдөр бүр хийсээр загварын тайзан дээр ч жанжин шугамаар нь алхахаар болсон нийслэлчүүдийн энэ дүр төрх зунаас зунд хэвийн үзэгдэл мэт болжээ. Нийслэл хотод борооны ус зайлуулах 85 километр шугам сүлжээ байдаг ч энэ нь хангалтгүй ажээ. Геодези, усны барилга байгууламжийн газраас шуурхай зургаан бригад гарч, ус соруулдаг гурван автомашинаар нийт есөн байршилд 2145 тонн ус соруулж ажилласан байна. Баруун дөрвөн замаас Москва хороолол хүртэлх борооны болон хөрсний ус зайлуулах хөргөлтийн насос станц тасралтгүй 24 цаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 7500 метр куб ус соруулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Энэ их усан бороо эрдэнэт хүний амь нас төдийгүй эрүүл мэнд, эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амсаад байгааг наад захын жишээгээр дурдахад жижиг тэрэг тэр дундаа приус маркын автомашинууд юм. Замын голд таг гацсан цахилгаан хөдөлгүүр хосолсон техник хэчнээн айлын өнөө маргаашийн хоолыг залгуулдгийг мэдэхгүй. Зээлээ ч төлж амжаагүй байхад нь машин нь эвдэрч, хэрхэхээ мэдэхгүй халаглан байгаа иргэн Д шиг олон өрх гэрийн аав, үр хүүхдийн эцэг усан бороог чичих үү, увайгүй дэд бүтцээ зүхэх үү?
Үерт автаж, үймж сандралдсан дуудлагыг нэрлэвэл уртаас урт жагсаалт гарна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны 50 орчим айл үерт автаж, айлын чингэлэг дэх зарах гэж байсан 100 сая төгрөгийн үнэ бүхий цахилгаан бараа нь усанд автаж санхүүгийн гарз хохирол авчирчээ. Тус дүүргийн 6, 7, 24, 27 дугаар хороо “Мана” амралтын газрын барилгын зоорийн давхар, мөн 27 дугаар хорооны “Чухаг” хотхоны 21 дүгээр байрны зоорийн давхар, 7 дугаар хорооны “Хилчин”-ий 119 дүгээр гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн ажиллаж, усыг насосоор соруулж, шуудуу ухаж зайлуулсан байна. Зургаадугаар хорооны иргэд гэр орон, хашаа хорооныхоо усыг шавхаж завгүй гүйлдэхийн хажуугаар өнгөрсөн жил дулааны шугам тавих нэрийдлээр газар шороог нь сэндийчиж хаяад ус ихээр тогтох болсон тухай ч учирлан ярьж байв.
Хан-Уул дүүргийн 4,10 дугаар хороо 35 дугаар байрны зоорийн давхар, нэг айлын хашаа, гэр усанд автсан тухай дуудлага, мөн тус дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аадар бороо орж, үер буусны улмаас 12 байшин, 15 гэр, хоёр автомашин усанд автаж, 18 том хүн, 15 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагаар Нийслэлийн 105 аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 52 албан хаагч, 10 автомашинтай ажиллаж, таван цаг гаруй ажиллаж аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна. Хан-Уул дүүргийн “Хүннү молл”, “Апу” ххк, “Гэгээнтэн хотхоны уулзвар усанд автаж, Хүннү молл орчмын траншейны нүхнээс нь ус хальж байгаа дүр зураг харагдана. Уулын уруй их хэмжээгээр үерлэн бууж, замын далан ачааллаа дийлэхгүй их хэмжээний ус тогтжээ. Саяхан ашиглалтад орсон Яармагийн гүүр жижиг машин харагдахгүй болтлоо усанд автсан байв. Мөн тус дүүргийн Наадамчдын гудамж тэр чигтээ усанд автжээ. “Талст ширээт” компани тус гудамжны урд хэсгийн авто замын төмөр бетон гүүр болон ус зайлуулах хоолойг хааж, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлснээс болж явган хүн байтугай машинтай хүн зорчих аргагүй болжээ. Хотын захирагч С.Амарсайхан газар дээр нь очиж танилцан “Зөвшөөрөлгүй 10-20 давхар барилга барих болохоороо барьж болдог хэр нь үерийн усны даланг заавал зөвшөөрөлтэй барина гэж болох уу. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам дэд бүтцийг эвдэлж сүйтгэсэн, явган хүний замыг шавар шавхайнд хутгаж олон иргэдийг хохироосон хохирлыг танай компани бүрэн төлж барагдуул. Мэргэжлийн хяналт, Авто замын хөгжлийн газар, Геодези зураг зүйн хяналтын газрууд хоорондоо уялдаа холбоогоо нэгтгэж хяналтаа сайжруул. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоо. Өнөөдөртөө багтааж үерийн даланг засаж үерийн усыг зайлуулах ажлыг түргэн шуурхай ажилла” гэж үүрэг болголоо. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг “замбараагүй газар олголт, захгүй олон барилгын ажлыг одоо л мэлмийгээ нээж, ойлгож харав уу Хотын дарга аа” гэх ард иргэдийн уур цухал ч их байлаа.
Сүхбаатар дүүргийн “Соёолж”, Долоон буудал орчимд үер бууж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Тахилт”-ын дөрөвдүгээр гудамжны 21, 67, 128 тоот хашаа, мөн тус хорооны “Доод салхит”-ын зургаадугаар гудамжны 52/а, 52/б, 53 тоот хашаа, Хандгайт зуслангийн “Задгай”-д иргэн Н-ын гэр усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж усыг зайлуулсан бол Баянгол дүүргийн “Нарны гүүр”, 25 дугаар эмийн сан, Вокзал, “Богд-Ар хороолол, “Алтай” хотхоны авто зам эвдэрчээ. Саяхан засаж сайжруулсан 25 дугаар эмийн сангаас өгсөх зам буюу “UB palace-ын зүүн талын машин замын хучлага хуурч урсаж, замын нэг хэсэг хэсэг сөрдийж зорчиход саад болох, аюултай байдал үүссэн нь олныг нэлээд бухимдууллаа.
Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үер буусны улмаас 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автаж, 12 том хүн, нэг хүүхдийг аюулгүй газарт шилжүүллээ. Баянзүрх дүүргийн “И-Март” худалдааны төвийн зүүн талын авто зам, “Баянмонгол” хороолол, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Дарь-Эхээс Ганц худаг орох гурван километр автозам бүхэлдээ усанд автан өвдөгцөө татсан усанд хүмүүс хормой, шуумгаа шуух нь нь шууж, гутал хувцсаа тайлах нь тайлж нуур гатлах лугаа туучин алхана. Автозамаас холгүйхэн орших айлууд руу үерийн ус хальж гэрийн доод талын хошлонгоор татах нь энүүхэнд. Энэ сарын зургааны өдөр Баянзүрх дүүргийн Хөлийн гол орчмын айлууд үерт автав. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд хятадын нэгэн компани зам засварын ажил гүйцэтгэж байх үедээ Чулуутын болон Хөлийн голын уснаас хамгаалсан даланг эвдсэнээс болж ойр орчмын 70 гаруй айл өрх усанд автаж, хүчтэй урсаж ирсэн үерийн ус 40 тонны контейнерийг хүртэл урсгасан гээд бодохоор айлуудыг аймшиггүйгээр залгих нь юу ч биш аж.
Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо “Уурхайчид”-ын 25, 26, 27 дугаар гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги болон Цагдаагийн хэлтсийн нийт 13 алба хаагч, хоёр автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 250 метрийн урт үерийн ус зайлуулах даланг цэвэрлэж усыг зайлуулсан. Гал голомт нь усанд автаж, ганцхан өмссөн хувцастайгаа л үлдсэн хүмүүсийг харж хандах, тусалж дэмжих сайн дурын байгууллага гэж манайд байдаг болов уу?
Налайхын автомашины зам 5-6-д шилжих шөнө борооны улмаас зорчих боломжгүй болсноос Баянзүрх дүүргийн товчоо хүртэл хаагдаж шөнөжин засварлаж, хэвийн горимд шилжүүлсэн билээ. Налайхаас Зуунмод орох зам үерт сэтэрсэн бол Дархан, Улаанбаатар чиглэлийн замыг засварлаж байгаатай холбогдуулан түр зам гаргасан ч борооны улмаас усанд автсан байна. Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд 25-26 см ус давсан бол Улаанбаатараас Чойр чиглэлд 160 метр зам дагуу хөвөө усархаг борооны улмаас угаагджээ. Эгийн голын усны түвшин нэмэгдэж, Тэшигийн гүүрийн далан 20 метр газар сэтэрсэн тул тус чиглэлийн замыг түр хаагаад байгаа билээ. Усархаг борооны үеэр эвдрэл гэмтэл үүссэн Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын аюулгүй зорчих байдлыг хангахаар Авто тээврийн үндэсний төвийн баг бүрэлдэхүүн арга хэмжээ авчээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын судалгаагаар нийслэлийн хэмжээнд үерийн аюултай орчинд буусан 3200 айл өрх байгаагаас 1600 айл өрх нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй аж. Харин үлдсэн айл өрхүүдэд үерийн аман дээр буусан тул нүүхийг шаарддаг боловч үл хэрэгсдэг гэнэ. Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол, Баянзүрх дүүргийн Цайз захын араар оршин суугчид, Налайхын Хонхор өртөөнийхөн усанд автсан. Энэ мэт 30 гаруй дуудлагаар Нийслэлийн Онцгой комиссын гишүүд найман баг болон ажиллаж байна.
Үерийн усанд автсан газарт айлын бохирын өтгөн шингэн хальснаар халдварт шар, цусан суулга, гэдэсний балнад зэрэг өвчин дэгдэх аюултай нөхцөл байдал үүсдэг. Энэ мэт үерийн гамшгаас урьдчилан сэргийлж, цэвэр ус нөөцлөх, хоол хүнсний бүтээгдэхүүнээ норохоос сэргийлэх, чухал бичиг баримт, ном сонин зэрэг эргэж сэргээгдэхгүй зүйлсийнхээ хадгалалт, хамгаалалт тал дээр анхаарах, хувцас гутлаа тусгайлан нөөцлөх зэрэг ахуйн арга хэмжээгээ дор бүрнээ базааж байх хэрэгтэйг энэ усан бороо хатуухан сануулж өглөө. Нийслэл хотдоо бид эрүүл, аюулгүй амьдармаар байна. Наанадаж цэвэр цэмцгэр хувцастай, тэгш дардан замаар алхмаар байна. Уртын харайлтаар уснааас ус гэтлэн, хашааны сараалжаар дамжин хүн аалз лугаа “явах”, “хороолол хүргэх завь хөлсөлнө” гэж хошигнох , замын хашлага дээр тэнцвэрээ олон алхах дасгалыг өдөр бүр хийсээр загварын тайзан дээр ч жанжин шугамаар нь алхахаар болсон нийслэлчүүдийн бид замын шалбаагнаас бултаж зугтаж, бэмбэгнэхгүй, тог цохих вий гэж цочиж, түгшихгүй, цэцэрлэгт хүрээлэнтэй гудамжаар цээж дүүрэн амьсгалж ажилдаа хоцрохгүй, авто зам дээр бөглөрөхгүй, гэртээ живэхгүй, гэмтэн шиг хохирохгүй тайван амьдармаар байна.
Гэрэл зургийг Ц.Баярбаатар
Сэтгэгдэл ( 1 )
Haha yoooyoo bid nar neeree ineedmiin kino yuma. 2000 garan toon us soruulj gene chaavaas, ter yalaa gej nemer boloh ve de