Нэг талд үйлчилсэн ажлын хэсгийн дүгнэлтээр Засгийн газар шийдвэр гаргаж болохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт хууль бусаар олборлолт явуулсаар байгаа “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааны эсрэг нутгийн иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтарсан шахалт, шаардлагын мөрөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж,  ШУА-ийн хүрээлэнгүүд, Уул уурхай, ашигт малмталын салбарынхан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын төлөөллүүдийг багтаасан Ажлын хэсгийг наймдугаар сарын 4-нд Гурвантэсийн нутаг, Баянтэсийн уурхайд ажиллуулсан.

Газар дээрх шалтгалт хагас өдөр үргэлжилж, ширгэсэн булаг шанд, горхийг бүрэн үзэж харж судлаагүй, Баянтэсийн уурхайн ажилчдын аман мэдээлэлд үндэслэн ажлын хэсгийн дүгнэлтийг гаргах нь тодорхой байсан төдийгүй угаасаа “Сауд гоби коал транс” компанид зөвшөөрлийг нь олгосон субъектүүд ажлын хэсэгт багтсан тул өөрсдийн шийдвэрийг хамгаалах нь ойлгомжтой байв.

Иймд Ажлын хэсэг гаргаж, нөхцөл байдал, үүсээд байгаа зөрчилд бодитой дүгнэлт хийж өгнө үү хэмээн шаардсан нутгийн иргэд, тэмцэгчид Ажлын хэсгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж мэдэгдэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн юм. Уг ажлын хэсгийг ашиг сонирхлын зөрчилтэй, эцсийн дүгнэлт нь нэг талд үйлчилсэн байх нь ойлгомжтой учраас тэр дүгнэлтэд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргах нь учир дутагдалтай гэж үзэж, иргэдийн төлөөлөл дараах шаардлагыг гаргаад байв.

Харин өнөөдөр дээрх Ажлын хэсэгт багтсан нөхдүүд хэвлэлээр огт өөр зүйл ярьж, өөрсдийнхөө шийдвэр болон ашиг сонирхлыг хамгаалцгааж байна. Ажлын хэсэгт иргэдийг төлөөлсөн “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаярыг ажлын хэсэгт багтсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгож, үүнийг хэвлэлээр ярьцгааж байгаа нь хуулийн мэдлэгтэй хэнд ч үнэмшилгүй тайлбар юм.

Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь шийдвэр гаргах, зөвшөөрөл олгох онцгой эрхтэй субъект буюу Ажлын хэсэгт багтсан байгаль орчин, уул уурхай, ашигт малтмал гээд салбар хариуцсан төрийн албан хаагчдад яригддаг асуудал болохоос биш Та бүхний нэг талд үйлчилсэн шийдвэрийн улмаас хохирсон хохирогчдыг хэлдэггүй юм.

Тосон бумба үндэсний хэлэлцүүлэгт оролцсон Ажлын хэсгийнхний мэдээлэл “Сауд гоби коал транс” компанийн зөвшөөрөл шиг цаасан дээр хийгдсэн, бүх зүйл нь болж бүтэж байгаа тухай байлаа. Тухайлбал, Ажлын хэсэгт багтаж, “Баянтэс”-ийн уурхайд ажиллаад ирсэн БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Мөнхзул газар дээрх шалгалтынхаа талаарх дараах байдлаар танилцуулжээ.

Тэрбээр “Баян тэсийн уурхай нь том сайрын аман дээр байрладаг. Нүүрс олборлох явцад шүүрлийн ус гарах нөхцөлтэй. “Зүүн булаг” булаг нь 11 метр урттай, 5 метр орчим өргөнтэй урсацгүй. “Хойд хөвд” булаг нь уурхайгаас 15-18 км зайд байрладаг. Хашаалж хамгаалсан, мал орж булингартуулснаас болж сул шаргал өнгөтэй болсон. “Хошуут булаг” нь уурхайгаас 15-18 км зайд байрладаг” гэжээ. Өнөөдөр Баянтэсийн уурхайн олборлолт хийж буй талбайгаас хэмжилт хийхэд ийм байдал харагдаж байж болох. Гэвч “Саул гоби коал транс” компанийн уурхайн зөвшөөрөлтэй талбай 153 мянга га газар. Улаанбаатар хотын газар нутгаас ес дахин том газар нутаг. Нүүрс хэмээх ашигт малтмалын нэг онцлог нь маш том талбайг хамарч, олон сая тонноор нь олборлож байж эдийн засгийн үр ашгаа өгдөг.

Тэгэхээр нэг мэдэхэд л одоо 15-18 км зайтай, яах ч үгүй гэж байгаа булаг шанд нэг өдөр л уурхайн нүх болж хувирах учраас нутгийн малчид тэмцэж буй юм.

Нөгөө талаас энэ нь Өмнөговийн иргэдийн л хэрэг явдал гээд хэгжүүрхээд хаячихаж боломгүй огт өөр үзэгдэл үүний цаана яваа нь “хуулийн хулгай” юм. Тэд бүх юм хуулийн дагуу гэж байгаа боловч хуулийг тэд өөрсдийнхөө талд гаргуулсанд л учир нь бий. Тосон бумбад үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” компанийн эсрэг тэмцэл нь ердөө л Б.Чойжилсүрэнг хааж боох гээд байгаа, эсвэл заримынх нь цоллож буй шиг мөнгө нэхээд байгаа жижигхэн эрх ашгийн төлөөх шантааж биш. Хуулийн хулгайчид үргэлж ялан дийлсээр байх уу, бидний гучин жил замнаж байж буй болгосон хуульт ёс ялах уу гэдэг хоёр асуултын хариултын төлөөх тэмцэл юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.24) 2019 оны 09 сарын 25

Төрийн албаны ажлын хэсэг төрийн болон ард түмний ашиг сонирхлыг хамгаална шүү дээ. Хараат бус ажлын хэсэг гэж тусад нь байгуулж болно л доо гэхдээ энэ нь маргаантай асуудал дээр гардаг. СГКТ-ын уурхайн хувьд маргаанүй хууль бус учир маргаад байх ююм байхгүй

0  |  0
haha(202.21.108.236) 2019 оны 08 сарын 12

niileed 30000 ga gazar

0  |  0
Zochin(202.9.42.9) 2019 оны 08 сарын 12

Ajliin hesegee oorsdoo tomilchhood daraa n balai2 ym yriha bolimoor ymaa

1  |  0
Top