Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн Удирдах зөвлөл өчигдөр /2019.08.14/ хуралдаж, тус эвлэлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр албан тушаалаа түр хугацаанд шилжүүлсэн Х.Мандахбаярын сонгуульт албан тушаалыг сэргээсэн байна. Өөрөөр хэлбэл МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сонгуульт албаа дахин хүлээн авчээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 3-ны өдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн ажлаас түр түдгэлзэж буйгаа мэдэгдэж, өөрийн төрсөн нутаг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй уурхайн үйл ажиллагааг зогсоохын төлөө тэмцэхээ илэрхийлж, албан тушаалаасаа түдгэлзээд байсан билээ.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон нутгийн иргэдийн тэмцэл үр дүнгээ өгч, Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь тусгай хамгаалалтад авч, улмаар тус нуруунд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд Гоби Коэл транс” компанийн үйл ажиллагааг зогсоогоод байна.
Иймд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн тэмцэл үр дүнгээ өгсөн тул тэрбээр сонгуульд ажилдаа эргэн орлоо. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн цахим хуудсандаа дараах тайлбарыг хийсэн байна.
Тэрбээр “Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл бол Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль сахиулах, уул уурхай хариуцлагатай байх, сэтгүүлзүй хараат бус байх, сэтгүүлч худалдагдахгүй байх жишиг тэмцэл байж чадсан гэдгийг итгэл төгс, нүүр бардам хэлэхдээ таатай байна. Цаашид энэ жишгээр хууль бус аливаа үйл ажиллагаа, ялангуяа байгаль дэлхийг сүйтгэж буй хариуцлагагүй уул уурхайнуудын бусармаг үйлдэл бүхэнтэй тэмцэж буй шударга иргэдээ дэмжиж, мэдээллийг олон нийтэд хараат бусаар хүргэх, төрийн байгууллагын анхаарлыг хандуулах ажилд манлайлан оролцож, сэтгүүлчийнхээ үүргийг нэр төртэй биелүүлэхээ мэдэгдэж байна. Шударга үнэний дуу хоолой байх, нийгмээ соён гэгээрүүлэх сэтгүүлзүйн салбарын үндсэн хоёр үүргээ сэтгүүлч бүр ухамсарлан ажиллаж, улсынхаа хөгжилд өөрийн бодитой хувь нэмрээ оруулахыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууддаа уриалъя.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Амласан ёсоор 16 давхар сэтгүүлч ордноо барина. 1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа шинэчлэн батлуулна. Салбарын бусад хуулиудыг батлуулахад манлайлан оролцох болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүгийн эх үүсвэр, эзэд нээлттэй ил тод байх асуудалд онцгой анхаарч, хуулинд тусгуулахын төлөө ажиллана. Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлж, сэтгүүлчдээ гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэхэд бодитой алхам хийж ажиллана. Гадаад харилцаагаа өргөжүүлж, ойрын гурван жилд дэлхийн 25 улстай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулж, сэтгүүлч солилцоо, контент солилцоо, харилцан туршлага судлах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ бүх санаачилга бол эцсийн бүлэгт сэтгүүлзүйн салбарын хараат бус байдлыг дээшлүүлэх, сэтгүүлчийн хараат бус үйл ажиллагааг дэмжих замаар нийгмээ соён гэгээрүүлэх, шударга ёсыг тогтоох үндсэн зорилгын төлөө гэдгийг нийт иргэддээ, салбарынхандаа хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )