Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос 2019 оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх мэдээллийг өчигдөр хийлээ. 2019 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын ДНБ 17.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 2.3 (14.9%) их наяд төгрөгөөр өссөн байна. Экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.
Гадаад худалдааны салбарт бараа эргэлтийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны бараа эргэлт 8.1 тэрбум ам.долларт хүрчээ.Гэсэн ч экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний хувьд төрөлжилт явагдаагүй байна. Зөвхөн уул уурхай, эрдэс бүтээгдэхүүнээс хамаарсан экспорт манай улсын эдийн засгийн гол өсөлтийг хангаж багаа аж.
Үүн дотроо чулуун нүүрсний экспорт, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт хамгийн өндөр өсөлт үзүүлжээ. Цаашид манай улсын хувьд экспортлох бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Эдийн засгаа солонгоруулахын тулд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин гадаад улс оронд экспортлох бүрэн боломж манай улсад бий хэмээн судлаачид үзэж байна.
Гадаад худалдааны салбар өсөлттэй ажиллаж байна
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний долоон сард 8.1 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 4.6, импорт 3.5 тэрбум ам.долларт тус тус хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 696.4 (9.4%) сая ам.доллараар өсөж, үүнээс экспорт 454.8 (11.0%) сая ам.доллараар, импорт 241.6 (7.4%) сая ам.доллараар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Харин экспорт өмнөх оны мөн үеийнхээс 454.8 сая ам.доллараар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая ам.доллараар өссөн нь эдийн засагт голлох нөлөө үзүүлсэн байна.
Импортын хувьд 241.6 сая ам.доллараар өсжээ. Үүнд эрдэс бүтээгдэхүүний импорт 47.8 сая ам.долларыг эзэлж байгаа бол үүнээс дизель түлш 82.5 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 162.2 сая ам.доллараар өссөн нь энэхүү өсөлтөд голлох нөлөө үзүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )