Цэргийн музейд дайны үеийн бодит байдлыг харуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музейд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнг өнөөдөр /2019.08.22/ нээлээ.

Тус үзэсгэлэн нь бидний эрх жаргалант амьдрал ямар их үнэ цэнээр өвлөгдөн ирснийг таниулах, та биднийг цэрэг, эх оронч үзлээр төлөвшүүлэх зорилготой бөгөөд Халх голын байлдааны оршил, үндсэн, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, мэдээ  мэдээлэл танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлүүд дэлгэгдсэн юм. Мөн Халх голын байлдааны ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн “Баянцагааны тулалдаан”-ы үйл явдлыг харуулсан орчинг бүрдүүлж үзүүлснээрээ онцлог байлаа.

Музейн нээлтэд Батлан Хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Батлан Хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Батбилэг, Монгол Улс, ЗХУ-ын баатар хошууч генерал Ж.Гүррагчаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга МУГЖ Эрдэнэбат болон Монгол Улсад суугаа ОХУ болон БНХАУ ын Элчин сайдууд, цэргийн атташе нар оролцлоо.

 

 

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж: “Батлан Хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музей “Бид мартахгүй” үзэсгэлэнг бие дааж,  зохион байгуулж  өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ жилийн хувьд  манай Батлан хамгаалах Зэвсэгт хүчний хэмжээнд  томоохон түүхэн үйл явдал Халх голын байлдааны түүхт 80 жилийн  ой тохиож байгаа. Энэ ойд  зориулж Монгол улсын засгийн   газар  онцгой анхаарч Монгол улсын Шадар  сайдаар ахлуулсан үндэсний хороо  ажиллаж байна. Энэ хүрээнд  түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Монгол улсын Батлан хамгаалахын яам гол үүрэгтэй  оролцож, түүхт ойг ёслол төгөлдөр  сайхан тэмдэглэхийн  төлөө Оросын Холбооны Улс гадаад яамтайгаа хамтарч маш сайн зохион байгуулж байна. “Бид мартахгүй” түүхэн үйл явдлаар Батлан хамгаалахын яамнаас хариуцан зохион байгуулж байгаа томоохон ажлууд зохион байгуулж байгаа билээ. Маргааш бид Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан Халх голын байлдааны  талаарх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  зохион байгуулах ба энэ хуралд  ОХУ, БНХАУ, Япон улсаас төлөөлөгчид оролцоно. “Бид мартахгүй” музейн үзвэрийг улам баяжуулах, түүхэн гамшиг байлдаан дахин давтагдахгүй байх, Халх голын түүхэн ялалт маань Монгол Улсад ямар их үнээр  тусгаар тогтнол аюулгүй байдлаа хадгалж үлдсэн юм бэ гэдгийг  ард иргэд, хүүхэд залуучууддаа  сурталчлан  алдаршуулахыг  зорьсон” гэв.

 

 

Халх голын дайнд оролцож явсан Дорнод аймгийн харъяат өндөр настан Ц.Чимэдцэрэн “1939 оны Халхын голын дайнд Цэргийн эмнэлэгт ажиллаж байсан. "Цэргийн музейг үзээд одоогоос наян жилийн өмнөх үеийг харах шиг боллоо” гэв.

Монгол Цэргийн музейн дарга, хурандаа Д.Ганзориг  “Монгол цэргийн музейн хамт олны өмнөөс Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Манай үзэсгэлэн дотор талбайд байлдааны үеийн бодит байдлыг харуулсан тайз засал, эд өлгийн зүйл гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. халх голын байлдааны бодит байдлыг харуулсан нь энэ жилийн онцлог байлаа. Цаасан дээр юм уу дэлгэцээр харах, бодит байдлыг харах хоёрт асар том ялгаатай байдаг юм байна. Залуу хойч үе маань дайчин баатруудынхаа түүхэн гавъяаг мартах учиргүй учир тэдний ой тоонд ортол, нүдэнд харагдахаар бодож бүтээсэн нь энэ. Энэхүү үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 16 хүртэл нээлттэй. Байгууллага, сургууль, хамт олноороо өргөнөөр ирж сонирхохыг урьж байна” гэлээ.

“Дайн дэгдээсэн ямар ч улс эх орноо хамгаалж буй дайчин эрст ялагддаг юм гэдгийг Халхын голын дайны ялалт ямагт сануулж байх учиртай учраас бид энэхүү түүхэн гавьяаг мартах ёсгүй. Орос, Монгол зүрхэнд энэ ялалтын уухай одоо ч нүргэлсээр байгаа түүхэн дурсамжаар бид ямагт холбоотой ахан дүүс байсаар байх болно”  Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийн хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын эрдэм шинжилгээний ахлах ажилтан дэд профессор Божедомов Борис Александрович хэллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top