80 жилийн өмнөх түүхэн гавьяаг БИД МАРТАХГҮЙ

2019 оны 08 сарын 23

Намрын эхэн сарын нартай цэлмэг өдөр Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музейд дайны хүнд өдрүүдийн “тэнгэр бүрхэв”. Тус музейн гадаах талбайд Халхголын байлдааны үед хэрэглэж байсан танк, их буу, онгоц, хуягт машиныг байрлуулсан бөгөөд цэргийн хувцастай ахмад дайчид, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн эгнэн зогсжээ. Ямар нэгэн зүйлийг хүлээж буй хурандаа, генералууд, эрдэмтэн судлаачид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчид мөн хэвлэл мэдээллийнхэн бүрээн дуугаар бөөгнөрөн зогслоо.

Хөгжим дуугарч цэргийн дүрэмт хувцастай хөтлөгч эмэгтэй 

“Жилийн тэртээ  дуугарсан буун дууг хааж

Жиг сэжүүр төрүүлсэн 30-аад оны мананг 

Жирийн үнэний  хуулиар хутга шиг сийчиж урссан

Жирмэн хөх урсгал Халхын гол байсан юм” гэж  хуран чуулсан хүмүүстэй мэндчилж Халхголын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан тус музейн “Бид мартахгүй” үзэсгэлэнг нээлээ. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид Халхын голын дайны ялалтын он жилүүдийг эргэж бодогдуулам, эр цэргийн цог жавхааг илтгэсэн сүр бадрангуй дууг сонордуулж,  зочдын сэтгэлийг сэргээж, зовхийг өргөлөө.

 

 

Сэтгэл баясгасан найрал дуучдын араас “Халх голын өвөл” дууг тус чуулгын гоцлол дуучин МУГЖ Ч.Баярмаа өргөн барьсан  бол  алдарт “Цэрэг” бүжгийн чуулбарыг чуулгынхан бүжив. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Соёл урлагийн газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат, Монгол Улсын болон Зөвлөлт холбоот улсын баатар, хошууч генерал  Ж.Гүррагчаа болон Монгол Улсад суугаа ОХУ болон БНХАУ-ын Элчин сайдууд  нийслэлийн удирдлага Зэвсэгт хүчний ангиуд хүрэлцэн ирсэн байлаа. “Бид мартахгүй” үзэсгэлэнгийн үеэр цэргийн гавьяаны улаан тугийн одонт  Монгол Цэргийн музейн дарга, хурандаа Д.Ганзориг  “Монгол цэргийн музейн хамт олны өмнөөс Халхголын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Манай үзэсгэлэн  гурван хэсэгтэй. Гадна талбайн үзэсглэнг та бүхэн бэлхнээ харж байна. Дотор талбайд байлдааны үеийн бодит байдлыг харуулсан үзмэр байхаас гадна дайны үед хэрэглэгдэж байсан эд өлгийн зүйлээс бүрдсэн. Халхголын байлдааны бодит байдлыг харуулсан нь цаасан дээр юм уу дэлгэцээр харахаас асар том ялгаатай гэдгийг мэдрүүлэх зорилготой. Залуу хойч үе маань дайчин баатруудынхаа түүхэн гавъяаг мартах учиргүй учир тэдний ой тоонд ортол, нүдэнд харагдахаар бодож бүтээсэн нь энэ. Энэхүү үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 16 хүртэл нээлттэй. Байгууллага, сургууль, хамт олноороо өргөнөөр ирж сонирхохыг урьж байна” гэлээ. Ийнхүү Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж эх орны ариун хөрсөнд өлгийдүүлэн мөнх нойрсож буй дайчин баатруудынхаа яруу алдрыг хүндэтгэн дурсаж, нээлтийн туузыг хайчиллаа.

 

 

Энгэр дүүрэн одон гялалзуулсан өндөр настан буурай, Халхголын байлдаанд оролцож байсан  Ц.Чимэдцэрэн зочдын харааг булааж, хүндэтгэлийг төрүүлсэн хамгийн ахмад дайчин байлаа. Тэрбээр “Эмээ нь 1939 оны Халхын голын дайнд Цэргийн эмнэлэгт ажиллаж байсан. “Цэргийн музейг үзээд одоогоос наян жилийн өмнөх үеийг харах шиг боллоо” гэв.  Монгол цэргийн музейн танхимд өнгө, өнгийн гэрлээр гоёсон үүдэн төв  хэсэгт одоогоос 80 жилийн өмнөх Халхголын байлдааны ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн “Баянцагааны тулалдаан”-ы үйл явдлыг харуулсан орчин угтлаа. Элгээрээ хэвтэж, дайсан руу галлаж буй дайчид, өстний нуувч руу дурандаж буй ахмад, дайны мөнхийн анд нөхөр үнэнч хүлэг морь зэрэг тухайн цаг үеийн бодит байдлыг түүхэн ялалтын 80 жилийн ойгоор анх удаа дэлгэн харуулж байгаагаараа онцлог юм.  Командын байранд тактик боловсруулж буй Маршал  Жуков, Чойбалсан хоёрын дэргэд зургаа татуулах Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийн хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын эрдэм шинжилгээний ахлах ажилтан дэд профессор Божедомов Борис Александровичийн сэтгэгдлийг сонсов.  “Дайн дэгдээсэн ямар ч улс, эх орноо хамгаалж буй дайчин эрст ялагддаг юм гэдгийг Халхын голын дайны ялалт ямагт сануулж байх учиртай учраас бид энэхүү түүхэн гавьяаг мартах ёсгүй. Орос, Монгол зүрхэнд энэ ялалтын уухай одоо ч нүргэлсээр байгаа түүхэн дурсамжаар бид ямагт холбоотой ахан дүүс байсаар байх болно”  гэв.

 

 

 

Энэхүү үзэсгэлэнд бидний энх тайван амьдрал ямар их үнэ цэнээр өвлөгдөн ирснийг таниулах, та биднийг эх оронч үзлээр төлөвшүүлэх, Халх голын байлдааны оршил, үндсэн, төгсгөл үеийг харуулсан мэдээ мэдээлэл бүхий гэрэл зургийн  самбарууд, архивын эх баримт болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлүүд дэлгэгджээ. “Бид мартахгүй” үзэсгэлэнгийн бодит мэдрэмжээр зорчиж, 80 жилийн өмнөх цаг хугацаагаар аялахдаа гал цогтой эрсийн халуун гартаа атгаж асан буу, дарийн утаа сөрж давхисан морьдын эмээл, дайсны өөдөөс тэмцэж байсан он жилүүдэд очив. Ай, бидний эрх чөлөө, тусгаар тогтнол ямархан үнэ цэнээр олдсоныг БИД МАРТАХГҮЙ.

 

 

Ө.Энхжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top