ЗИНДАА 2019.08.26 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

#1 ХХ ХӨТӨЛБӨР: СУВАРГА ХАЙРХАНЫ ХӨНДИЙ ХОРООР ТЭЖЭЭГДЭЖ БАЙНА

Уул уурхай, геологи хайгуул, барилга байгууламжийн салбарт 25 жилийн түүхээ бичсэн, Монголын тэргүүлэгч компаниудын нэг хэмээн өөрсдийгөө тодотгон тодорхойлсон “Улз групп” компани гол мөрөн, ой мод, газар хөрс гээд байгаль эх, экосистемийг хайрлалгүй хэрхэн хандсаныг та одоо харж байна. Монголын хамгийн урт гол Орхоны эхний хэсэг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтдаг. Гэвч байгаль хамгаалахад зориулж баталсан Монгол Улсын хуулиуд энд үйлчилсэнгүй. Хэдхэн кг алтны төлөө гол, булаг шандыг ийн булшилсан үйлдлийг дэлхий дахинаа байгаль орчин, хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэг гэж үздэг. Монгол Улсад ч мөн ялгаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль гээд олон хуульд голын голдирлыг өөрчлөх, булаг шанд, гол горхийг санаатайгаар устгаж ширгээвэл хуулийн хариуцлага тооцохоор заачихсан байгаа.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг шалгах хэлтсээс гаргасан статистик мэдээг харъя. Байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн дотор тулгамдаж буй гол асуудал нь усны бохирдол болохыг хууль хяналтын байгууллага тогтоожээ. 2017 онд гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 760 булаг, шанд, 344 гол горхи, 391 нуур, тойром хатаж ширгэсэн гэсэн тоон мэдээлэл бий. Уур  амьсгалын өөрчлөлт, жилд орох хур борооны хэмжээ энд нөлөөлж байгаа ч байгаль орчин доройтох шалтгааны 90 гаруй хувь нь зөвхөн хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалдаг гэдгийг мартаж болохгүй. 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар гэхэд л хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох  21 гэмт хэрэгт хэрэг бүртгэгдсэнээс гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан мэдээ байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ОЛИГАРХИ БА ОРК

Хэвлэл, мэдээллийн болоод нийг­мийн сүлжээний сэдэвт “олигархи”, эсвэл “орк” хэмээх хоёр баатар зонхилж, төр, засгийн бодлого, шийдвэр ч тэдгээрт чиглэгдэх болоод багагүй хугацаа өнгөрч байна. Олигархиуд нь төсвийн санхүүжилттэй тендер, концесс, хөрөнгө оруулалт, сангуудын зээлийг улстөрчдөөр дамжуулан олж авч, бизнесээ өргөтгөдөг хэсэг бол оркууд нь мөн л төсвийн санхүүжилттэй халамж, тэтгэмж, тэтгэврийг хамж авч, амьдралаа залгуулдаг тэр хэсэг. Нийгмийн дээд, доод давхарга болон төлөвшиж буй олигархиуд ба оркуудын дунд жийрэг маягаар оршиж, нэгэнд нь боломжоо, нөгөөд нь мөнгөө хураалгаж ирсэн ДУНДАЖ давхаргын төлөө хэн юу хийв ээ?! Эдийн засаг уул уур­хайн хоёр дахь тэсрэлтийн үед буюу 2008-2012 оны хооронд гурав дахин тэлэхдээ төсвийн орлогоос иргэн бүрийнхээ регистрийн дугаараар бэлэн мөнгө тарааж эхэлсэн давлагаа сонгуулийн хоёр ч мөчлөг дамжин үргэлжилж, ажилгүй ч амьдраад байдаг бүхэл бүтэн давхаргыг хөл дээр нь босгосон юм. Төрийн халамж, төсвийн тэтгэмжээр тэжээгдэн боссон “орк”-уудын загалмайлсан эх нь төрийн бодлого өөрөө. Нийгмийн хамгийн гол цөм болох татвар төлөгч, баялаг бүтээгч, зах зээлийн гол худалдан авагч болсон дундаж давхаргынхны хуримтлал тэрхүү бодлогын цоорхойд дараа, дараагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд “Хүний хөгжил сан”-гийн өрөнд урсан одсон юм.

Нөгөө талд нь төрийн эрх мэдэлд хүрсэн улстөрчдийг хувьчлан хувааж халаасалсан том компани, групп, толгой бизнесмэнүүд төсвийн санхүүжилттэй тендер, концесс, төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлыг авахын төлөө сонгуулийн дүн төдийгүй Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд хэн хэн багтахыг удирдан шийдэж ирлээ. Нэг гараа  олигархиудад атгуулсан төр засаг нөгөө гартаа оркуудыг хөтөлж, баруун зүүн халаасаа тэдэнд “ухуулж” ирсний төлөөсөнд өнөөдөр дундаж давхарга хоёр хуваагдан хэмлэлдэж байгааг бид харж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 Н.ОЮУНДАРЬ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ХАРИУЦЛАГА ТООЦДОГ МЕХАНИЗМ БҮРДЭХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлсэн. Та Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр ямар байр суурьтай байна вэ. Үндсэн хуулиа өөрчлөх цаг үе нь мөн үү?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах жинхэнэ цаг хугацаа гэж байдаг бол одоо л тэр цаг тохиогоод байна. Түүхэн боломж гэж харж болох юм. Эцэг хуульдаа өөрчлөлт оруулъя гэж өнгөрсөн гурван парламент дамжин яригдаж, төсөл дээр ажиллаж байлаа шүү дээ. Өнгөрсөн парламентад гэхэд Н.Батбаяр нарын төсөл, 2008-2012 онд гэхэд Ж.Сүхбаатар нарын ажлын хэсэг гээд дорвитой ажиллаж байсан. Энэ хүрээнд олон ч хэлэлцүүлэг явагдаж байлаа. Улс төрийн хийгээд түүхэн тохироо бүрдэнэ гэж байдаг. Яг л тэр тохироо бүрдсэн ийм цаг үеийг бид алдаж болохгүй. Паралментад аль нэг улс төрийн хүчин давамгай суудал авч байж Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол гацаанаас хэзээ ч гарахгүй юм байна гэдгийг бид хангалттай харсан. Нэг нам үнэмлэхүй олонх байлаа гээд хүч түрэн явах биш бусад улс төрийн намуудынхаа санаа оноог сонсож зөвшилцөөд явбал илүү үр дүнтэй. Нийгмийн сайн сайхны төлөө цаг үеэ мэдэрч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий.

1992 онд баталсан Үндсэн хууль тухайн цаг үедээ нийгмийн бүхий л цар хүрээг хамарч батлагдаж чадсан. Б.Чимид багш голлож ажиллаж байсан гэдэг боловч маш олон эрдэмтэн, тал бүрийн саналыг зөвшилцөж ардчилсан нийгэмд хөл тавьсан манай орны хувьд хамгийн тохиромжтой Үндсэн хууль болсон юм. Тухайн үед Монгол Улс ямар засаглалтай байхаас эхлээд бүх зүйл маш тодорхой болсон. Хэдийгээр парламентын засаглалыг бид сонгосон ч эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг шиг Ерөнхийлөгчид ирэх эрх мэдлийг нь хүртэл тусгаж өгсөн. Тэр үед үүнээс өөр сонголт байгаагүй байх.

Түүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг маш олон удаа ярьсан. Гэсэн ч дорвитой өөрчлөлт оруулж чадаагүй. Оруулсан нэг өөрчлөлтийг нь ард түмэн “Дордуулсан долоон өөрчлөлт” гээд нэрлэчихсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 Э.ОЮУНБОЛДЫН ШИНЖИЛГЭЭНЭЭС ДОПИНГ ИЛЭРСНИЙГ ЗАРЛАЛАА

Үндэсний бөхийн салбар хороо допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхийн нэрийг яаралтай зарлх зүйтэй гэж Шадар сайд хэллээ. Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлж байлаа. Мөн барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. Харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ШИНЭ МОНГОЛ БӨХТЭЙ НАМРЫН ТЭМЦЭЭНИЙ БАНЦҮКЭ

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сард Токиод эхлэх Намрын тэмцээний банцүкэг танилцууллаа. Өнгөрсөн башёд түрүүлсэн ёкозүна Какүрюү зүүний манлайд жагсаж, Хакүхо аварга баруун манлайг тэргүүллээ. Озэки Гоэйдо найм, Точиношин гурав дахь удаагаа кадобан болж байна. Баруун өвдөгний гэмтлээр Нагояд барилдаагүй Такакэйшёо сэкивакэ боллоо. Хэрэв тэр Намрын тэмцээнд 10 давбал озэки цолоо эргүүлэн авна. Митакэүми 16 башё дараалан санякүд барилдаж байгаа нь Ваканосатогийн 19 башёгийн дараа орох амжилт боллоо. Хаяатэказэ дэвжээний Цүрүгишёо шинээр макүүчид дэвшлээ. Манай Азүмарюү 30 башё жюүрёод барилдсаны эцэст дахин дээд зиндаанд барилдах болсон. Мөн Сэйро жюүрёод дахин дэвшиж, Араваши макүшитад уналаа. Таканоивагийн ахын хүү Хокүтэнкай хэмээх Г.Сүхбат жонокүчид нэр нь бичигдлээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top