УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлсэн. Та Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр ямар байр суурьтай байна вэ. Үндсэн хуулиа өөрчлөх цаг үе нь мөн үү?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах жинхэнэ цаг хугацаа гэж байдаг бол одоо л тэр цаг тохиогоод байна. Түүхэн боломж гэж харж болох юм. Эцэг хуульдаа өөрчлөлт оруулъя гэж өнгөрсөн гурван парламент дамжин яригдаж, төсөл дээр ажиллаж байлаа шүү дээ. Өнгөрсөн парламентад гэхэд Н.Батбаяр нарын төсөл, 2008-2012 онд гэхэд Ж.Сүхбаатар нарын ажлын хэсэг гээд дорвитой ажиллаж байсан. Энэ хүрээнд олон ч хэлэлцүүлэг явагдаж байлаа. Улс төрийн хийгээд түүхэн тохироо бүрдэнэ гэж байдаг. Яг л тэр тохироо бүрдсэн ийм цаг үеийг бид алдаж болохгүй. Паралментад аль нэг улс төрийн хүчин давамгай суудал авч байж Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол гацаанаас хэзээ ч гарахгүй юм байна гэдгийг бид хангалттай харсан. Нэг нам үнэмлэхүй олонх байлаа гээд хүч түрэн явах биш бусад улс төрийн намуудынхаа санаа оноог сонсож зөвшилцөөд явбал илүү үр дүнтэй. Нийгмийн сайн сайхны төлөө цаг үеэ мэдэрч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий.
1992 онд баталсан Үндсэн хууль тухайн цаг үедээ нийгмийн бүхий л цар хүрээг хамарч батлагдаж чадсан. Б.Чимид багш голлож ажиллаж байсан гэдэг боловч маш олон эрдэмтэн, тал бүрийн саналыг зөвшилцөж ардчилсан нийгэмд хөл тавьсан манай орны хувьд хамгийн тохиромжтой Үндсэн хууль болсон юм. Тухайн үед Монгол Улс ямар засаглалтай байхаас эхлээд бүх зүйл маш тодорхой болсон. Хэдийгээр парламентын засаглалыг бид сонгосон ч эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг шиг Ерөнхийлөгчид ирэх эрх мэдлийг нь хүртэл тусгаж өгсөн. Тэр үед үүнээс өөр сонголт байгаагүй байх.
Түүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг маш олон удаа ярьсан. Гэсэн ч дорвитой өөрчлөлт оруулж чадаагүй. Оруулсан нэг өөрчлөлтийг нь ард түмэн “Дордуулсан долоон өөрчлөлт” гээд нэрлэчихсэн.
-Уг нь ч бүгдээрээ дордуулчихсан юм байхгүй санагддаг шүү?
-Мэдээж бүгд дордсон өөрчлөлт байна гэж юу байхав. Тэр дундаа Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хүрээнд өөрчлөлт оруулж чадсан. Зарим зөв заалтыг нь хүртэл “Дордохын долоон өөрчлөлт” дотор багтаачихаад байгаа юм.
Харин одоо өргөн баригдсан Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний төслөөр нэлээдгүй өөрчлөлт оруулж байгаа. Энэ төслийн гол өөрчлөлт нь байгалийн баялаг өөрөө ард түмний өмч гэдгийг илүү тодотгож өгч байна. 1992 оны Үндсэн хуульд “төрийн өмч” гэж заасан байдаг. Гэхдээ хэрхэн тэгш боломж бий болгож хуваарилах вэ гэдгийг тодорхой заагаагүй. Харин энэ удаагийн төсөлд ард түмний мэдэлд байх тэр боломжийг нээж өгч байгаа. Тэглээ газрын доорх баялгаа килограмм, килограммаар нь хувааж өгнө гэсэн үг биш. Боломжоо яаж ашиглаж ард түмэндээ тэгш хуваарилах вэ, нийгмийн дундаж давхаргыг хэрхэн босгож ирэх вэ гэсэн концепци явж байгаа юм. Энэ утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн цар хүрээ даацтай байна.
Хоёрдугаарт, Үндсэн хуульт төрийн байгуулалтын улс төрийн тогтолцооны асуудал бий. Гурван сая хүн амтай, дэлхийн хоёр том гүрний дунд оршин тогтнодог манай улсын хувьд парламентын засаглал хамгийн чухал. Парламентын засаглалтай орны хувьд парламентаа илүү төгөлдөршүүлж, хууль тогтоох эрхийг нь илүүтэй баталгаажуулж, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай. Парламентын засаглалтай орнуудын хувьд Гүйцэтгэх засаглал нь илүү хүчтэй байдаг. Тэр ч утгаараа Засгийн газарт хоёр том эрх мэдэл өгч байгаа.
Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлэх эрхийг нь өгч байна. Мөн Ерөнхий сайд төсвөө өөрөө мэдэх тэр боложмийг нээж өгч байгаа л даа. Засгийн газрын тухайд үүн шиг том эрх мэдэл гэж байхгүй. Төсөв хэлэлцэж байхад гишүүд тус бүртээ тойргийнхоо эрх ашгийг шингээх гэж зүтгэдэг. Тэр бүрт төсөв задрах эрсдэл бий болж байдаг. Одоо тэр зүйл байхгүй болно.
-Парламентын тогтолцооны хувьд...
-Парламентын засаглалтай орнуудыг харж байхад дийлэнх нь холимог тогтолцоотой байдаг. Бид хүссэн хүсээгүй парламентын засаглалыг төгөлдөршүүлж байна гэдэг утгаараа холимог тогтолцоо руу хэзээ нэгэн цагт явах л байсан байх. Манай намын бүлэг дээр ярьж байгаад жижиг мажоритар байсныг ямар ч байсан тогтолцооны хувьд пропорциональ хэлбэрийг оруулж ирэхээр дэмжсэн. Энэ нь өөрөө Үндсэн хуульд оруулж буй томоохон өөрчлөлтүүдийн нэг нь.
Ард түмэнд ус агаар шиг хэрэгтэй, хамгийн их хүсэмжилж буй зүйл нь шударга ёс. Шударга ёсыг шүүх дэнслэх учиртай. Шүүхийн хараат бус байдал шударга байдлыг ард түмэн хүсэмжилж байна. Энэ хүрээнд багагүй өөрчлөлт хийгдэнэ. Мөн орон нутгийн засаглалын тухайд сумын Засаг даргыг иргэд сонгодог байхаар анхны төсөлд орж ирсэн. Нэгдүгээр хэлэлцүүлэг хийгдсэний дараа гишүүд орон нутагт ажиллаад ирсэн. Орон нутагт ялангуяа иргэд Засаг даргаа сонгочихоод байхад дээд шатны Засаг дарга нь огцруулдаг байж болохгүй гэдэг шүүмжлэл гарсан. 1992 оны Үндсэн хуульд маань орон нутгийн засаглах хэлбэрийг төлөөллийн механизмаар дамжуулах болсон нь дэлхий нийтийн олсон хамгийн ололтой хэлбэрүүдийн нэг. Тиймээс энэ ололттой зүйлсээ улам төгөлдөршүүлэх ёстой. Том зургаа харвал ийм өөрчлөлтүүд орж байна.
-УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад УИХ-ын гишүүдийн тоог 99 байхаар дэмжсэн. Бүрэн эрхийн хугацаа нь таван жил байх юм билээ. Тогтолцоо нь холимог гээд явна. Ард түмэн 76 гишүүн хангалттай гээд байхад яагаад заавал гишүүдийн тоог нэмж оруулж ирсэн юм бол?
-Манай намын бүлгийн гишүүд өөр өөрсдийн саналуудаа хэлсэн. Саналуудаа албан бичгээр хүртэл хүргүүлсэн. Гишүүд тойрогтоо очиж ажиллахдаа гишүүдийн тоог нэмэх нь зөв үү гэхэд дийлэнх нь “УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй. Одоогийн 76 гишүүн юу нь болохгүй байгаа юм” гэдгийг хэлж байсан. Миний хувьд саналаа гишүүдийн тоог нэмэхгүй буюу 76 байхаар өгсөн. Гэсэн ч бүлэг дээр ярьж байгаад гишүүдийн дийлэнх нь “Гишүүдийн тоог нэмье” санал оруулсан. Ардчиллын зарчмаар бүлгийн олонхийн шийдвэрээ дагаж таарах нь.
-Нэмэхгүй байх боломжгүй байна уу. Парламентын болон УИХ-ын гишүүдийн нэр хүнд унасан болохоор тийм их эсэргүүцэл тулгараад байх шиг байна?
-Гишүүдийн тоог нэмэх гээд байгаа нь 1992 оны Үндсэн хуулийг баталж байхад нэг тойрогт дундажаар 15 мянган сонгогч байна гэж тооцсон юм билээ. Одоо хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр сонгогчдын тоо нэмэгдэж таарна. 1992 оных шиг 15 мянган хүнээр тооцохоор энэ тоо нэмэгдэх ёстой гээд байгаа юм.
Гишүүдийн тоо олон болсноор хяналт сайжирна гээд байгаа л даа. Хувь гишүүний маань байр суурь 76 гишүүнтэй байх. Бүлгийн шийдвэр гарсан болохоор хувь гишүүний байр суурь гэж байхгүй болчихож байна.
-Бүлэг хуралдаад шүүхийн сахилгын хороо байгуулахыг дэмжсэн байна лээ. Нэг үгээр хэлбэл Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн гээд байгаа л даа...
-Шүүхийн тухайд би гурван саналтай байгаа. Үндэсний зөвшилцлийн ажлын хэсгээс оруулж ирсэн орон тооны болон орон тооны бус гэсэн нэр томъёо аль ч орны Үндсэн хуульд байдаггүй. Үүнийгээ органик хуулиараа шийдээд явж болно гэдэг саналаа би хэлсэн. Хоёрдугаарт, нэг гарт хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлж болохгүй. Дорж, Дулмаа хэн байхаас үл хамаараад өөрөө хэмжээлшгүй эрх мэдэлтэй болчихдог. Шүүхийн ерөнхий зөвлөл менежент, санхүү төсөв, байр байшин, ямар шүүгчийг томилох вэ, ямар шүүгчийг огцруулах вэ, ямар шүүгчид хариуцлага тооцох вэ гээд бүгдийг нь мэддэг. Шүүхийн ерөнхий зөвлөлд маш их эрх мэдэл төвлөрчихөөд байгаа юм.
Олон улсын зөвлөмж, конвенциор дэлхийн шилдэг хуульчид шүүгчид манайхаар Шүүхийн ерөнхий зөвлөл, ямар нэгэн нэршлээс үл хамаараад энэ эрх мэдлүүдийг тараан байршуулж төвлөрлийг сааруулъя гэдэг зөвлөсөн. Дэлхий нийт яагаад ингээд байна гэхээр нэг гарт эрх мэдлийг төвлөрүүлчихээр дааж давшгүй эрх мэдэл бүхий институци болдог. Тиймээс шүүхийг томилохыг нэг хэсэг нь, огцруулахыг нэг хэсэг нь, менежментээ нэг хэсэг нь мэдэг гэдэг байдлаар хувааж болно. Хойд европын орнууд буюу Швед, Финляндад ийм жишиг үйлчилдэг. Төв европын Испани, Итали зэрэг орнууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх мэдлийг хоёр хуваадаг. Нэг хэсэг нь боловсон хүчнээ, нөгөө хэсэг нь Хууль зүйн яамныхаа харьяанд менежментээ мэддэг юм. Удирдлага зохион байгуулалтын хувьд ийм байх нь төвлөрлийг илүү сааруулдаг.
Гэтэл Үндэсний зөвшилцлийн ажлын хэсгээс оруулж ирсэн санал нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид эрх мэдлийг төвлөрүүлэхээр орж ирсэн. Тэгэхээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч маань дээд шүүхийн ажлаасаа илүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажил руу хутгалдах байдалд орохоор байна. Ингэж эрх мэдлийг хэт дулдуйдан олгож болохгүй юм аа.
Шүүнхтэй холбоотой гурав дахь асуудал нь бүрэлдэхүүнтэй холбоотой. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нараас бүрддэг байсан. Тиймээс бие биенээ таньдаг, мэддэг тул танилын нүүр халуун гэдэгчлэн хариуцлага тооцох зүйл нь хаягдчихаад байсан юм. Хэчнээн шударга хүмүүс байдаг ч гэсэн хэцүү л байдаг байлгүй. Харин энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр харьцангуй нээлттэй болгож байгаа. Яаж нээлттэй болгосон бэ гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 50 хувь нь шүүгч нараас, үлдсэн 50 хувь нь прокурор, өмгөөлөгч, эрдэмтэд, багш нар байх боломжийг нь нээж өгч байна. Үүнийг нь Сахилгын зөвлөл гэнэ үү, Хариуцлагын зөвлөл гэж нэрлэнэ үү тэр нь сонин биш. Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр хариуцлага тооцдог механизм бүрдэх ёстой.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг саналаа нэгтгээд дууссан гэж ойлгож болох уу?
-Бүлгийн хуралдаанаар шүүхтэй холбоотой томъёоллыг Д.Лүндээжанцан дарга арай өөрөөр оруулж ирсэн. Гэхдээ бидний анх оруулж ирсэн 62 гишүүний төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс аль алийг нь оруулж өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэн томилох вэ гэдэг нь ойлгомжгүй байдалтай байгаа.
-Үндсэн хуулиа батлах цаг хугацаа хэр байна вэ. Ард нийтийн санал асуулга явуулах бэлтгэл ажил гээд хугацаа шаардах зүйлс байна л даа?
-Нэгдүгээр хэлэлцүүлэг хийсний дараа УИХ-ын гишүүд өөр өөрсдийн тойрогт очиж танилцуулга хийж санал авсан. Тиймээс заавал Ард нийтийн санал асуулга явуулах шаардлага байна уу. Үндсэн хуулийг хэлэлцэх процессыг өнгөрөгч хавраас хэлэлцээд байгаа юм биш. Дээр хэлсэнчлэн хэд хэдэн удаагийн төсөл дээр санал авсан, танилцуулга хийж л байсан. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь илүү зөвшилцөл рүү явж байгаа.
Цаг хугацааны хувьд Үндсэн хуулиа баталж амжина гэж байгаа учраас амжуулах л байх.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн араас зайлшгүй хэлэлцэх шаардлагатай ямар хуулиуд байна вэ?
-Дээр дурдсанчлан өөрчлөлтүүд орвол хамгийн түрүүнд Сонгуулийн тухай хуулиа өөрчилж таарна. Холимог тогтолцооны хүрээнд жижиг тойргууд нь яах юм, мажоритар, пропорциональ нь яах юм гээд тодорхой болох учиртай. Шүүхийн хуулиуд болон Төсвийн тухай хуулиуд бүгд өөрчлөгдөнө. Эцэг хуулиа өөрчилж байгаа юм чинь Үндсэн хуульд орж буй 30 орчим хувьд хамаарах бүхий л хуулиуд өөрчлөгдөж таарна.
-Эрх баригч намын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгийг тусгасан байсан. Тиймээс мөрийн хөтөлбөрөө зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Үүнийгээ нэг нь Үндсэн хууль мөн үү. Бүлэг дээрээ энэ чигээрээ явж чадах уу?
-Бүлэг дээр аливаа асуудлыг шийдэхдээ ардчилсан зарчмаар явдаг. Хүн бүр өөрийн үгээ хэлдэг. Санал хураагаад олонхийн шийдвэрээ дагаад явдаг. Ард түмэнд танилцуулсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг том зорилт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ бодсон ч, ард түмнийхээ амьдрал ахуйг харсан ч энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зайлшгүй чухал.
-2015 онд УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын өргөн барьж байсан төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 99 байхаар оруулж ирэхэд хамгийн их эсэргүүцсэн хүмүүс нь МАН-ынхан. Тэр хүмүүс өнөөдөр ч гэсэн парламентад сууж байна, Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна л даа. Хэлсэн үг, хийсэн үйлдэл гэдэг чухамдаа сонин юм даа. Танай бүлэг ямар шалтгааны улмаас 99 гишүүнтэй байхыг дэмжсэн юм бэ?
-Монголчууд аливаа зүйлд бэлгэ дэмбэрэлийг боддог. Тэр утгаараа орж ирсэн юм болов уу даа. 99 гишүүнтэй байх саналыг би оруулаагүй, дэмжээгүй учраас мэдэхгүй байна. Сонгогчдын тооноос эхлээд бүгдийг нь харьцуулж үзсэн юм байлгүй дээ.
Сэтгэгдэл ( 11 )
ЖДУЧИД Л СОНГОГДОН ШДЭЭ. ӨӨР ЮУ ХҮЛЭЭСЭН ЮМ БЭ?
ЖДҮ-ЧИН ХУЛГАЙЧ АВГАЙ БНА Ш ДЭЭ.ЭНЭ ХУЛГАЙЧ АВГАЙГ 20 ОНД ДАХИН БҮҮ СОНГООЧ! МОНГОЛЧУУДАА!
ЖДҮ-ЧИН ХУЛГАЙЧ АВГАЙ БНА Ш ДЭЭ.ЭНЭ ХУЛГАЙЧ АВГАЙГ 20 ОНД ДАХИН БҮҮ СОНГООЧ! МОНГОЛЧУУДАА!
ЖДҮ-ЧИН ХУЛГАЙЧ АВГАЙ БНА Ш ДЭЭ.ЭНЭ ХУЛГАЙЧ АВГАЙГ 20 ОНД ДАХИН БҮҮ СОНГООЧ! МОНГОЛЧУУДАА!
Jdu gees zeel awsan bolohootoo haruytslagaa uurye gej bgaamuu
Энэ чинь нөгөө гүрийгээд байсан ЖДҮ-чин авгай байна шдээ.
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Ярьж хэлдэг нь зөрүүтэй ийм гишүүд хэдэн мянга байгаад ч нэмэр үгүй ууж идэхээс өөрийг хийдэггүй гишүүд цөөн байх тусмаал сайн байна.Ерөнхийлөгчийн дараагийн нүүдлийг та нар яаж ч гадарлах билээ.Камерийн өмнө олон гарсанаар дахин сонгогдохгүй байх аа.
20 ОНД ИЙМЭРХУУ ХОГНУУДААС САЛГАЖ ХАЙРЛА БУРХАН МИНЬ МОНГОЛЧУУД ИЙМЭРХУУ МАЛНУУДЫГ СОНГОСООР БАЙЖ МАГАДГУЙ Л БАЙХ ШУУ