#1 НОЁН УУЛ ОРЧИМД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТАВАН КОМПАНИЙН 12 ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛЛАА
Засгийн газрын өнөөдрийн /2019.09.11/ ээлжит хуралдаанаар Ноён уул орчмын 21600 га газрын улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох шийдвэрийг гаргалаа. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийсэн юм. Түүнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын шийдвэрээр Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авахаар боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрын улсын тусгай хамгаалалтад авахдаа дархан цаазат газар болгон ангилал ахиулах шийдвэрийг гаргалаа. Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Энэхүү газар нутагт үйл ажиллагаа явуулдаг 12 тусгай зөвшөөрлийн асуудал хөндөгдөж байна.
Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 1995 онд 16 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад нийт 21600 га газрын авсан байдаг. Хэдийгээр тусгай хамгаалалтад авсан ч үүнээс хойш 12 лиценз олгогдсон. Тухайн үед 359.7 га газрыг алтны хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Үүнээс хойш 1995 оны арванхоёрдугаар сар, 1997 оны тав болон арваннэгдүгээр сар, 2000 оны наймдугаар сар, 2001 оны зургаа, есдүгээр сар, 2002 оны нэгдүгээр сар, 2004 оны арваннэгдүгээр сард лиценз олгогдсон байдаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 11-ний өдрийн 320 дугаар тогтоолоор баталсан Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэгт Ноён уул орчимд олгогдсон тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн материал, түүний үндэслэл хууль зөрчсөн эсэхийг шалгах, холбогдох хууль хяналтын байгууллага эдгээр лиценз олголтод хууль бус үйлдэл гарсан эсэхийг шалгаж байна.
#2 Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДЭЭД ШҮҮХЭД ХҮРГҮҮЛЖЭЭ
АТГ-аас өчигдөр /2019.09.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэдний өгсөн мэдээллээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нөхдөд ял завших, хугацаа хожиж улмаар гэм буруугүй үлдэх боломжийг хууль, хяналтын байгууллага олгож байгаа талаар хэллээ. Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сарын 8-нд Улсын Дээд шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, АТГ-аас тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Улмаар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж.
#3 ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: АЛДАГДСАН БОЛОМЖ БА ШИНЭ ГАРЦ
Бид хүний эрх, эрх чөлөөг ус, агаартай зүйрлэх мөртлөө агуулгыг нь бүрэн дүүрэн ойлгодоггүй юм шиг. Баялаг болон баялгийг бий болгох боломжийн хуваарилалт шударга бус байгаа нь мянга мянган иргэний эрх зөрчигдөж буй үйл явц гэж харах ёстой болов уу. 3.2 сая иргэдийн 30 дөхсөн хувь нь ядуу амьдарч буйг статистик дахин баталсан. Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банкны хамтран судалсан судалгаагаар манай улсын хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь болж, хоёр жилийн өмнөхөөс 1.2 пунктээр буурсан ч, дөрвөн зуу гаруй мянган хүн ядуурлын шугамд ойрхон байгааг тэд дуулгасан билээ. Дөрвөн зуун мянга гэдэг бол хүн амын 12.5 хувьтай тэнцэх тоо. Тэгэхээр төр засаг эдийн засгийн өсөлтийг илтгэх тоон үзүүлэлтүүдийг нэг иргэн бүрд хүрэх, хүртээмжийг тэлэх чиглэлд анхаарахгүй л бол ядуурлын хэмжээ 40 хувь давахад тун ойрхон байна гэсэн үг.
Ядуурал ингэж газар авсныг ганц хоёр өгүүлбэрээр тодорхойлж дүгнэх нь харьцангуй. Хүн амын чинээлэг хэсэг гэгдэх хоёр хувьд хамаарах хүмүүсийн дунд гахай үүрч, ганзаганд явж, хөдөө хөхөрч, гадаа гандан байж амьдралаа босгосон нь ч бий. Бизнесийн талбарт авьяасаа харуулж, тодорцгоосон нь ч бий. Мөн давуу байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлсан хэсэг ч байгаа л даа. Үүний хамгийн тод жишээг 1992-1995 оны хувьчлал харуулдаг. 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд цэнхэр, ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсэн байдаг. Ингэснээр нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болсон ч хувьчлалын үр дүнд өрөм битгий хэл хусам олж хүртсэн иргэд цөөн. Тухайн үед хувьцааны талаарх мэдлэг хангалтгүйгээс ихэнх иргэд хувьцаагаа баталгаажуулж данс нээлгээгүй эсвэл бусдад шилжүүлсэн байдаг. Зарим иргэд хувьцаа эзэмшдэг эсэхээ ч мэддэггүй тул цэнхэр, ягаан тасалбараар олгогдсон хувьцаа эзэмшдэг эсэхээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хандан шалгуулах боломжтойг тус компанийн зүгээс мэдэгдэж байсан.
#4 ШИНЭ ГҮҮР: ЭРГЭЛТИЙН РАДИУСЫГ ГҮҮР МУРУЙ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ
Улаанбаатар хотын хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагийн нэг нь Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил юм. Гүүрэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, энэ сарын 16-ны өдөр буюу ирэх долоо хоногийн даваа гарагт багтааж эхний хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээх юм. Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 470 метрийн урттай, төмөр бетон гүүрний бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ба гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байна.
#5 ФОТО: IPHONE 11-ИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Америкийн Apple компани iPhone ухаалаг утасны шинэ загваруудаа танилцууллаа. iPhone 11 – Хоёр камертай. 64 Гб багтаамжтай нь 699 ам.доллар, 256 Гб багтаамжтай утас 849 ам.долларын үнэтэй. iPhone 11 Pro – Гурван камертай. 999-1349 ам.долларын үнэтэй.
Сэтгэгдэл ( 0 )