Засгийн газрын өнөөдрийн /2019.09.11/ ээлжит хуралдаанаар Ноён уул орчмын 21600 га газрын улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох шийдвэрийг гаргалаа. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийсэн юм. Түүнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Засгийн газрын шийдвэрээр Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авахаар боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрын улсын тусгай хамгаалалтад авахдаа дархан цаазат газар болгон ангилал ахиулах шийдвэрийг гаргалаа. Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Энэхүү газар нутагт үйл ажиллагаа явуулдаг 12 тусгай зөвшөөрлийн асуудал хөндөгдөж байна.
Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 1995 онд 16 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад нийт 21600 га газрын авсан байдаг. Хэдийгээр тусгай хамгаалалтад авсан ч үүнээс хойш 12 лиценз олгогдсон. Тухайн үед 359.7 га газрыг алтны хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Үүнээс хойш 1995 оны арванхоёрдугаар сар, 1997 оны тав болон арваннэгдүгээр сар, 2000 оны наймдугаар сар, 2001 оны зургаа, есдүгээр сар, 2002 оны нэгдүгээр сар, 2004 оны арваннэгдүгээр сард лиценз олгогдсон байдаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 11-ний өдрийн 320 дугаар тогтоолоор баталсан Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэгт Ноён уул орчимд олгогдсон тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн материал, түүний үндэслэл хууль зөрчсөн эсэхийг шалгах, холбогдох хууль хяналтын байгууллага эдгээр лиценз олголтод хууль бус үйлдэл гарсан эсэхийг шалгаж байна.
-Ноён уул орчмын газарт яг хэдэн аж ахуйн нэгж тусгай лиценз эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Нийт 12 лиценз бий. Таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.
-Тусгай лицензийг хуулийн хүрээнд авсан эсэхийг шалгаж эхэлсэн гэж ойлголоо. Хуулийн хүрээнд тусгай зөвшөөрлөө авсан байсан ч цуцлах уу?
-Гол нь, 1995 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авчихсан. Ийм байхад лиценз давхцаж олгосон асуудал бий. Энэ асуудал нь хууль зөрчсөн эсэхийг нь шалгуулна. Бидэнд ирсэн мэдээллээр бол хууль зөрчиж, олгогдсон байх магадлалтай гэж үзэж байна.
-Хэр хэмжээний байгаль орчныг сүйтгэсэн гэж үзэж байна вэ. Ямар нэгэн тооцоо, судалгаа бий юу?
-Эхний ээлжид Ноён уул ормын бүсийг дархан цаазат газраар авна. Үүнтэй холбогдуулан хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан, хууль бус аргаар материал бүрдүүлсэн бол тухайн үйл ажиллагаанд оролцсон албан тушаалтанд хариуцлага тооцно. Дээр нь гарсан хохирлыг тухайн хуулийн этгээд бүрэн хариуцна.
-Ноён уул орчимд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн тусгай лицензтэй холбоотой маргаан шүүхийн шатанд яваа. Шүүхээр эцэслэн шийдээгүй байхад шууд тусгай зөвшөөрлийг нь цуцалж болох хэрэг үү?
-Би сая хэлсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 1995 онд 21600 га газрыг тусгай хэрэгцээнд авчихсан байхад тэр га газрыг цоолж, ашигт малтмалын тусгай лиценз олгогдсон гэж үзэж байна. Хууль, хяналтын байгууллага хууль зөрчсөн эсэхийг нь шалгаж тогтооно.
Сэтгэгдэл ( 0 )