Бид хүний эрх, эрх чөлөөг ус, агаартай зүйрлэх мөртлөө агуулгыг нь бүрэн дүүрэн ойлгодоггүй юм шиг. Баялаг болон баялгийг бий болгох боломжийн хуваарилалт шударга бус байгаа нь мянга мянган иргэний эрх зөрчигдөж буй үйл явц гэж харах ёстой болов уу. 3.2 сая иргэдийн 30 дөхсөн хувь нь ядуу амьдарч буйг статистик дахин баталсан. Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банкны хамтран судалсан судалгаагаар манай улсын хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь болж, хоёр жилийн өмнөхөөс 1.2 пунктээр буурсан ч, дөрвөн зуу гаруй мянган хүн ядуурлын шугамд ойрхон байгааг тэд дуулгасан билээ. Дөрвөн зуун мянга гэдэг бол хүн амын 12.5 хувьтай тэнцэх тоо. Тэгэхээр төр засаг эдийн засгийн өсөлтийг илтгэх тоон үзүүлэлтүүдийг нэг иргэн бүрд хүрэх, хүртээмжийг тэлэх чиглэлд анхаарахгүй л бол ядуурлын хэмжээ 40 хувь давахад тун ойрхон байна гэсэн үг.
Ядуурал ингэж газар авсныг ганц хоёр өгүүлбэрээр тодорхойлж дүгнэх нь харьцангуй. Хүн амын чинээлэг хэсэг гэгдэх хоёр хувьд хамаарах хүмүүсийн дунд гахай үүрч, ганзаганд явж, хөдөө хөхөрч, гадаа гандан байж амьдралаа босгосон нь ч бий. Бизнесийн талбарт авьяасаа харуулж, тодорцгоосон нь ч бий. Мөн давуу байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлсан хэсэг ч байгаа л даа. Үүний хамгийн тод жишээг 1992-1995 оны хувьчлал харуулдаг. 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд цэнхэр, ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсэн байдаг. Ингэснээр нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болсон ч хувьчлалын үр дүнд өрөм битгий хэл хусам олж хүртсэн иргэд цөөн. Тухайн үед хувьцааны талаарх мэдлэг хангалтгүйгээс ихэнх иргэд хувьцаагаа баталгаажуулж данс нээлгээгүй эсвэл бусдад шилжүүлсэн байдаг. Зарим иргэд хувьцаа эзэмшдэг эсэхээ ч мэддэггүй тул цэнхэр, ягаан тасалбараар олгогдсон хувьцаа эзэмшдэг эсэхээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хандан шалгуулах боломжтойг тус компанийн зүгээс мэдэгдэж байсан.
Тухайн үед хувьчлагдсан 475 гаруй улсын үйлдвэрээс үүдээ барьсан нь байгаа ч хувьчлал нэрээр хувьцааны дийлэнхийг авч, үйлдвэрийн газар болоод барилгаар нь суурь хийгээд хөлжсөн хүмүүс ч цөөнгүй бий. Товчхондоо бол ерээд оны тэрхүү үйл явц нь хувьчлал гэдэг гоё нэрээр халхавчилсан баялгийн тэгш бус хуваарилалт болсон. 1991 онд Өмч хувьчлах тухай хууль баталж, улмаар хувьчлалыг эхлүүлсэн асуудал нь сонгодог, зах зээлийн орчинд хийгддэг өмч хувьчлалтай адилтган үзэхийн аргагүй үйл явц болсныг хэлэх хүмүүс олон. 1991 онд Өмч хувьчлалын комиссын анхны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун хэлэхдээ “Тухайн үед цаг хугацаандаа баригдаад эд хөрөнгийн үнэлгээг дансны тайланг үндэслээд хийж байсан. Савхин эдлэлийн компанийн хувьцааг гаргахад 400 сая төгрөгийн хөрөнгөтэй, 40 сая төгрөгийн банкны өртэй, 10 сая төгрөгийн авлагатай. Авлагыг нь нэмлээ, өрийг нь хаслаа. Жаахан механик хандлага л даа. Аль үйлдвэр нь ашигтай, аль нь арай бага алдагдалтай гэдгийг анхаарах ёстой байсан гэж боддог. Ханын материалын үйлдвэрүүд гэхэд цул алдагдал. Бололцоо байгаад үнэлгээг нь зах зээлийн ханш руу дөхүүлж хийсэн бол иргэд үр ашиггүй үйлдвэрүүдийн хувьцааг авах ажиллагааг хаах байсан болов уу” хэмээн ярьсан байдаг. Энэ бол өмнөх хувьчлалыг гардан хийсэн хүмүүсийн нэгнийх нь байр суурь гэдгийг дахиад хэлье.
Түүнчлэн төр дахиад өөрийн мэдлийн компаниудынхаа тодорхой хувь хэмжээг хувьчлахдаа эрх мэдэлд, мэдээлэлд ойр хэсэгтээ давуу эрх олгохгүй байх тухай ярьдаг ч яг өнөөдрийн суурь нөхцөл угаасаа л тэр хэсэгт үйлчлэхээр байгаа шүү дээ. Эхнээсээ л баялгийн, боломжийн хуваарилалт шударга бусаар замначихсан учраас дагаж хөврөх үйл явц яг л тэр гинжнээс хамаарсан дүр зурагтай. Ерээд оны хувьчлалыг нэг талаас алдагдсан боломж гэж хэлж болохоор. Энэ шударга бусын суурин дээр өсөж өндийгсөд хийгээд эрх мэдэл, давуу талаа ашиглан иргэдийн боломжийг хулгайлагсдын бүхэл бүтэн давхарга өнөөдрийн нийгэмд бий болсон.
Тэгэхээр бидэнд баялаг хийгээд боломжийн хуваарилалтыг тэгш хүртэх өөр ямар эрүүл боломж байж болох вэ гэдэг асуулт хариулт нэхэж таарна. Үүнд төрийн зүгээс тогтолцооны чанартай хийх ажлууд олон байгаа. Баялгийн сангийн хэлбэрүүдийг хэрхэн яаж эрүүл зөвөөр нутагшуулах вэ гэдгийг ч ярьцгааж л байна. Үүний сацуу өнөөх шударга бус хуваарилалтын суурь болж өгсөн үнэт цаасны зах зээлээс Монголчууд өнөөдөр бас маргааш үр өгөөж хүртэж болох дүр зураг нэгэнтээ тод харагдаж байгаа билээ. Манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2,484.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ хоёрдугаар улирлын гүйцэтгэлээр 2,604.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 119.9 тэрбум төгрөгөөр буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлт. Ер нь сүүлийн хоёр гурван жилийн тухайд энэ зах зээл үнэмлэхүй өсөлттэй байгаа. Дараалсан IPO гарч, энэ зах зээл амь орсон. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөхөд эдийн засаг өсөлттэй, уул уурхайн салбарын компанийн хувьцааны үнэ ханш дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр өссөн, гадаадын хөрөнгө оруулагчид дотоодын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн, зах зээлийн дэд бүтэц сайжирсан зэрэг нь голчлон нөлөө үзүүлж байгаа. Түүнчлэн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл нэмэгдэж, хувьцаа худалдан авах хандлага өсөж байгаа зэрэг нь хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд өсөхөд нөлөөлж буйг шинжээчид хэлж байгаа юм. Нэг ёсондоо иргэд энэ зах зээлийн мэдлэгтэй, мэдээлэлтэй байх нь орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх бас нэг боломж юм.
Сэтгэгдэл ( 0 )