Монголын төр Шинжлэх ухааны салбарыг онцгой анхаарна

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Монголын шинжлэх ухааны салбарын 4300 шахам ажилтны төлөөлөл 800 эрдэмтэн, судлаачийг нэгэн дээвэрт цуглуулсан “Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал” хоёр өдөр болж амжилттай өндөрлөлөө. Орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөн 98 жилийн хугацаанд тус их хурлыг анх удаа зохион байгуулснаараа түүхэн ач холбогдолтой бөгөөд төр засаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн бүх талын оролцоог хангаснаараа онцлог боллоо.

“Хандлагаа өөрчилье” уриатай Их хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ивээлдээ зохион байгуулсны зэрэгцээ нээлтийн үгийг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн оролцож, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илгээлтээ ирүүлснийг Монголын төр засаг шинжлэх ухааны салбарт нэгдсэн бодлогоор хандаж байна гэсэн итгэлийг өглөө гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо шинжлэх ухааны ажилтнуудыг төр засагт үг, үйлдлээ хүргэдэг, салбартаа ногдох төсвийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаардаг тодорхой механизм бий болгож ажиллахыг  уриалсан юм. Төрийн тэргүүн “Монгол Улс сүүлийн 30 орчим жилийн туршид эрдэмтэн судлаачдаа сонсолгүй өдийг хүрсэн байна. Эрдэмтдийнхээ судалгаа, үйл ажиллагааг дэмжилгүй өнөөг хүрлээ. Эрдэмтдийн бүтээл, санал онолыг анхаараагүй, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбарт асар бага төсөв хуваарилдаг учраас бидний хөгжлийн өнөөгийн өнгө төрх энэ байгаа юм. Аливаа улс орны хөгжил, алдаа багатай шийдэл, алсыг харсан зөв бодлого бүр эрдэмтэн судлаачидгүйгээр алхам ч явахгүйг хүн төрөлхтний хөгжлийн түүх гэрчилнэ. Монголчууд бид энэхүү үзэл санааг аль эртнээс мэдэж ойлгож, эрдэмтэн судлаачдаа дэмжин тэтгэж, хүндэтгэн дээдэлж, оюун ухааныг нь төрийн бодлого үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн түүхтэй ард түмэн. Эзэн Чингис хаан, түүний угсааны их хаад ч дэргэдээ өөрийн орны болон дэлхийн улс түмэнд буй эрдэмтэн мэргэдийг хүндэтгэн залж, анхааран сонсож, төр улсыг жолоодохдоо мэргэн ухааныг нь түшиглэж, шинжлэх ухааныг хөгжүүлж байсныг Та бүхэн сайн мэднэ. Өнөөдөр Монголын эрдэм судлалын ууган байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш нэгэн зууныг туулж ирэхдээ саад бэрхшээл, дэмжлэг тусламж аль алиныг хүртэж байсан ч шинжлэх ухааны баялаг өвийг манай ахмад үеийн эрдэмтэд, өнөө цагийн та бүхний цуцалтгүй их хөдөлмөрийн үр шимээр нэгэнтээ буй болгож чаджээ. Баяр хүргэе.

Бидэнд шинжлэх ухаан, технологийн дэвшил, ололт амжилт, эрдэмтэн судлаачдын нөөц боломж бүрэн бий болж чадсан. Гэвч судалгааны үр дүнг ашиглах, дэмжиж туслах талаар төр засгийн бодлого өнөөг хүртэл урагшлахгүй байгаа нь бодит үнэн. Шинжлэх ухаанд зарцуулж буй дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ дөнгөж 0.12 хувьд байгаа нь цалингаас өөр дэмжлэг үзүүлэхгүй байна гэсэн үг. Ядаж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийг эрдэм судлалын үйл ажиллагаанд зарцуулж, түүнийгээ тогтмол хэрэгжүүлж байх ёстой гэж үзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийг зарцуулдаг, тодорхой механизмтай болох хэрэгтэй бөгөөд энэ асуудлыг анхдугаар Их хурлаараа бий болгоё гэдэг саналыг хэлж байгаа юм” гэлээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлын нээлтэд оролцон үг хэлэв. Тэрээр өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт, технологийн дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Аль ч Засгийн газар “шинжлэх ухаанаа дэмжинэ”, “шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлнэ” гэж амладаг ч “мөнгөтэй болохоороо дэмжинэ” гэсэн амиа аргацаасан байдлаар өнөөг хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Монгол хүн оюуны өндөр чадавхтай гэдгийг дэлхийд харуулж байгаа  өсвөр үеийнхэн, эрдэмтэн судлаачдаа дэмжих, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэж Ерөнхий сайд үзэж байна.  Засгийн газар цаашид шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, төлөвлөлтийг нь оновчтой, тодорхой болгох, материаллаг бааз, тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөцийн чадавх, менежмент зэрэгт анхаарч, цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг хэлэв. Шинжлэх ухааны салбарт 4300 орчим хүн ажилладаг бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны 65 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад нэг сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 549 орчим байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин бага гэсэн үг юм. Өнгөрсөн онд энэ салбарт 36 тэрбум төгрөг зарцуулсан нь Ази тивийн дунджаас 10, дэлхийн дунджаас 14 дахин доогуур байна” гэдгийг онцолж байлаа.

Шинжлэх ухааны салбарт нийт 4277 хүн ажиллаж байгаагийн 75.8 хувь буюу 3246 нь үндсэн орон тооны, 24.2 хувь нь гэрээт ажилтан байна. Үндсэн ажилтан, албан хаагчдын 44 хувь нь буюу 1917 эрдэм шинжилгээний ажилтан байгаагийн дотор шинжлэх ухааны доктор (Sc.D) 109, боловсролын доктор (Ph.D) 724, магистрын зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтан 1071 байгаа нь нийт эрдэм шинжилгээний ажилтны 58.6 хувийг бүрдүүлж байна. Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд тэдний төлөөлөл болсон 800 эрдэмтэн судлаач оролцлоо.

Их хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Хандлагаа өөрчилье” сэдвээр үндсэн илтгэл тавилаа. Салбарынхаа өчигдөр, өнөөдөр, ирээдүйг багтаасан илтгэлийнхээ төгсгөлд “Цаашид бид юуг хэрхэн хийх вэ” гэсэн асуулт тавиад, хандлагаа өөрчилж, хамтаараа хийх хэд хэдэн зүйлийг уриаллаа. Тухайлбал, Төр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилье, Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн чадавхыг сайжруулъя, Судалгааны буюу дэлхийд өрсөлдөх их сургуулийг байгуулъя, Аж үйлдвэрийн IV хувьсгалд өөрсдийгөө бэлдье, Хамтран ажиллах соёл төлөвшүүлье, Шинжлэх ухаанчаар сэтгэдэг хандлага бий болгоё гэсэн юм.

Үндсэн илтгэлийн дараа Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх Д.Бадарч, Удирдлагын академийн Санхүү, эдийн засгийн тэнхмийн профессор Л.Отгонтуяа, Монголын их, дээд сургуулийн консерциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга нар Их хурлын эхний өдөр болсон дөрвөн салбар хуралдааны дүгнэлтийг танилцуулав. Эхний өдөр үг хэлсэн 80 орчим төлөөлөгчийн байр суурь, салбар хуралдаануудын дүгнэлт болон нэгдсэн хуралдаанд тавьсан салбарын сайдын илтгэлтэй холбогдуулан үг хэлсэн 30 гаруй төлөөлөгчийн саналд үндэслэн их хурлын зөвлөмжийн төслийг боловсруулж, хэлэлцүүллээ.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Эрдэм шинжилгээний болон Үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд, Мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагад хандсан зөвлөмжийн төслийг БСШУСЯ-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат танилцуулж, төлөөлөгчдийн олонхын саналаар батлав. Тухайлбал, ДНБ-д шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг 2020 онд 0.5 хувь, 2025 онд нэг хувьд хүргэх зорилтыг биелүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх, хэрэгжилтийг хянах зөвлөмжийг УИХ-д, Улсын хэмжээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийн судалгааны ажлыг тэргүүн ээлжид эрдэм шинжилгээний байгууллагаар төр захиалан гүйцэтгүүлж байх журамд шилжүүлэх зөвлөмжийг Засгийн газарт өглөө.

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 2020 оноос эхлүүлэх, Шинжлэх ухааны салбар дундын хамтын оффис (co-working space) хамтран байгуулж, ажиллуулах зэрэг чихэнд чимэгтэй олон зүйлийг сонсгож, улс орны хөгжлийн тулгуур нь шинжлэх ухааны салбар бөгөөд хаана хаанаа хандлагаа өөрчлөхийг уриалсан их хурал амжилттай өндөрлөлөө.

Э.Болд

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top