Мягмар гарагт /2019.10.01/ Хонконгд болсон жагсаалын үеэр цагдаад буудуулсан 18 настай жагсагчийн биеийн байдал тогтворжсон талаар БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсийн засгийн газраас өнөөдөр /2019.10.03/ мэдээлжээ.
Цанг овогтой оюутан биеийн байдал нь хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ба түүнд мэс ажилбар хийж, уушгийг нь хөндсөн сумыг гаргаж авсан байна.
Хэрэг явдал хэв журам сахиулагчид, жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсон тус хотын Цүен Ван дүүрэгт гарчээ. Дүрс бичлэгт хамгаалалтын баг, шил, хорт хийн баг зүүсэн Цанг бүлэг жагсагчдын хамтаар цагдаагийн албан хаагчийн биед халдаж, төмөр саваагаар цохиж буй нь бичигджээ. Ингээд биеэ хамгаалах зорилгоор цагдаагийн офицер буугаа гаргаж, байлдааны сумаар жагсагчийн цээж рүү буудаж, шархдуулсан байна.
Цагдаагийн комиссар Стивен Ло энэ талаар "Цагдаагийн ажилтан зөвхөн биеэ хамгаалах зорилготой байсан. Ийм үйлдэл хийх хуулийн бүрэн үндэслэлтэй" гэж тайлбарлажээ.
Энэ нь дөрвөн сарын туршид Хонконгд үргэлжилж буй олон нийтийн хамарсан жагсаалын үеэр галт зэвсэг хэрэглэн, хүн шархдуулсан анхны тохиолдол болж байгаа юм. Үүнээс өмнө цагдаа нар байлдааны сум ашиглан анхааруулга өгөх зорилгоор агаар руу буудах тохиолдол гарч байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )