ЦАГ ХУГАЦААНЫ БҮХИЙ Л ҮЕД ЭНГИЙН ИРГЭД
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН БААТАРЛАГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙДАГ
Сая сая филиппинчүүд 1986 онд Манила хотын гудамжинд гарч, тайван жагсаал хийв. Дөрөв дэх өдөр нь Фердинанд Макросын дэглэм нуран унасан. Гүржид 2003 онд болсон сарнайн хувьсгал Эдуард Шеварднадзег огцруулав. Жагсагчид гартаа цэцэг барин, парламентын ордныг эзлэн авч байсан түүхтэй. Энэ оны эхээр Судан, Алжирын төрийн тэргүүн нар олон арван жилийн дараа огцрохоо зарлаж байв. Энэ бол эсэргүүцлийн тайван цуглааны үр дүн байлаа. Энэ бүх тохиолдолд энгийн иргэдийн эсэргүүцэл түүхийг өөрчилж чадсан байдаг.
Хүчирхийллийн бус стратегийг баримтлах хэд хэдэн ёс зүйн шалтгаан бий. Харвардын их сургуулийн улс төр судлаач Эрика Ченоуэтийн судалгаа иргэдийн эсэргүүцэл зөвхөн ёс суртахууны сонголт төдийгүй, дэлхийн улс төрийг тодорхойлох хамгийн хүчирхэг арга зам гэдгийг нотолжээ.
Өнгөрсөн зуунд болж байсан зуу зуун жагсаал, цуглааныг судалсны дүнд Ченоуэт тайван кампанит ажиллагаа хүч хэрэглэсэн жагсаал цуглаантай харьцуулахад зорилгодоо хүрэх магадлал нь хоёр дахин илүү буйг тогтоожээ. Тухайн улсын хүн амын 3.5 хувь нь эсэргүүцлийн жагсаалд оролцоход улс төрийн амьдралыг өөрчлөхөд хангалттай болохыг түүний хийсэн судалгаа харуулсан байна.
Боолчлолын эсрэг тэмцэгч африк гаралтай америк эмэгтэй Сожорнер Трут, сонгох эрхийн төлөө тэмцэгч Сюзан Б.Энтони, Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Махатма Ганди, АНУ-ын хар арьстнуудын иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг нар бүгд тайван замаар хийсэн тэмцэл хүчтэй гэдгийн харуулсан түүхэн хүмүүс.
Ченоуэт Олон улсын тайван тэмцэл судлах төвийн судлаач Мариа Стивентэй хамтран 1900-2006 оны хооронд болж байсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал, нийгмийн хөдөлгөөний талаарх түүхэн баримт бичгийг судалсан байна. Юуны өмнө судлаачид дэглэмийг өөрчлөх оролдлогуудад анхаарлаа хандуулжээ. Иргэдийн хөдөлгөөн жилийн дотор эсвэл үйл ажиллагааны шууд үр дүнд зорилгодоо бүрэн хүрсэн тохиолдолд тухайн тэмцлийг амжилттай гэж үздэг байна. Гаднын цэрэг, зэвсгийн оролцоотой дэглэмийг нураасан тохиолдлыг амжилттай гэж үздэггүй байх жишээтэй. Бөмбөг, тэсрэх бодис дэлбэлсэн, хүн хулгайлсан, дэд бүтцийг сүйтгэсэн, хүний биед болон өмч хөрөнгөд хохирол учруулсан тэмцлийг хүч хэрэглэсэн гэж тооцдог аж.
Судалгааны дүнд судлаачид нийт 323 хүч хэрэглэсэн болон тайван замаар явагдсан тэмцлийн талаарх мэдээллийг цуглуулсан байна.
Хүч нь тоонд оршдог
Тайван жагсаал цуглаан хүчирхийлэл дагуулсан тэмцлээс хоёр дахин илүү амжилтад хүрчээ. Тайван жагсаалын 53 хувь нь улс төрийг өөрчилсөн бол хүч хэрэглэсэн тэмцлийн 26 хувь нь зорилгодоо хүрсэн байна.
Үүний нэг шалтгаан нь тоонд оршдог. Ченоуэтийн ярьснаар, тайван жагсаалд илүү олон хүн оролцдог бөгөөд нийгмийн бүхий л давхаргыг төлөөлсөн жагсагчид нийгмийн амьдралын хэвийн горимыг алдагдуулах хүч чадалтай. Судлаачдын судалсан 25 томоохон эсэргүүцлийн хөдөлгөөнөөс 20 нь тайван замыг сонгосон бөгөөд 14 нь амжилтад бүрэн хүрчээ. Хүч хэрэглэсэн тэмцлүүдтэй харьцуулбал тайван жагсаалд дөрөв дахин илүү хүн оролцсон байдаг аж. Жишээ нь Филиппинд ерөнхийлөгч Фердинанд Макросын дэглэмийг эсэргүүцсэн “Ард түмний хүч” нэртэй хөдөлгөөнд нийт хоёр сая хүн нэгдэж байсан бол 1984-1985 онд Бразилд болсон бослогод нэг сая, 1989 оны хуучин Чехословакийн “ягаан” хувьсгалд 500 мянган хүн оролцсон түүхтэй.
Хүчтэй эрх баригчдын эсрэг тэмцэх хүч бол тоо. Харин тайван замаар хэрэгжиж буй тэмцэл олон нийтийн дэмжлэгийг авах хамгийн шилдэг арга гэж судлаачид үзэж байна. Тухайн орны хүн амын 3.5 хувь оролцсон хөдөлгөөн амжилтад баталгаатай хүрдэг аж.
Ард түмний хүч хөдөлгөөнөөс /1986/ гадна Эстонийн дуут хувьсгал /1980-аад оны сүүл/, Гүржийн сарнайн хувьсгал /2003/ 3.5 хувийн босгыг давсан.
Тайван жагсаал ёс зүйн өндөр хэмжээнд зохион байгуулагддаг тул илүү олон хүнийг нэгтгэдэг бол хүч хэрэглэсэн тэмцэлд цус, хүчирхийллийг үзэн яддаг, айдаг хүмүүс оролцдоггүй байна. Тайван жагсаалд оролцоход бие бялдрын шалгуур хэрэггүй. Ийм цуглаанд ирэхэд булчин нь хөгжсөн, эрүүл байх албагүй. Харин хүч хэрэглэсэн кампанит ажиллагааг голдуу бие бялдрын хөгжил сайтай, залуу хүмүүс дэмждэг аж. Хэдийгээр 1989 онд Хятадын Тяньаньмэний талбай дээр болсон үйл явдал зэрэг тайван жагсаал цуглаан ноцтой эрсдэлтэй нүүр тулах тохиолдол байдаг ч ийм төрлийн арга хэмжээний талаар хэлэлцэж, ярилцах нь нээлттэй, хялбар байдаг тул мэдээ нь илүү олон хүнд хүрдэг. Нөгөө талаар хүчирхийлэл дагуулсан тэмцэл нууц ажиллагаанд суурилсан байдаг тул өргөн түмэнд хүрэх боломж нь хязгаарлагдмал байдаг.
Өргөн түмний дэмжлэг авдаг тайван жагсаал цуглаан нь нийгмийн хэв журмыг тогтооход Засгийн газрын хэрэглэдэг гол хүч болох цагдаа, цэргийнхний дэмжлэгийг мөн авдаг. Олон мянган хүн оролцсон тайван замаар болж буй жагсаал цуглаанд аюулгүй байдлын алба, хүчнийхний гэр бүлийн гишүүд ч нэгдсэн байж болох тул хүчнийхэнд ийм хөдөлгөөнийг нугачин дарах зориг төрдөггүй байна. Харин эсэргүүцлийн тэмцэлд хэрэглэдэг онцгой стратегийн хувьд бүх нийтийн ажил хаялт хамгийн хүчтэй арга хэлбэр нь юм гэж Ченоуэт үзэж байна. Өмнөд Африкт апартеид дэглэмийн үед хэрэглэгчид бойкот зарлах замаар эсэргүүцэл илэрхийлж байсан жишээ бий. Тухайн үед хар арьст хэрэглэгчид цагаан арьст эзэнтэй үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаан авч, хэрэглэхээс татгалзжээ. Үүний үр дүнд тус улсын цагаан арьст дээд давхаргынхан хямралд орж, 1990-ээд оны эхээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хуваах үзэгдлийг үгүй хийхэд хувь нэмэр оруулсан байна.
Шидэт тоо
Энэ бол ерөнхий зураглал. Хэдийгээр тайван жагсаал хоёр дахин амжилттай байдаг ч ийм хэлбэрийн тэмцлийн 47 хувь нь бүтэлгүйтсэн байдаг. Судлаачдын бичсэнээр, энэ нь эсрэг талын хүчийг устгах, хэлмэгдүүлэлтийн эсрэг зогсоход шаардлагатай дэмжлэг, түлхцийг авч чадаагүйтэй холбоотой. Түүнчлэн, зарим томоохон тайван жагсаалууд бүтэлгүйтсэн тохиолдлууд ч бас түүхэнд байдаг. 1950-иад онд Зүүн Германд коммунист намын эсрэг өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд хүн амын хоёр хувь буюу 400 мянга орчим хүн оролцсон ч өөрчлөлтийг авчирч чадаагүй. Ченоуэтийн мэдээллийн санд 3.5 хувийн босгыг давж, амжилтад хүрсэн цөөн тайван жагсаал байдаг. Энэ босгод хүрэхийн тулд ИХ Британид 2.3 сая, АНУ-д 11 сая иргэн гудамжиндаа гарах шаардлагатай. Харин ийм тооны хүмүүсийг нэгтгэх арга зам бол тайван цуглаан. Ченоуэт, Стивен нарын анхны судалгаа 2011 онд хэвлэгдэн гарч, олон судлаачийн анхаарлыг өнөөг хүртэл татсан хэвээр.
Тэдний дэвшүүлсэн 3.5 хувийн дүрмийн хувьд судлаачид хүн амын 3.5 хувь гэдэг нь туйлын бага цөөнх боловч идэвхтэй оролцооны энэ түвшин үүнээс ч олон хүн чимээгүй дэмжиж байна гэсэн үг гэдэгтэй санал нэг байна.
Хамгийн сүүлд судлаачид Шведийн залуу тэмцэгч Грета Тунбергийн оролцоотой алдаршсан “Устаж үгүй болохын эсрэг бослого” хөдөлгөөнд анхаарлаа хандуулж байна. Хэдийгээр тэд улстөрчдийн идэвхгүй байдалтай нүүр тулж байгаа ч тэд ухаалаг стратегийг барьж, тайван замаар хэрхэн тэмцэх, хэрхэн хөгжих, хэрхэн сургах тухай зөв совинтой нь харагдаж байна гэж Ченоуэт тайлбарлажээ.
Түүний хэлснээр, түүхэн ном, эх сурвалжид дайны хэрэгт ихээхэн ач холбогдол өгч, тайван тэмцлийн дүнд олж авсан амжилтыг үл ойшоодог. Цаг хугацааны бүхий л үед энгийн иргэд дэлхийг өөрчилсөн баатарлаг үйл ажиллагаанд оролцож байдаг. Зөвхөн анзаарч, тэмдэглэх учиртай аж.
Сэтгэгдэл ( 0 )