Австралид шинэ жимснээс оёдлын зүү олдсон хэрэг дахин гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07


Австралийн Мельбурн хотын нэгэн супермаркетаас худалдан авсан шинэ усан үзэмнээс оёдлын ган зүү гарч ирсэн хэрэг гарчээ.

Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд гарч буй гурав дахь тохиолдол юм. Тус хотын цагдаа гүзээлзгэнээс оёдлын зүү гарсан хоёр хэргийг өнгөрсөн сарын 23-наас эхлэн шалгаж байгаа аж. Болсон хэрэг явдлаас болж хүн хохироогүй ч гүзээлзгэнэ худалдан авсан нэгэн эмэгтэй зүүний хэлтэрхий ходоодонд нь орсон эсэхийг шалгуулах үүднээс эмнэлэгт бүтэн шөнийг өнгөрүүлсэн тохиолдол гарсан байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард тус улсын зургаан мужид зарагдаж байсан жимс, жимсгэнээс оёдлын зүү олдсон хэрэг удаа дараа гарч, тус улсын хууль хүчнийхэн өргөн хүрээний шалгалт хийж байсан. Тухайн үед Австралийн цагдаа нийт 230 мэдээлэл авсан байна. Эл хэрэгт гүзээлзгэнийн фермд ажилтай 50 настай Ми Ут Чинийг буруутгасан бөгөөд одоо тэрбээр шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. 2018 оны есдүгээр сарын 20-нд тус улсын эрх баригчид “Хүнсээр дамжуулан хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэрэгт” оноох ялыг чангатгаж, 10-15 жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан билээ.

Австралийн хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр 2018 оны хямралаас үүдэн тус салбар 115.8 сая орчим ам.долларын хохирол амсжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top