П.Гэндэнгийн музейн газарт 22 давхар оффисын зориулалттай барилга барина

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан гэр буюу Хэлмэгдэгсдийн музейг сэргээн засварлахаар буулгаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр /2019.10.09/ тус барилгыг ямар учраас буулгасан талаар П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат болон Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

 

Хэвлэлийн хурлын эхэнд Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай байрыг буулган, шинэчлэн барих ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн А.Золжаргал “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод гурван мянга 895 орчим орон сууцны барилга байна. Эдгээрээс насжилт өндөртэй 629 орон сууц ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад 234 нь ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан тохиолдолд оршин суугчдаас буулгах талаар санал авч, 80 хувь нь дэмжсэн тохиолдолд буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 162 барилгыг буулгаж, шинээр барих шийдвэр гараад байна" гэв.


П.ГЭНДЭНГИЙН МУЗЕЙГ ШИЛЭН ХОРГОНД БАЙРЛУУЛНА
 


Үүний дараа П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж шинээр барих болсон талаар болон хэлмэгсдийн музейн барилгын түүхийн талаар мэдээлэл өгсөн юм. 

П.Гэндэнгийн ач хүү, П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн С.Бэхбат "Богд хааныг нас барсны дараа манай өвөө П.Гэндэнг бага хурлын даргаар сонгосон байдаг. Түүнд барьж өгсөн уг байшинд манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан. Өвөөг маань 1937 оны арван нэгдүгээр сард Москвад хэлмэгдүүлэн цаазалсан байдаг. Эмээ, ээж хоёр өвөөг цаазлуулсны дараа бичиг баримтгүй үлдсэн тул ЗХУ-д сурч байсан оюутнуудын тусламжтайгаар гурван сар орчим явж байж эх орондоо ирсэн. Ингээд ирэхэд нь байшинг хураасан байсан. 1992 онд эмээ, ээж бид гурав Орос руу явж, КГБ-н архивт орж, өвөөг хэлмэгдүүлсэн материалтай танилцсан. Биднийг буцаад ирэх үед П.Жасрай гуай байшинг бидэнд өгсөн юм. Ээж маань тухайн үед байшинг музей болгох санаачилга гаргаж, 1996 онд музей үүдээ нээсэн.

1930-аад онд баригдсан модон байшин учраас 1980-аад онд буулгах шийдвэр гарч байсан юм билээ. Одоо ингээд 90 жил болчхож байна. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн. Үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан. Хүмүүс нураачихлаа гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Буулгасан гэж хэлнэ. Би энэ шийдвэрийг бие дааж гаргаагүй. Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юм сан гэж ярьдаг байсан. Мөн мэргэжлийн, мэдлэг боловсролтой хүмүүстэй нэлээд зөвлөлдөж энэ шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд хэрхэн сэргээн засварлаж болох талаар олон хувилбарыг судалж байлаа. Ингээд байшин дотор барих шийдэлд хүрсэн" гэв.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж 22 давхар музей, оффисын зориулалттай барилга барина. Шинэ барилгын нэг давхарт нь одоогийн П. Гэндэнгийн байшинг музей хэлбэрээр нь хадгалан шилэн хоргонд байрлуулах бөгөөд 1-4 давхар музейн эзэмшилд байна. Үлдсэн давхар нь оффис байх юм. Уг газар нь "Гэндэн" сангийн эзэмшилд байдаг. Иймд тус сан өөрийн эзэмшлийн газартаа соёлын өв болох музейг буулган шинээр барилга барин, дотор нь музейгээ шинээр барих зөвшөөрөл авч байгаа нь хууль бус үйлдэл биш. Тус барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.131.227.178) 2019 оны 10 сарын 09

‭буулгах шийдвэр гаргасан буулгасан хүмүүсийн толгойг нь авч тус музейд байрлуул. хужаа гаралтай тагнуул хүмүүс л ийм шийвдэр гаргаж түүхийг мартуулах ажил хийж байгаа юм.

0  |  0
Дарь(202.126.89.179) 2019 оны 10 сарын 09

Улаанбаатарт байсан европ маягийн анхны барилгууд ингээд дуусваа хөөрхий.

0  |  0
Top