Туркийн зэвсэгт хүчин Сирийн 181 объектод цохилт өгөөд байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Туркийн зэвсэгт хүчнийхэн “Энх тайвны эх булаг” хэмээх ажиллагаа эхэлснээс хойш Сирийн хойд хэсэг дэх курдын бүлэглэлүүдийн нийт 181 объектод цохилт өгөөд байна.

Лхагва гарагт /2019.10.09/ Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сирийн хойд хэсэгт Турк улсад хориглосон Курдистаны хөдөлмөрийн нам болон Лалын улс бүлэглэлийн эсрэг “Энх тайвны эх булаг” ажиллагааг эхлүүлсэн тухай мэдэгдсэн. Мөн өдөр Туркийн нисэх хүчин Хасеке мужийн Рас эль-Айн, Телл Абяд хотууд цохилтод өртжээ. Дараахан хуурай газрын цэргийн ажиллагаа эхэлж буй тухай зарласан.

Европын Холбоо Турк улсыг нэг талын цэргийн ажиллагааг зогсоохыг уриалсан бол хэд хэдэн Арабын улс Туркийг зэмлэсэн бөгөөд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл талуудыг тайван хандахыг уриаллаа.

Туркийн батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, цэргийн ажиллагааг Сирийн чөлөөт армитай хамтран явуулж байна. Туркийн тал хил орчмын бүс нутгийг курдуудын бүлэглээс цэвэрлэж, аюулгүйн бүсийг байгуулж, Сирийн дүрвэгсдийг байрлуулахыг зорьж байгаа. Анкарагийн мэдээлснээр, Турк улсад одоогоор дөрвөн сая орчин Сирийн дүрвэгсэд орогнож байна.

Сирийн эрх баригчид Сирийн зүүн хойд хэсэг дэх өөртөө засах захиргаа болон Ардчилсан Сирийн хүчнийг хүлээн зөвшөөрдөггүй. Дамаск, курдын засаг захиргаа хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй.

Сирийн төрийн Ikhbariya телевизийн мэдээллээр, Туркийн хүчин Хасеке, Ракка мужуудын хэд хэдэн хотод цохилт өгсний улмаас Ардчилсан Сирийн хүчний гурван байлдагч, таван энгийн иргэн амь үрэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top