Туркийн зэвсэгт хүчин, Анкарагийн дэмжлэг бүхий Сирийн чөлөөт арми Сирийн хойд хэсэгт явуулж буй “Энх тайвны эх булаг” цэргийн ажиллагааны хүрээнд Сирийн хоёр дахь гол хотод хяналтаа тогтоожээ. Рас ал-Эйн хотын дараа курдын Батлан хамгаалах ардын хүчний бүлэглэлүүд болон араб-курдын Ардчилсан Сирийн хүчин эвсэл Телл Абяд хотыг алджээ.
Сирийн төрийн мэдээллийн SANA агентлагийн мэдээлснээр, Кобани хот орчим АСХ болон Туркийн зэвсэгт хүчний хооронд ширүүн мөргөлдөөн болж байна.
Туркийн үндэсний батлан хамгаалах яамны мэдээллээр, Туркийн арми болон Сирийн чөлөөт арми Сирийн газар нутгийн 30-35 км гүн рүү нэвтэрч, М-4 стратегийн чухал авто зам дээр хяналтаа тогтоогоод байна.
“Энх тайвны эх булаг” ажиллагаа эхэлснээс хойш Туркийн хоёр цэргийн алба хаагч, Сирийн чөлөөт армийн 16 босогч амиа алдаж, Курдистаны хөдөлмөрийн намын болон Батлан хамгаалах ардын хүчний 525 алан хядагчдыг устгаад байна. Мөн ажиллагааны үеэр 18 энгийн иргэн амиа алдаж, 147 хүн шархаджээ.
Өнгөрсөн ням гарагт Сирийн засгийн газар Туркийн түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад бэлэн буйгаа илэрхийлж, Дамаск Сирийн хойд хэсэгт цэрэг илгээв. Энэ хүрээнд Сирийн засгийн газрын армийн эхний анги нэгтгэлүүд Алеппо мужийн Манбиж хотод орж ирлээ гэж Сирийн төрийн мэдээллийн SANA агентлаг мэдээлсэн. Ардчилсан Сирийн хүчин эвсэлд багтдаг Батлан хамгаалах ардын хүчний курд цэргүүд тэднийг өөрийн хяналтад буй шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрүүлсэн байна. Дамасктай хүрсэн тохиролцооны дагуу Сирийн засгийн газрын арми улсын хойд хил дээр хяналтаа тогтоож, Батлан хамгаалах ардын хүчин, Ардчилсан Сирийн хүчинтэй хамтран Туркийн хүчний дайралтыг эсэргүүцэх юм. Курдын хүчнүүд Асадын засгийн газартай Туркийн эзэлсэн бүс нутгийг хамтран чөлөөлөх тохиролцоонд хүрээд байгаа юм.
АНУ-ын цэргүүдийн оронд Туркийн цэрэг
Бодит байдал дээр Доналд Трамп Сирийн зүүн хойд хэсгээс цэргээ татсанаар Анкарад энэхүү ажиллагааг эхлүүлэх “ногоон гэрлийг” асаасан. Нэг талаас энэ нь зайлшгүй байв. Учир нь АНУ-ын төрийн тэргүүн алс бүс нутагт дайн хийхийн эсрэг байр суурь илэрхийлж байсан. Нөгөө талаар, энэхүү шийдвэр нь алан хядагчдын эсрэг хийж буй АНУ-ын тэмцлийн холбоотон болох курдуудыг хүнд байдалд оруулав.
Ажиллагааны зорилго
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэдэгдэж буйгаар, “Энх тайвны эх булаг” ажиллагаа нь Турк улсад нүүрлэж буй террорист заналхийллийг устган, аюулгүйн бүсийг байгуулж, Сирийн дүрвэгсдийг байрлуулах зорилготой. Өдгөө тус улсад Сирийн 3.6 сая дүрвэгсэд бүртгэгдээд байгаа. Түүнчлэн энэ ажиллагаа Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, Сирийн иргэдийг алан хядагчдаас хамгаалахад чиглэж буй гэж Анкара мэдэгдэж буй.
Анкара Турктэй хил залгаа Сирийн хойд хэсэгт Сирийн курдууд газар нутгийн тусгаар нэгж байгуулна гэж болгоомжилж байна. Олон жилийн туршид Турк улсад курдуудтай холбоотой асуудал хурцадмал асуудал болоод байгаа билээ. Тиймээс хөрш Сири улсад курдууд хүчирхэгжих нь Анкарагийн эрх ашигт үл нийцнэ. 2014 онд курдууд улс төрийн бие даасан байдлыг зарласны дараа Турк Сирийн курдуудын нам болох “Ардчилсан холбоог” террорист байгууллагын жагсаалтад оруулсан. Ардчилсан холбоог курдын өөртөө засах орныг байгуулахын төлөө тэмцэж буй Курдистаны хөдөлмөрийн намын салбар гэж Анкара үздэг. Үүнээс өмнө Турк улс Сирийн газар нутагт “Ефратын бамбай”, “Чидүүний мөчир” гэх хоёр ч цэргийн ажиллагаа явуулж байсан түүхтэй.
Курдууд гэж хэн бэ?
Курдууд нь Турк, Сири, Ирак, Ираны газар нутагт суурьшсан үндэстэн.Дэлхий дээр нийт 40 сая орчим курд байдаг ба НҮБ-ын тодорхойлсноор өөрийн гэсэн төрт улстай болох учиртай үндэстэн. Гэхдээ түүхэн явцад курдуудын суурьшсан бүх улс оронд эл үндэстэн ялгаварлан гадуурхагддаг.
Курдын Батлан хамгаалах ардын хүчин курд-сирийн эвслийн хамгийн том нэгж. Тэд АНУ-тай хамтран Сирийн зүүн хойд хэсэгт “Лалын улс” бүлэглэлийг устгасан түүхэн үүрэгтэй.
Туркийн цэргийн ажиллагаа Лалын улсыг сэрээж болзошгүй
Сирийн зүүн хойд хэсэг дэх турк-курдын мөргөлдөөн бүрэн хэмжээний дайны хэмжээнд хүрч болзошгүй. Анкарагийн өмнөх цэргийн ажиллагаануудад Туркийн долоон мянга хүртэл цэрэг, Сирийн 20 мянган цэрэг оролцож, 100 орчим цэргийн техник ашиглаж байсан. Туркийн хүчин техникийн хувьд илүү сайн зэвсэглэсэн ч курдын зэвсэгт бүлэглэлүүд 30 мянга орчим байлдагчтай. Үүнээс гадна мөргөлдөөнд нийт 70 мянга орчим цэрэг бүхий арабын бүлэглэлүүд татагдаж болзошгүй. Албан ёсны Дамаск энэхүү цэргийн ажиллагааг Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдал, олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчиж байна гэж үзэж өөрийн цэргүүдийг Сирийн хойд зүгт илгээгээд байна.
Туркийн ажиллагаа дөрвөн эрсдэлийг дагуулж байна гэж шинжээчид үзэж байна.
Нэгт, Туркийн арми АНУ-ын тусламжтайгаар сайн бэлтгэгдсэн, зэвсэгжсэн курдуудтай тулалдаж байна. Хоёрт, Турк улс аюулгүйн бүсэд Сирийн дүрвэгсдийг байрлуулах, хяналт тавихтай холбоотой санхүүгийн асар их зардалтай тулгарна. Өдгөө курдуудын хамгаалж буй дүрвэгсдийн Ал Хол хуаран дахь нөхцөл байдлыг хариуцах болно. Эл хуаранд “Лалын улс” бүлэглэлийн олон мянган дэмжигч байрлаж байгаа бөгөөд ажиллагаа эхэлснээс хойш олон зуун нь оргон зугтаад байна. Туркийн энэхүү ажиллагаа мөн Европыг эрсдэлд оруулж байгаа. Сирийн хойд хэсэгт курдуудын хяналт дор буй олзлогдсон жихадууд хэрхэх нь Европын толгойн өвчин болоод байна. “Лалын улс”-ын олзны босогчид Сирийн хойд хэсгээс Ирак руу шилжиж болзошгүй байгаа нь хамгийн гол аюул гэж Германы Бундестагийн гадаад бодлогын хорооны гишүүн Родерих Кизеветтер тайлбарлажээ.
Сирийн хойд хэсэгт орших дүрвэгсдийн хуаран дахь жихадууд эх орондоо буцах оролдлого хийх нь дамжиггүй. Туркийн аюулгүй бүс байгуулахаар зорьж буй бүсэд одоогоор гурван хуаран байрлаж байна. Хэдийгээр Ал Хол хуаран энэ бүсийн гадна байрлаж байгаа ч цэргийн ажиллагаа тусгалаа олж болзошгүй. Учир нь курдууд хурангийн хамгаалалтад гарсан цэргүүдээ татан оролцуулж болзошгүй. Энэ тохиолдолд хуарангуудад үүсэх нөхцөл байдлыг таамаглахад хүнд. Нөхцөл байдлыг далимдуулан “Лалын улс”-ыг дэмжигчид хуарангаас оргон зайлж, курдуудтай байлдах эсвэл нуувчинд орж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Үүнээс гадна цэргийн ажиллагааны улмаас хүмүүнлэгийн байгууллагууд Айн Исса, Рой гэх хуарангуудад хүрэх гарцгүй болох аюул нүүрлэж байна. Мөн ийм нөхцөл байдал Ал Холд үүсэх магадлал өндөр. Ал Хол хуаранд “халифат“-ыг сэргээх хүсэлтэй лалын улсын босогчдын эхнэрүүдийг зохион байгуулсан бүлгэмүүд бий болоод байгаа.
Хүүхэд, эмэгтэйчүүд байрлаж буй эдгээр хуарангаас гадна тус бүсэд лалын улс бүлэглэлд өндөр байр суурь эзэлж байсан этгээдүүд хоригдож буй хорих газрууд мөн байрладаг.
Лалын улс бүлэглэлийн хуучин босогчидтой нүүр тулж болзошгүй нөхцөл байдалд Туркийн хүчнийхэн бэлэн эсэх нь эргэлзээтэй гэж шинжээчид анхааруулж байна. Учир нь Туркийн хэвлэлд жихадуудын талаар асуудал огт хөндөгдөхгүй байгаа бөгөөд бүх анхаарал курдуудтай холбоотой аюулгүй байдлын асуудал болон Сирийн дүрвэгсдийг шилжүүлэх асуудалд хандуулж байна.
Олон улсын байр суурь
Сирийн зүүн хойд хэсэгт явуулж буй ажиллагаанаас болж Турк улс мөн НАТО-ийн гишүүн орон болон Ойрх Дорнодын арабын улс орнуудын шүүмжлэлийн бай болоод байгаа. Үүнтэй холбогдуулан ХБНГУ, Франц, Чех зэрэг Европын холбооны гишүүн орнууд Анкарад зэвсэг нийлүүлэхээ зогсоосон бөгөөд Европын холбооны Турк улсад нийлүүлж буй зэвсгийн экспортод хориг тавих уриалга ЕХ-ны хэд хэдэн улс орнуудын дэмжлэгийг аваад байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Анкара барууны түншүүдээс нь ийм хариу үйлдэл үзүүлэхийг мэдэж байсан ч ямар ч тохиолдолд Туркийг олон улсын тавцан дээр тусгаарлах боломж бараг үгүй. Анкарагийн ажиллагааг “Лалын улс” алан хядах бүлэглэлийг сэргээж, Сири дэх нөхцөл байдлыг тогтворжуулах ноцтой аюултай хэмээн мэдэгдээд буй Франц улс НАТО, Европын Холбоо, НҮБ-ын шугамаар дипломат хүчин чармайлт гаргахад гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд асуудал Европын холбооны түвшинд тавигдав. Европын комиссын дарга Жан Клод Юнкер “Энх тайвны эх булаг” ажиллагааг даруй зогсоох шаардлага тавьсан бол, Арабын улс орнуудын холбоо мөн эсрэг байр суурь илэрхийлээд байна.
Туркийн ажиллагааг эсэргүүцэж буй орнуудын дунд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн орнууд байгаа тул Турк хэтэрхий хол явбал энэ шугамаар Туркт шахалт үзүүлэх боломж бий. Анкара одоо ОХУ, БНХАУ зэрэг НҮБ-ын байнгын гишүүн орнуудтай огт сөргөлдөж болохгүйг ойлгож байгаа. Учир нь Турк улсад эдийн засгийн байдал хямралтай байгаа, туркийн лирийн ханш унаж буй нөхцөл байдлыг тооцох ёстой. Тиймээс Турк улсад Москва, Бээжингийн эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чухал.
Хэдийгээр Анкара олон улсын зүгээс шүүмжлэлийн бай болж буй ч тус улсыг олон улсын тавцан дээр тусгаарлах магадлал тун бага. Олон улсын практик дээр сургамж болгон зөвхөн хүч сул улс орнуудыг л ийм хувь заяа хүлээдэг. Харин ойрын ирээдүйд Анкараг энэ хувь заяа тойрч гарна, учир нь түүнд бодит хүч бий гэж шинжээчид дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )