ЗИНДАА 2019.10.17 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

#1 НИГЕР УЛСЫН ИРГЭДИЙГ МОНГОЛД ОРЖ ИРЭХИЙГ ХОРИГЛОЖЭЭ
 

Гадаадын иргэн харьяатын газрын /ГИХГ/ дарга Д.Мөрөн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2019.10.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


МОНГОЛ УЛСАД 28268 ГАДААДЫН ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА

ГИХГ-ын дарга Д.Мөрөн “Монгол Улсад энэ оны аравдугаар сарын байдлаар түр болон алба, хувийн хэргээр 131 улсын 28 мянга 268 гадаадын иргэн оршин сууж байна. Байршлаар нь авч үзвэл, нийслэлд 20 мянга 111 хүн, Дорнод аймагт 1568, Өмнөговь аймагт 1409, Баян-Өлгий аймагт 956 хүн оршин сууж байна. Харин улсаар нь авч үзвэл БНХАУ-ын 13 мянга 248, АНУ-ын 2589, ОХУ-ын 2 556 иргэн амьдарч байна. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон 2995 гадаадын иргэн манай улсад амьдарч байгаа юм. Түүнчлэн цагаач болон харьяалалгүй 17 улсын 1927 иргэний ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байна. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуульд нийт хүн амын гурван хувь буюу гурван сая 200 мянган хүн амтай гэж үзвэл 97 мянга 154 гадаадын иргэн оршин сууж болно гэсэн үг" гэв. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 Д.ЦОГТБААТАР: МОНГОЛ УЛС "СААРАЛ ЖАГСААЛТ"-Д БАГТСАН Ч ГАДААД ХАРИЛЦАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ 
 


Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага болох ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орох эрсдэлтэй байгаа талаар хэвлэлийнхэн мэдээлж байна. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Монгол Улс саарал жагсаалтад орсон ч гадаад харилцаа хэвийн үргэлжилнэ. Ард иргэд өрөнд орохгүй. Гэхдээ үр дүн нь гараагүй байна. Өнөөдөр гарна. Манайд зөвлөмж ирсэн. Монгол Улсын хийж байгаа алхмуудыг хүндэлж байгаа. Тэнд улс төрийн шийдвэр гаргадаггүй. Бодит шийдвэрийг гаргадаг байгууллага" гэх мэдээллийг өглөө. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 Г.БАЛЖМАА: МСНЭ-ИЙГ ХАРЛУУЛАХ АКЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХЭЛБЭРТ ШИЛЖИЖ БАЙГАА НЬ МАШ НОЦТОЙ
 

Нэр бүхий хүмүүс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн 17-р Их хурлыг хууль бусаар зохион байгуулсан, мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг эрүүгийн хэрэгт холбогдсон гэх мэдээллийг сошл орчинд түгээж байгаатай холбогдуулан МСНЭ-ийн Хуульч Г.Балжмаатай ярилцлаа.


-Сүүлийн үед МСНЭ-тэй холбоотой таагүй мэдээлэл цацагдах боллоо. Энэ мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байх шиг харагдах юм. Таны хувьд өрнөж буй үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийдөө МСНЭ-ийг тойрсон хэл ам, дуулиан олон нийтийн сүлжээгээр их явж байна. Энэ байгууллагыг урд өмнө нь гишүүд дэмжигчид, хэвлэл мэдээллийн салбарынхнаас бусад нь төдийлөн мэддэггүй байсан бол  сүүлийн үед нийгэм, олон нийт мэддэг болсон. Бүр тодруулбал, 2018 оны хоёрдугаар сард болсон 17-р Их хурлаас сонгогдсон шинэ баг, шинэ Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор тус байгууллагын тухай сонирхдог, мэдээлэл авдаг, үнэлэлт дүгнэлт өгдөг болжээ. Энэ нь муу зүйл биш. Шинэ баг зоригтой үйл ажиллагаа явуулж байна, ажил нь олон нийтэд хүрч, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрх ашгийн төлөөх ажлууд урагшилж байна гэж хардаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд шударга байх ёстой, хараат бус, хариуцлагатай байх ёстой. Энэ хүрээнд ажиллах, хууль эрхзүйн орчин бий болгох талаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч тодорхой шийдэл бүхий ажлыг хийж байна. Сэтгүүл зүйн салбар шударга, эрүүл байхыг салбарынхан болон иргэд, олон нийтийн зүгээс дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талаас эсрэгээрээ хөлс мөнгө хардаг хэсэг бүлэг хүмүүс гарч ирж байна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг өөрийн эрхшээлд байлгах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэл ч байгаа. Энэ хүмүүст хариуцлагатай сэтгүүлзүй таалагдахгүй байгаа. Ингээд эсрэг тэсрэг байр суурь бий болсон нь нийгмийн анхаарлыг татаж байгаа юм. Хоёрдугаар асуудал гэвэл, Х.Мандахбаяр гэдэг хүн сэтгүүлчийнхээ хувьд нийгмийн хариуцлагын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Тухайлбал, нийгэмд хамгийн тод томруун харагдаж байгаа нь хариуцлагатай уул уурхай. Нийгэмд байгаа асуудал бүхэнд хамгийн түрүүнд сэтгүүлч очдог. Үнэн бодит мэдээллийг хүргэхийг хичээдэг. Тэгвэл өнөөдөр улс оронд тулгамдаж буй хариуцлагагүй уул уурхайн асуудлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч зоригтой дуугарч, үүний үр дүнд төр засгаас шударга шийдвэр гарч, иргэдийн амьдралд, уул уурхайн хариуцлагатай байдалд, байгаль хамгаалах үйлсэд бодитой эерэг үр дүн гарч байна. Эсрэгээрээ яг энэ үйл явц нь тодорхой хүмүүс, бүлэглэлийн эрх ашгийг хөндөөд эхэлсэн. Ингэхээр Эвлэлийн удирдлага, Удирдах зөвлөлийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэх, харлуулах, зогсоох гэсэн акцууд хийгдэж, Х.Мандахбаяр гэдэг хүнийг харлуулах, огцруулах үйл явц болж хувирлаа. Энэ нь эхэндээ ганц нэг хүний үзэл бодлоор илэрч байсан бол сүүлдээ улс төрийн захиалгатай, зохион байгуулалттай хэлбэрт шилжиж байгаа нь маш ноцтой. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 ХӨНДӨХ СЭДЭВ: УТАА ЗУУХНААС БИШ ТҮЛЭЭНЭЭС ГАРДАГ

Түлж шатааж болдог бүхнийг түлээ гэнэ. Монголчуудын хувьд аргал, хомоол, хөрзөн, нүүрс, мод, тэр байтугай пакришкийг хүртэл түлээ гэж үзнэ. Харин шилжсэн утгаараа “түлээ” гэдэг нь тэнэг, маанаг хүнийг нэрлэнэ. “Чи ямар түлээ юм бэ” гэвэл “Чи ямар тэнэг юм бэ” гэж ойлгох учиртай. Сүүлийн өдрүүдэд энэхүү “түлээ” гэх үгний жинхэнэ болон шилжсэн хоёр утгын тухай эргэцүүлэн бодохоос өөр аргагүй нөхцөл байдлууд үргэлжилж байна. Юун түрүүнд, манай өмнөх төр засгийн толгойд байсан хүмүүс ямар “түлээ” байж вэ гэдгийг гайхаж сууна. Тэд утаатай тэмцэх гэж түмэн арга, мянган ухаан сийлсэн ч гэлээ шийдэж чадсан нь нэгээхэн ч үгүй. Тэдний “мэргэн” ухаанд итгэж өнөө хүртэл өмхий самхай, утаа тортогтоо баригдсан чигээрээ явж ирсэн бидний гэнэний хэмжээ ч бас тэр хэр. Өнгөрсөн хугацаанд өч төчнөөн тэрбум төгрөгийг зөвхөн “Утаа арилгах”, “Агаарын бохирдлыг бууруулах”, “Цэвэр агаар” гэх мэт үлгэрт зориулсан. Хэд хэдэн Засгийн газар утааг бууруулах амлалттай гарч ирээд, утаа май болон унаж байлаа. Агаарын бохирдлыг бууруулах талаар судлахын оронд нэгэнт бохирдчихсон агаарыг хэмжих чанарын алба гээчийг хүртэл санаачлан байгуулж байлаа. Тэр алба нь ердөө л “Нийслэлийн утаа таны нүдийг хорсгон, хоолой амыг утаж байгаа ч гэсэн хортой чанар нь харьцангуй багассан байна” гэж хэлэх л зорилготой. Ухаандаа мунхруулах гэж ядаж буй царай нь тэр.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 МОНГОЛ КИНО "УЙЛАХАА" БОЛЬСОН ЦАГТ МОНГОЛЫН КИНО УРЛАГ ХӨГЖИНӨ
​​​​​​​

Эртний Египетүүд муурыг шүтээнээ болгож байсан бол Хятадууд лууг тахин шүтдэг. Харин Монголчуудын симбол бол хүлэг морь. Аль ч улс оронд байгаль дэлхий, ан амьтнаар төлөөлүүлсэн билгэ тэмдэг бий. Харин тэд уран бүтээл бүртээ тэдгээрийг шингээдэг гэвэл үгүй. Манай урлаг шиг хоёр дуу тутмын нэг нь нутаг ус, таван хошуу мал, тараг айргийн тухай байх нь ч ховор биз. Тэглээ гээд бид ахуй амьдрал, ёс уламжлалаа өндөрт өргөж яваа гэвэл бас л үгүй. 

Юуны учир энэ тухай бичих болсон шалтгаанаа эхлээд хүүрнэе. Энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийж, Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авч, саяхан болоод өнгөрсөн Германы Олденбургийн кино наадмаас шагнал хүртэж, харин одоо 92 дэх удаагийн Оскарын наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвшихээр өрсөлдөж буй “Хийморь” уран сайхны кино өчигдөр /2019.10.17/ “Улаанбаатар” олон улсын кино наадмаар дахин нэг удаа гарлаа.  "Хийморь" уран сайхны киноны зохиолыг Ч.Лхамсүрэнгийн "Хүрэн морь" найраглалаас сэдэвлэн бичиж, ерөнхий найруулагчаар Драмын театраас төрөн гарсан жүжигчин Д.Эрдэнэбилэг ажилласан. Манай кино уран бүтээлчдийн дунд түгээмэл ажиглагддаг тайзнаас дэлгэц рүү хөрвөх үзэгдэл энэ удаад ч мөн адил анзаарагдав. Даанч тэдний энэ оролдлого, хүсэл эрмэлзлэл ихэнхдээ амжилт олдоггүй нь харамсалтай. Монгол кино үзэх бүрт нэг зүйлийг уламжлал болтлоо байнга ярьдаг бас бичдэг болжээ. Өнөөх л хэтрүүлэгтэй тайзны жүжиглэлт, нөгөө л нэг уйтгартай харилцан ярианууд, өнөөх л...

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top