Түлж шатааж болдог бүхнийг түлээ гэнэ. Монголчуудын хувьд аргал, хомоол, хөрзөн, нүүрс, мод, тэр байтугай пакришкийг хүртэл түлээ гэж үзнэ. Харин шилжсэн утгаараа “түлээ” гэдэг нь тэнэг, маанаг хүнийг нэрлэнэ. “Чи ямар түлээ юм бэ” гэвэл “Чи ямар тэнэг юм бэ” гэж ойлгох учиртай.
Сүүлийн өдрүүдэд энэхүү “түлээ” гэх үгний жинхэнэ болон шилжсэн хоёр утгын тухай эргэцүүлэн бодохоос өөр аргагүй нөхцөл байдлууд үргэлжилж байна. Юун түрүүнд, манай өмнөх төр засгийн толгойд байсан хүмүүс ямар “түлээ” байж вэ гэдгийг гайхаж сууна. Тэд утаатай тэмцэх гэж түмэн арга, мянган ухаан сийлсэн ч гэлээ шийдэж чадсан нь нэгээхэн ч үгүй. Тэдний “мэргэн” ухаанд итгэж өнөө хүртэл өмхий самхай, утаа тортогтоо баригдсан чигээрээ явж ирсэн бидний гэнэний хэмжээ ч бас тэр хэр.
Өнгөрсөн хугацаанд өч төчнөөн тэрбум төгрөгийг зөвхөн “Утаа арилгах”, “Агаарын бохирдлыг бууруулах”, “Цэвэр агаар” гэх мэт үлгэрт зориулсан. Хэд хэдэн Засгийн газар утааг бууруулах амлалттай гарч ирээд, утаа май болон унаж байлаа. Агаарын бохирдлыг бууруулах талаар судлахын оронд нэгэнт бохирдчихсон агаарыг хэмжих чанарын алба гээчийг хүртэл санаачлан байгуулж байлаа. Тэр алба нь ердөө л “Нийслэлийн утаа таны нүдийг хорсгон, хоолой амыг утаж байгаа ч гэсэн хортой чанар нь харьцангуй багассан байна” гэж хэлэх л зорилготой. Ухаандаа мунхруулах гэж ядаж буй царай нь тэр.
Эдгээрийг үл тоочоод, утаатай чухам яг яаж тэмцсэн тухай түүхийг ярья гэвэл паян цаашаа. Утаагүй зуух гэж хоёрхон үгтэй онигоо бий. Завшаанд нь нэг компани л хэдэн зуун зуух үйлдвэрлэж, төр, түмэн хоёртоо шахаж баяжсанаас өөр ямар ч үр ашиг өгөөгүй. Утаа гаргадаггүй шид үзүүлэх шахсан “Өлзий”, “Хас”, “Дөл”, “Голомт” нэртэй баахан зуухны араас “Яндан байхгүй бол зуух ч байхгүй, утаа ч байхгүй” гэдэг “мэргэн санаа”-г бас нэг төрийн түшмэл бодож олсон. Улаанбаатарчууд “Яндангүй гэр”-тэй болох мөрөөдлөөс өөр гийх гэгээгүй утаа май дундаа бас л хэдэн оныг үдэв.
Хамгийн эмгэнэлтэй нь, төдийгөөс өдий хүртэл “Утаагүй түлш”-ний тухай ярьсаар байсан хэрнээ хэн нь ч хийсэнгүй. Уг нь ч үе үеийн Ерөнхий сайдууд маань тийм ч “түлээ” хүмүүс байгаагүй байлтай. “Түлж байгаа зүйлээс л утаа гараад байна” гэдгийг эрхбиш ганц нэг нь ойлгосон шиг билээ. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа бүр “Энэ бол ядуурлын утаа” гэх сүрхий нээлт шахуу онол дэвшүүлсэн. Даанч онолдсоноор утаа буурах биш. Бас нэг Ерөнхий сайд маань түүхий нүүрсний хэрэглээг багасгах хэрэгтэй гэж уг нь зөв сэтгэж, Налайхын нүүрсний амуудыг хаах шийдвэр гаргасан. Даанч түүхий нүүрсний оронд түлэх юмгүй айлууд нэг бол дамын үнээр нүүрс худалдаж авах, эсвэл пакришк мэтийг түлэхээс өөр аргагүй болж байсан удаатай.
Түүхий нүүрсний оронд нүүрсийг боловсруулаад, шахмал түлш болгох санааг бас л эртнээс бодож олсон. Бүр тендер хүртэл зарлаад, “Аморе интернэйшнл” гэх компанид шахмал түлшний үйлдвэр байгуулах эрхийг өгсөн ч цаадах нь төрөөс дааж давшгүй их мөнгө нэхээд, зардлаа өсгөсөөр байгаад дашийн шог болсон.
Ингэж явсаар энэ жил У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан түлш гэгчийг санаачилж, түүнийгээ аж амьдралд нэвтрүүлээд байна. “Алаагүй баавгайн арьсыг арав хувааж нөмрөв” гэдэг шиг үр нөлөө нь гараагүй байхад тал талд гараад сайлж, эсвэл муулж байна. Гэхдээ бид одоо хэрсүүжсэн баймаар даа. Утаагүй зуух, яндангүй гэр гэдгээс илүү утаагүй түлээ нь итгэл үнэмшилтэй сонсогдож байх аж. Утаа зуухнаас бус, түлээнээс гардаг гэдгийг эрхбиш ойлгодог болсон нь ядаж дэвшил юм.
Шог зургийг: Н.Оргил
Эх сурвалж: "Толь" сонин
Сэтгэгдэл ( 0 )