Он дуустал 464 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлнэ

М.Хангал | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд иргэдэд 464 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцууллаа.

Хотын захиргаа 2019-2020 оны халаалтын улиралд айл өрхүүдийг 600 мянган тонн сайжруулсан түлшээр хангах юм. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний хангамжийн найм, дундын 37, борлуулалтын 384 цэг ажиллаж байгаа аж. Сайжруулсан түлшнээс авсан 31 дээжийг дотоодын тав, гадны  гурван лабораторид шинжлүүлэхэд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс илрээгүй, ахуйн хэрэгцээнд ашиглахад аюулгүй гэж гарчээ.

Арваннэгдүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 59мкг/м3-ээр буюу 55%-иар, PM10 тоосонцор 80мкг/м3-ээр буюу 38%-иар бага, хүхэрлэг хий 13мкг/м3-ээр их, азотын давхар исэл өмнөх жилийн түвшинд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top