Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрх зүйн шинэчлэл” сэдэвт зорилтот хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт /2019.10.18/ МУИС-ийн номын санд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг Эрүүгийн багц хуулийн төслийн талаар болон боловсруулагдаж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг энэ хүрээнд өрнөлөө.
ХЗДХ-ийн сайдын тушаалаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа.
Ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, нарийн бичгээр ХЗДХЯ-ны мэргэжилтэн н.Амармөрөн нар ажиллаж байгаа бол хэвлэл мэдээллийн салбараас "Глоб интернэшнл” байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, Монголын хэвлэлийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Б.Гүнжидмаа, “Монцамэ” агентлагийн орлогч захирал Ш.Батболд нар багтсан байна. Мөн ажлын хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөллүүд багтан ажиллаж байгаа юм.
Хэлэлцүүлэгт анх 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг 21 жилийн дараа шинэчлэх гэж байгаа үндэслэл, шалтгаан, хуулийн гол зохицуулалт, зарчим зэргийг П.Сайнзориг танилцуулсан юм.
Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Монгол Улсын Үндсэн хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, төрийн нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэж заасан байдаг. Мөн төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө төр хариуцах үүрэгтэй байхаар заасан. Энэ иргэнийхээ үүргийг төр анхаарах ёстой. “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын факт”-д нэгдэн орсон улсын хувьд дээрх гэрээ конвенцын тайлангаас харж байхад тодорхой хэсэгт нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бэхжүүлэх, хараат бус байдлыг хангах хууль эрх зүйн чиглэлд анхаарч үзээч гэдэг зөвлөмжийг хэлдэг. Олон улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг сахин хамгаалах Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагаас өнгөрсөн 2018 онд гаргасан Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос Монгол Улс 71-т, энэ онд 70 дугаар байрт орсон. Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагаас манай улсыг 70 дугаар байрт оруулж буй шалтгаан нь нийт хэвлэл мэдээллийн 74 хувь нь улс төрөөс хамааралтай гэж үзсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, улс төрөөс хараат бусаар мэдээлэл нийтлэх эсэх нь эргэлцээтэй байна гэж үзсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагын төвлөрлийг зохицуулсан зохицуулалт хууль тогтоомжид нь алга байна гэдэг зүйлээр Монголын хэвлэл мэдээллийн дутагдалтай талыг үнэлсэн. Тийм учраас Хэвлэл мэдээллийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.3.8-д “Хэвлэлийн эрх чөлөөг хангах эрх зүйн орчинг сайжруулж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн баталгааг хангана” гэж заасан зорилтын хүрээнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилсэн найруулгын төслийг 2018-2020 онд боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгасан. ХЗДХ-ийн сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн А/233 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсан. Хуулийн төслийг боловсруулахдаа өмнө нь 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн хадгална. Мөн мэргэжлийн, хараат бус, ил тод, нээлттэй, хариуцлагатай, хамтын хяналт, иргэдийн оролцоотойгоор зохицуулалтыг хийгээд явъя гэж байгаа. Хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Хуулийн төсөлд нэр томьёо буюу зарим ойлголтын хүрээ, агуулгыг хууль зүйн талаас нь хуульчлах шаардлагатай гэж үзэж байгаа. Нэр томьёог зөв гаргачихвал цаашид хуулийн төслийг боловсруулахад арай хялбар болно” гэсэн мэдээлэл өгсөн юм.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ЮУ ТУСГАВ
Хуулийн төсөлд тусгагдсан голлох заалтуудыг онцлон хүргэе.
Хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдлын баталгааг хангах хүрээнд Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хангах, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг төрөөс хангах баталгаа, Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцын хараат бус байдлын баталгааг хангах гэсэн гурван заалтыг тусгасан байна.
“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг төрөөс хангах баталгаа” гэсэн заалтад,
-Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд агуулгын хяналт тогтоохгүй. Хуульд өөрөөр заагаагүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн байгууллага өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах, үнэ төлбөргүй мэдээ, мэдээлэл нэвтрүүлэхийг шаардахыг хориглоно.
-Төрийн байгууллага, албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд нь хэвлэл мэдээллийн байгууллагыг үйл ажиллагаагаа бие даасан, хараат бусаар эрхлэхэд саад учруулах болон хуульд зааснаас бусад тохиолдолд сэтгүүлчийг мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардахыг хориглоно. Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч нь редакцтай сэтгүүл зүйн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах талаар гэрээ байгуулах бөгөөд редакцын хараат бус байдлыг хангах талаар байгууллагын дотоод дүрэмд тусгана. Нийтлэл, нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгчийн зүгээс редакцын мэргэжлийн хараат бус байдал, нийтлэлийн бодлогод нөлөөлөхийг хориглоно” гэж тус тус тусгасан байна.
Мөн хуулийн төсөлд "Хэвлэл мэдээллийн байгууллага нь Гэр бүлийн харилцаа, насанд хүрээгүй хүнд сөргөөр нөлөөлөх садар самуун, хүчирхийллийг сурталчлахгүй байх, гэмт хэрэг зөрчил, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуунд харшилсан үйлдлийг сурталчлахгүй байх”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ улс төр, санхүүгийн нөлөөлөл болон төрийн байгууллага, аж ахуй эрхлэгчийн хууль бус нөлөөллөөс ангид байх, Хэвлэл мэдээллийн байгууллагыг компани, эсвэл сангийн хэлбэрээр хуулийн бүртгэлд бүртгэж, хэвлэл мэдээллийн байгууллага нь редакцтай байх” гэж заажээ.
Хуулийн төсөлд Хэвлэл мэдээллийн байгууллага нь эзэмшигчээ олон нийтэд ил тод зарлахаар тусгасан байна. Тодруулбал “Хуулийн этгээдийн нэр, таван хувиас дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, эзэмшиж байгаа хувьцааны тоог ил байна” гэжээ.
Мөн хуульд Хамтын удирдлагын байгууллага байгуулахаар тусгажээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүл зүйн үйл ажиллагааны ёс зүйн хэм хэмжээнд тавих олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй ашгийн төлөө бус хуулийн этгээд байхаар тусгасан байна. Дээрх хамтын байгууллага нь ёс зүйн хороотой байх, хэвлэл мэдээллийн гомдол хүлээн авах, хүлээн авсан гомдлыг шалгаж, үндэслэлтэй бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад залруулга хийлгэхийг даалгах, уучлал гуйлгуулах, гомдол гаргагчийн хариу тайлбарыг нийтлүүлэх зэрэг эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
Шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэрээр сэтгүүлч эх сурвалжаа ил болгоно
“Эх сурвалжаа нууцлах эрх”-ийн асуудлыг бүлэг болгон оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал, “Тухайн мэдээллийн эх сурвалжийг өөр арга замаар олж мэдэх боломжгүй болох нь, эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын тухайн хэрэгтэй холбоотой эх сурвалжаа нууцлах эрхийг шүүхийн шийдвэрээр ил болгох. Төрийн байгууллага, албан тушаалтан, бусад этгээд сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад учруулах, хууль зааснаас бусад үндэслэлээр сэтгүүлчийг мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардахыг хориглоно” гэж заалт багтжээ.
“ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ХЭМЖЭЭНД НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ”
Хэлэлцүүлгийн үеэр зарим талаар хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан, хараат бус байдлыг нь алдагдуулсан зохицуулалт хийхээр төлөвлөж байгааг сэтгүүлчид шүүмжилсэн юм. Тухайлбал, сэтгүүлч зайлшгүй шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад мэдээллийн эх сурвалжаа хэлэх ёстой гэдэг зохицуулалтыг хуулийн төсөлд оруулах гэж байгааг сэтгүүл зүйн судлаачид үгүйсгэж, дэлхийн хаана ч эрэн сурвалжлах сэтгүүлчид ямар ч тохиолдолд эх сурвалжаа илчилдэггүй зарчимтай гэдгийг онцолсон. Мөн хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтыг заавал хуульчлах гэсэн оролдлого, залруулга хийх үйл явцыг нарийвчлан зааж өгсөн зохицуулалт зэрэг нэлээд асуудлуудад сэтгүүлчид шүүмжлэлтэй хандаж байв.
Сэтгүүлчдийн байр суурийг хүргэе.
"Эрэн сурвалжлах, сурвалжлагчдын төлөө" төвийн сургагч багш А.Амартүвшин “Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй. Гэхдээ тодорхой тохиолдолд ил болгох асуудлыг оруулж ирсэн байна. Ямар тохиолдолд ил болгох юм бэ. Энэ нь нэг талаараа цензур юм биш үү. Мөн өөрийн зохицуулалтаар шийдэж болох асуудлыг хуульчлахаар оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ” гэлээ. Түүний асуултад Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Хамтын удирдлагын байгууллагад хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд буюу хувьцаа эзэмшигч, сэтгүүлч, иргэдийн төлөөлөл багтана. Ийм хамтын удирдлагын байгууллагыг дэлхий нийтэд хэрэгжүүлж байгаа. Хуульчлан хэрэгжүүлж буй байгууллага ч бий. Энэ бол төрийн байгууллагаас тавьж буй санал. Энэ саналыг сэтгүүлчид өөрсдөө шийдэх хэрэгтэй. Хуульд энэ асуудал тусгагдах юм бол Дагаж мөрдөх журмын тухай хуулиар тодорхой асуудлыг шийдэх ёстой. Нууц эх сурвалжийн тухайд бүхнийг нууцална гэж болохгүй байх. Гэхдээ хараат бус мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх асуудал нь нууц эх сурвалжийн асуудал юм. Тодорхой асуудал дээр шүүхийн шийдвэрээр мэдээллийн нууц эх сурвалжаа ил болгоё гэж байгаа юм. Түүнээс хэн нэг улс төрч, эрх мэдэлтэй, хуулийн ажилтны шийдвэрээр эх сурвалжаа хэлнэ гэсэн ойлголт биш” гэлээ.
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгийг хийж байгаа нь сайн байна. Би хоёр зүйл дээр санал хэлье. Өөрийн зохицуулалтын байгууллагыг хуульчлах шаардлага байхгүй. Манайд өөрийн зохицуулалтын байгууллага ажиллаад болж байгаа нөхцөлд хуульчлах шаардлага алга. Би өмнө нь тантай адил саналтай байсан. Гэвч судлаачийн хувьд харахад миний үзэл санаа өөрчлөгдсөн. Хуульчлах тусам маш олон шийдвэрлэж болохгүй асуудал гарч ирээд, хэвлэлийн эрх чөлөөг бүрдүүлэхэд сөрөг нөлөө үзүүлэх учраас өөрийн зохицуулалтыг хуулиар хийж болохгүй юм. Нууц эх сурвалжийг илчлэх асуудал бол маш эмзэг зүйл шүү. Шүүхийн шийдвэрээр нууц эх сурвалжийг илчилж болно гэж П.Сайнзориг хэлж байна. Шүүх зөв, буруу шийдвэр гаргаж болно. Харьцангуй ойлголт юм. Англи, Европын ёс зүйн кодод тодорхой заасан байгаа. A, B, C, D гэсэн дөрвөн зүйл заалтаар зохицуулдаг. Нууц эх сурвалжаа хэзээ илчлэх талаар тодорхой заасан. Нийгэм, олон нийтийн эрүүл мэнд эсвэл нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн нууцыг илчилнэ гээд заасан байдаг. Энэ заалтыг бид хэрэгжүүлээд туршлага болгоод явах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрээр зохицуулна гэж оруулах нь зохимжгүй" гэсэн санал хэлсэн.
Харин Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сошиал сүлжээ хоёрыг ялгаж, салгаж хуульчлах ёстой. Энэ заалтыг оруулж өгснөөрөө сэтгэгдэл, сэтгүүл зүй хоёрыг ялгаж өгөх ач холбогдолтой. Тийм учраас сайтуудаа төлөөлж Ажлын хэсэгт Монголын сайтын холбооноос төлөөлөгч оруулж өгөөч гэдэг хүсэлтэй байна" гэж байр сууриа илэрхийлж байлаа.
Х.МАНДАХБАЯР: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХАД НУХАЦТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Хуулийн төслийн талаар ирж сэтгүүлчдэд танилцуулж буй Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг танд баярлалаа. Хуулийн төсөлд нэр томьёоны асуудлаас эхлээд ойлгомжгүй асуудлууд гарч ирж байна. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийг нэмж оруулах нь зөв. Салбарын хэмжээнд хэдэнтээ хуулийн төслөө нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй. Энэ салбарт олон жил ажилласан мэргэжлийн хүмүүс нь хуулийн төсөл дээр санал шүүмжлэлээ хэлж оролцох ёстой. Тал бүрийн оролцоог хангах хэрэгтэй. Хуулийн төсөл дээр ярих зүйл маш олон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг зарлах тухайд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьцааг нэг компани эзэмшиж байдаг. Тэр компани хэний эзэмшил нь тодорхойгүй. Хуульд тусгагдсанаар хуульчилбал, жинхэнэ эзэн компанийн цаана нуугдаад л үлдэнэ. Хэвлэл мэдээллийн эздийг тодорхой болгох хуулийн үзэл санаа байхгүй болно. Эх сурвалжийг ил болгох тухай заалт орж ирж байна. Энэ нь цензур шүү дээ. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн асуудал нь манай салбарт ширүүн маргаан дагуулдаг. Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй холбоотой асуудлыг Ажлын хэсэг судалж үзэх ёстой. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн асуудлыг хуульчлах юм бол төрийн цензур тогтоно. Цаашид "Дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулна" гэж хэллээ. Шууд хүч түрсэн байдлаар салбарын хуульд хандаж байгаа нь зохимжгүй байна. Энэ бол миний хэлж байгаа санал шүү. Энэ салбарт ажиллаж байгаа туршлагатай хүмүүсийн саналыг сонсох ёстой. Одоо байгаа өөрийн зохицуулалтын байгууллагыг илүү чадавхжуулж, сайжруулахаас биш хуульчлах нь буруу юм. Хуульд хэвлэл мэдээллийн салбарын бүтэц гэж байна уу. Хэвлэл мэдээллийн салбар гэдгээ юу гэж томьёолсон юм бэ гэх мэтчилэн асуудал дагуулсан маш олон зүйл байна. Тийм учраас өнгөрсөн жилээс хойш би ХЗДХЯ дээр очиж, хуулийг нээлттэй хэлэлцээч ээ гэдэг саналыг хэлж ирсэн. Хуулийн төслийг нээлттэй хэлэлцэх ёстой. Хуулийн төслийг боловсруулахад нууж, хаах зүйл байхгүй. Үндсэн хуулийг ард нийтээрээ хэлэлцье гэж байгаа шиг сэтгүүлчид бид өөрсдөө Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа маш олон талаас нь хэлэлцэх шаардлагатай. Ажлын хэсэг хуулийн төслийн саналаа танилцууллаа. Гэхдээ бидэнд тулгаж байгаа хэлбэр юм байна гэж би ойлгож байна. Тийм учраас бид тусдаа салбарынхаа хэмжээнд дугуй ширээний уулзалт хийж ярилцах нь зүйтэй. Дотооддоо асуудлыг нухацтай ярих нь давуу тал болно. Энэ хуулийг бид 20 жил хүлээсэн. Маш удаан хугацаанд хуулийн төслийг боловсруулах ажил хүлээгдэж, одоо нэг болох нь уу гэтэл маш олон тодорхойгүй асуудал байна. Хуулийн төсөлд салбарын бүрэн зохицуулалтыг тусгах ёстой. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийгээд хэвлэл мэдээллийн салбарынхнаас санал авчихлаа гэж ойлгож болохгүй. Бид өөрсдөө дахиж нухацтай хандаж, ярилцаж хэлэлцэх шаардлага байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
“ГҮТГЭХ ЗААЛТЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ”
Хэлэлцүүлгийн үеэр мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг Эрүүгийн багц хуульд гүтгэх заалтыг яагаад оруулсан болон ингэснээр ямар үр дагавар гарах талаар танилцуулсан.
Үүнтэй холбоотойгоор “Глоб интернэшнл” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн “НҮБ-ын Хүний эрхийн комиссоос Монгол Улсад 164 зүйл зөвлөмж өгсний дотор гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиасаа хасах тухай асуудал багтсан байсан. Энэ дагуу уг заалт Эрүүгийн хуулиас хасагдаж, Зөрчлийн хуулиар зохицуулагдах болсон. Одоо эргээд Эрүүгийн хуульд гүтгэх заалтыг оруулах юм бол үүгээрээ Монгол Улс дэлхийд анхдагч болно” гэдгийг онцолж байв.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт амьдрал дээрээс урган гарсан судалгаатай уялдаад гарах учиртай гэж бодож байна. Гэтэл огт эсрэгээрээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг илүү айлгасан, чангалсан заалт орж ирж байна. Сошиал орчинд гэхэд хэн ч мэдэхгүй нууц хаяг нээгээд бусдыг гүтгэж байгаа, янз бүрийн заналхийлэл, эмх замбараагүй байдалд уриалж, садар самуунд уруу татаж байгаа. Хамаг болохгүй, бүтэхгүй бүхэн сошиал орчинд, магадгүй сэтгүүлчийн нэр барьсан нууц хаягнаас явж байгаа. Үүнд судалгаа хийх хэрэгтэй” гэлээ.
Ерөнхийдөө хэлэлцүүлгийн үеэр "Гүтгэх үйлдлийг Зөрчлийн тухай хуулиас авч, Эрүүгийн багц хуулийн төсөлд оруулсан нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, хэвлэлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлнө" гэдэг байр суурийг сэтгүүлчид олонтаа илэрхийлж байсан юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )