ЗИНДАА 2019.10.22 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

#1 ЗАХИАС: МОНГОЛЫН АРД ТҮМЭН АРДЧИЛАЛ, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАМГААЛЖ ҮЛДЭЭРЭЙ
 

“Монголын ард түмэн ардчилал, парламентын засаглал, хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалж үлдээрэй. Та нарын оролцоо их. Бидний алдааг битгий давтаарай. Хэвлэлийн эрх чөлөө чинь ард түмний эрх чөлөө байдаг юм шүү. Сэтгүүлчид хүчтэй байх ёстой” хэмээн гунигтайгаар хоолой зангируулан хэлэх эр бол Филиппин улсдаа 50 салбартай Сэтгүүлчдийн эрх ашиг, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалдаг ТББ-ын нарийн бичгийн дарга. Түүний Монголын сэтгүүлчдэд захьсан үг энэ. Тус байгууллага 1986 онд байгуулагдсан. Улсаа 21 жил тэргүүлсэн Фердинанд Маркосын дарангуйлал хэрээс хэтэрсэн тул хэвлэлийнхэн нь нэгдэн тэмцэж чадсанаар түүнийг огцруулсан байдаг. Гэсэн ч харамсалтай нь 1986 оноос хойш өнөөдрийг хүртэл Филиппин улсад 190 сэтгүүлч амиа алдсан байна. Тэдгээрээс 33 нь 2009 оны сонгуулийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр 20 гаруй иргэний хамт буудуулан амь үрэгджээ.

Филиппин улсад хэвлэлийн эрх чөлөөг огт байхгүй гэх нь утгагүй ч байхгүйтэй ижил замаар явж ирснийг “Рапплер” агентагийнхан хэлж байсан юм. Засгийн газар болон ерөнхийлөгч Родриго Дутертегийн зүгээс байнгын шахалт, дарамт цаашлаад сэтгүүлчдийг “устгах” тухай ярьдаг. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байна гэж мянгантаа орилоод ч нэмэргүй. Тэр бүү хэл тус улсын ерөнхийлөгч Родриго Дутерте хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх ёсгүй гэж үздэг нэгэн. Хэвлэлийн хурал дээрээ үүнийгээ шууд зарлачихдаг “сайн эр”. Филиппин улс дэлхийд сэтгүүлчдэд аюултай улсын жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгддэг бол Зүүн Азидаа тэргүүлдэг гэдэг албан ёсны судалгаа бий.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 ЭРХТЭН ДАРХТАНЫ МЭДЛИЙН "ТЕРРА ЭНЕРЖИ"-Д ДАРЛУУЛСАН НОЁН СУМЫНХАН
 

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Ноён суманд үргэлжлэв.

Ноён сум Өмнөговь аймагтаа хүн амын тоо, нутаг дэвсгэрээрээ хамгийн багад орно. Гэвч энд Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Терра энержи", Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хур эрдэнэ баялаг” компанийнхан тус сумынхныг бүрэн дарамтад оруулжээ. Хоёр компани хоёулаа нүүрсний уурхайтай юм. “Хур эрдэнэ баялаг” компанийн тухайд тус уурхайг ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажиллуулах хүсэлтийг 2019 оны нэгдүгээр сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд гаргажээ. Өнөөдрийн байдлаар улсын комисс хүлээн аваагүй байхад өөрсдийн дураар уурхайг нээн, хөрс хуулалтын ажлыг хийж эхэлсэн байлаа. Үүгээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 36.4-т заасан “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэснийг бүрэн зөрчсөн байна. Түүх сөхвөл анх энэ газрыг 2013 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Пибодивинсвей ресорсез” компанид 2043 он хүртэл буюу 30 жилийн хугацаагаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатар олгожээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 “БНСУ-Д СЭТГҮҮЛЧ ШИЙТГҮҮЛЭХ ТОХИОЛДОЛ ГУРВАН ЖИЛД НЭГ УДАА Л ГАРДАГ”
 

БНСУ-ын үндэсний өдөр тутмын таван том хэвлэлийн нэг “Хангүүг илбү”  (Hankооk Ilbо) сонины Хууль, эрх зүй хариуцсан сэтгүүлч Жон Бан Сооктой Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн өдөр тутмын ажил болон хэвлэн нийтлэх орчны талаар ярилцлаа.


-Юуны өмнө “Хангүүг илбү” сонины талаар Монголын уншигчдад товч танилцуулаач?

-“Хангүүг илбү” сонины хувьд 1954 онд анхны дугаараа гаргаж байсан түүхтэй. Өдөрт 210 гаруй мянган хувь хэвлэгдэн дотоодын уншигчдад хүрдэг. Эзэмшлийн хувьд “Тунхуа групп”-т (Dongwha group)  харьяалагддаг бөгөөд нийт 200-гаад сэтгүүлч, ажилтантай. Улс төр, эдийн засаг, урлаг соёл, спорт, нийгэм, олон улс гээд албадуудтай. Мөн Дижитал контентын алба ажиллаж, сонины нийтлэлд тулгуурласан болон бусад сэдвээр сонирхолтой мултимедиа бэлтгэдэг. Бид долоо хоногт зургаан дугаар гаргадаг.

Баасан гарагт амралтын хоёр өдрийн дугаарыг хамтатган бэлтгэж, бямбад гаргаад, тэр өдрөө амардаг. Харин ням гарагт шинэ долоо хоногийн эхний өдрийн дугаараа бэлтгэдэг. Манай “Тунхуа групп”-т БНСУ-ын анхны англи хэл дээрх сонин “Корэй таймс” (Korea times) харьяалагдан үйл ажиллагаагаа явуулдаг. 2020 онд 70 жилийн ойгоо тэмдэглэнэ.

-Танай сонины ажил хэрхэн эхэлдэг вэ. Таны хувьд өнөөдрийн ажил юунаас эхлэв?

-Ерөнхий эрхлэгч өглөө бүр бүх алба, хэлтсийн дарга нартай тухайн өдрийн гол сэдвээ хэрхэн сонгох, хэрхэн сурвалжлах талаар хуралдахаас ажил эхэлдэг. Өглөөний шуурхай эхлэхээс өмнө алба, хэлтсийн сэтгүүлчид дотоод хэрэгцээндээ ашигладаг (Dashboard) хэмээх программд тухайн өдөр сурвалжлах, хөндөх сэдвийнхээ талаар хариуцсан салбар салбараараа бичиж үлдээсэн байх ёстой. Үүнийг нь албадын дарга нар уншиж танилцаад, өглөөний хуралд хэлэлцүүлдэг. Тэгээд сэтгүүлч бүрт тухайн сэдвийг сурвалжлах эсэх, нийтлэлээ үргэлжлүүлэх эсэх талаар нь чиглэл, зөвшөөрөл өгдөг.

Миний хувьд өглөө 08.00 цагт прокурор, шүүх рүү утас цохихоос ажил эхэлдэг. Тэгээд тухайн өдөр дэлгэрүүлж сурвалжлах, тодруулах мэдээлэл байгаа эсэхийг лавлаад, өөр мэдээлэл олох, ярилцлага товлох гэх зэргээ шийддэг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРЫГ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 09:30 цагт эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулж шийдвэрлэлээ. Тодруулбал, шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч нар хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн учир ийнхүү хойшлуулж, ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу аравдугаар сарын 31-ны өдөр хуралдахаар товлосон байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 Ц.ПҮРЭВХҮҮ: САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХОРГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
 

“Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагынхан өмнөх жилүүдэд Улаанбаатар хотын утааг бууруулах асуудлаар жагсаал, цуглаан зохион байгуулж, төрд байр сууриа хүчтэй илэрхийлж ирсэн билээ. Гэвч өнгөрсөн өдрүүдэд утаанд иргэд угаартан эрүүл мэндээрээ хохирч, амиа алдаж байхад тус ТББ-ынхан чимээгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж буй юм. Иймд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар “Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагын тэргүүн, “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа. 


-Утаанд иргэд хордож, найман хүн амиа алдаад байна. Сүүлийн үед “Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагынхан яагаад чимээгүй болчихов?

-Хүмүүс угаартаж амиа алдсанд маш их харамсаж байна. Ээж хүний хувьд хүнд тусаж байна. Бид Утааны эсрэг ээж аавууд группийнхээ үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа. Зургаан админтай. Иргэдээс утаатай холбоотой мэдээлэл ирэх бүрт нь нийтэлдэг. Мөн гэр хорооллын иргэдэд гэр, байшингаа дулаалах сургалтыг явуулж байна. Энэ чиглэлийн мэргэжлийн хүнд нь төлбөр төлөөд хичээл заалгадаг.

Бид агаарын бохирдлыг бууруулах шаардлага тавьж, “Жилдээ 0-4 насны 135 хүүхэд амиа алдаж байна” гэдэг баримтыг гаргаж, утааг бууруулах шаардлага тавьж ирсэн төрийн бус байгууллага. Манай байгууллага шаардлага тавьсныхаа дагуу би Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд гишүүнээр орж ажиллаж байна.

Мөн энэ Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахад хийж буй далайцтай ажил нь түлшний бодлого. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр дотор сайжруулсан түлшний асуудал тусгагдсан. Сайжруулсан түлшийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа байгууллагын удирдлагад бид орж хянах ёстой. Компанийн засаглал ёсоороо ТУЗ-ийн 11 гишүүний гурав нь хараат бус гишүүн байх ёстой. “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-д төрийн бус байгууллагын гурван төлөөлөл байдаг. Бид бодлогод нь нөлөөлөх гэж оролдож байна шүү дээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top