Хөргүүртэй чингэлэгт олдсон 39 цогцсын ихэнх нь Вьетнам иргэд байжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 27

Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук энэ сарын 23-нд хөргүүртэй чингэлэгт олдсон 39 цогцсын ихэнх нь Вьетнам иргэд байж болзошгүй гэсэн шинэ таамаг, баримт гарч ирсэнтэй холбогдуулан мөрдөн шалгалт явуулах үүрэг өглөө гэж Вьетнамын засгийн газрын цахим хуудсанд ням гарагт мэдээлжээ.  
Мөрдөн шалгах ажиллагаанд тус улсын нийгмийн аюулгүй байдлын яам, гадаад хэргийн яам, орон нутгийн эрх баригчид болон холбогдох төрийн байгууллагуудын албан тушаалтнуудыг оролцуулж, Их Британийн холбогдох албадтай нягт хамтран ажиллахыг үүрэг болгожээ.

Шалгалтын үр дүнг ирэх сарын 5-нд танилцуулах үүргийг мөн өгсөн байна.

26-ны өдөр цогцсын дунд хуурамч хятад паспорт бүхий олон тооны вьетнамчууд байгаа  нь тодорхой болж эхлэв. Вьетнамын зургаан гэр бүл Их Британид суугаа Вьетнамын элчин сайдын яамандаа хандаж, төрөл төрөгсдөөсөө салах ёс гүйцэтгэсэн утга бүхий мессеж авсан тухай мэдэгдэн тусламж хүсжээ. Вьетнамын 26 настай Фам гэгч нэгэн бүсгүй Лондон руу Хятад, Европоор дамжин ирж байсан бөгөөд хамгийн сүүлд “Ээж ээ, уучлаарай. Миний аялал амжилттай болсонгүй. Ээж ээ, би танд хайртай. Би үхэж байна, амьсгалж чадахгүй байна. Би Нген тосгоных” гэж бичээд холбоо тасарсан байна.  Түүний гэр бүл 30 мянган фунт төлсөн гэнэ.

Мөн хэдэн хэдэн вьетнам гэр бүл төрөл төрөгсөд нь лхагва гарагт ирэх ёстой байсан боловч ирээгүй гэх мэдээллийг өгсөн байна. “VietHome” байгууллагад ирсэн мэдээллээс үзвэл 20 орчим хүн алга болоод байна.

Их Британийн хууль хүчнийхэн төрөл төрөгсөд, найз нөхөд нь алга болсон тухай мэдээллийг өгөхийг уриалжээ. Мэдээллийн нууцыг хадгалж, хууль бус цагаачдын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэж мэдэгдсэн байна.

Эссекс гүнлэгийн цагдаагийн төлөөлөгч Марин Пэссмор одоогоор цогцсуудыг таних ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн баталгаажуулах боломжгүй байна. Цогцсууд дунд бусад орны иргэд байж болохыг үгүйсгэхгүй гэжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан одоогоор таван хүнийг баривчлаад байна.

Вьетнамын иргэн Фам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top