Өнгөрсөн сард Их Британийн Эссекс мужийн газар нутагт хөргүүртэй чингэлэгт амь үрэгдсэн байдалтай олдсон Вьетнамын 39 иргэний 16-гийнх нь цогцсыг эх оронд нь лхагва гарагт хүргүүлжээ.
Вьетнамын VnExpress хэвлэлд мэдээлснээр, цогцсуудыг тээвэрлэсэн онгоц Ханой хотын Нойбай олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 05.00 цагт газарджээ. Үлдсэн цогцсуудыг Вьетнамд удахгүй авчрах гэнэ.
Эссекс гүнлэгийн цагдаагийн мэдээлснээр, хэргийн мөрдлөгийн явцад Британийн цагдаа энэ даваа гарагт дахин нэг эрэгтэйг санаатай аллага үйлдсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ.
Өнгөрсөн сарын 23-нд Эссекс гүнлэгийн цагдаа Бельгиэс Их Британид ирсэн ачааны автомашины хөргүүртэй чингэлэгт 39 хүний цогцос олсон билээ. Анхандаа тэднийг Хятадын иргэд гэж таамаглаж байсан ч хожим нь Вьетнамын иргэд байсан болох нь тогтоогдсон. Энэ хэрэгтэй холбогдуулан ачааны тэрэгний жолооч 25 настай Морис Робинсон болон хэд хэдэн хүнийг баривчлаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )