Баян-Өлгий аймгийн Жандос Конторбайн гэрт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү байрлаж, долоо хоног амьдарсан талаар бид мэдээлсэн билээ.
Жандос дөрвөн жилийн өмнө гадаадын жуулчдыг гэртээ хүлээн авч, хөдөө аялуулдаг үйлчилгээ нээжээ. Гэхдээ тэр жирийн нэг гадаад хүмүүсийг хүлээж аваад байдаггүй. Түүний гэрт Америк тэргүүтэй барууны орнуудын алдартнууд, баячууд зочилдог.
Авхаалжтай сэргэлэн казах залуу зочдодоо хээр талын амьдралыг танилцуулж, морь унуулан, байгалийн үзэсгэлэнт газруудаар дагуулж явдаг.
"Би казах хүн, Улаанбаатарт амьдардаг. Багаасаа бизнес эрхэлсэн. Одоо 33 настай. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хотын хөл шуугианаас холдож, сайхан амрах гэсэн гадаадууд надад ханддаг. Тэд гар утсаа хааж, хээр талаар аялж, малчин ардуудын амьдралыг үзэхийг хүсдэг. Нүүдэлчин амьдралын хэв маяг тэдний сонирхлыг татдаг ч дэлхий дээр жинхэнэ нүүдэлчин ард түмэн ховор. Монгол, казахууд бол жинхэнэ нүүдэлчид. Гадаадын улстөрчид, одод тансаг сайхан зочид буудалд байрласаар уйдсан хүмүүс байдаг. Харин бид тэдэнд гэрт амьдарч, морь унан, шонхрын ан хийх боломж олгодог” гэж ярьжээ.
Жандос Туркт дээд боловсрол эзэмшсэн, турк, англи, казах хэлтэй.
Мөн тэр “Энэ бол манай гэр бүлийн бизнес. Эхнэр бид хоёр дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн юм. Эхнэр гал тогоог удирдаж, ариун цэвэр, дэг журмыг хариуцдаг. Зочдоо Баян-Өлгий аймагт хүлээж авдаг. Трампын хүүгээс гадна өөр олон алдартан манайд ирж байлаа. Том компани, корпорацийн эзэд олон ирсэн. Ихэнх алдартан хувийн онгоцоороо ирдэг. Бид тэднийг Өлгийгөөс нисдэг тэргээр гэртээ авчирдаг” гэсэн байв.
Доналд Трампын хүү бага Доналд түүний талаар ажилтнуудаасаа мэджээ.
“Трампын гэр бүлийн аялал жуулчлал хариуцсан төлөөлөгч нь миний танил. Тэр танил маань Трампыг Баян-Өлгийд аялахыг урьсан. Бүтэн хоёр жил яригдсаны эцэст энэ жил Трампын хүү хүүтэйгээ хамт ирсэн юм. Тэднийг Улаанбаатараас хөдөө гэртээ авчирсан. Тэр саяхан инстаграмдаа гэрт амьдрах маш сайхан гэж бичсэн нь бидний хувьд маш том сурталчилгаа болсон. Ерөнхийлөгчийн хүү тун даруухан эрхэм байна лээ. Нэг удаа манай машин шаварт суусан. Харин бага Трамп хүүтэйгээ шавар дунд бууж ирээд, олс уяад зогсож байсан. Энэ үед би түүнийг эгэл жирийн хүн юм гэдгийг ойлгосон. Трамп гэрт ес хоносон. Хоёр өдөр нь бороо орж, тооноор ус гоожсон. Гэтэл Трамп өөрөө тооныг зассан. Бид хараад их гайхсан. Тэр нэг их зовох юмгүй, дор нь янзалчихаж байна лээ” гэж гэрийн эзэн ярьжээ.
Казах хоол ч түүнд их таалагдсан гэнэ.
“Эхний өдөр бид түүнд гэрийн цөцгийтэй гамбир, жимсний чанамал өгсөн. Маш их таалагдсан бололтой, өдөр бүр захиалж иддэг болсон. Бешбармакаар дайлсан ч Трамп куырдак сонгинотой шарсан маханд их дуртай байлаа. Түүнийг ямар ч хамгаалалтгүй явж байгаад бид их гайхсан. Хэн ч хоол унд шалгаагүй. Манай эхнэрийн хийсэн хоолонд бүрэн итгэж байлаа. Хүүхдүүд найзалж нөхөрлөн, тоглож, Трамп маш сэтгэл хангалуун нутаг буцсан. Үнэхээр даруухан хүн байна лээ”.
Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого гаргасан энэ үед нэг хүн ч гэсэн ямар их ажил хийж чаддагийг энэхүү хөдөлмөрч залуу харуулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
хамгаалалтгүй явна ч гэж юу байхав, ойрхон л хянаж байгаа ш дээ. уг нь дуугай л байхгүй дээ. эд нар чинь шашныхаа хүрээнд туркүүд, арабын бусад орныхан гэхээр хөл алдаад сүйд болдог юм билээ, нөгөөдүүл нь бага сага юм хялайлгадаг болтой юм. нөгөөдүүл дотор нь хэн ч яваан билээ, эвгүй ш дээ