Сэтгүүлчид “гүтгэх” заалтаар Эрүүгийн хэрэг үүсгэх оролдлогыг эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Засгийн газраас хуулийн давхардлыг арилгах зорилгоор өргөн мэдүүлсэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан өчигдөр Төрийн ордонд хуулийн өөрчлөлтөд хамаарал бүхий төрийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болов.


ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ӨДРӨӨС ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ХҮРТЭЛ ТООЦНО

Эрүүгийн багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тооцохоор оруулж байгаа аж. Учир нь 2017 оны нэмэлт, өөрчлөлтөөс хойш анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр нийтдээ 400 гаруй хүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Мөн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд хүүхдийн эсрэг гэмт хэрэг тэр дундаа хүчингийн гэмт хэрэгт оногдох ялын хэмжээг чангатгасан байна. Малын хулгайн гэмт хэргийг мөн чангатгажээ. Тухайлбал, бусдын малыг хулгайлбал 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Олон тооны мал гэж 24 бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Нэг бодыг гурван богоор тооцно гэж заасан байна. Түүнчлэн мөрийтэй тоглоом зохион байгуулбал гэмт хэрэгт тооцно. Үүнд цахим орчны мөрийтэй тоглоом багтах юм байна. Хахууль авах гэмт хэргийн тухайд 2-5 жилээр төрд ажиллах эрхийг хасдаг байсан бол 5-8 жил болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.

Мөн Зөрчлийн тухай хуульд хэд хэдэн зөрчлийг шинээр нэмж, зарим зөрчил хоорондын давхардлыг арилгах, оногдуулах шийтгэлийг багасгах, албадлагын арга хэмжээг хасахаар болжээ. Харин гэр бүл дэх хүүхдийн эрхийн эсрэг зөрчил, боловсролын орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил, цахим орчин дахь хүүхдийн эрхийн эсрэг зөрчил зэргийг тусгайлан зааж өгсөн байна. Хуулийн төслийг баталснаар хуулийн давхардал, зөрчил арилна гэж хууль санаачлагчид тайлбарлаж байсан юм.

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Хууль бол ард түмний хүсэл зоригийг илэрхийлэх ёстой. Аливаа шийтгэлийг тодорхой оногдуулахыг олон түмэн хүсэж байна. Нийт үйлдэгдэж байгаа зөрчлийн 95 хувийг замын хөдөлгөөний журам зөрчих зөрчил байдаг. Үлдсэн нь бусад төрлийн буюу 2000 орчим заавал дагаж мөрдөх стандарт, 2000 гаруй тодорхой зөрчлүүд эзэлж байгаа. Цаашид Зөрчлийн тухай хуулийг боловсронгуй болгох тал дээр ХЗДЯ ажил зохион байгуулах ёстой. Судалгаанд оролцогсдын дийлэнх нь Зөрчлийн хууль тогтоомжийг эргэж харахыг шаардаж байгаа цаг үед Засгийн газар гаргасан алдаа дутагдлыг цэгнэж ажиллах учиртай. Миний байр суурь бол зөрчил шалган шийдвэрлэх эрхгүй субъектүүд, агентлагуудын байр суурь том нөлөөтэй явж байгааг анхаармаар байна. Мөн байгууллага, салбарын амбицууд гарч байгаа. Хуучин 240 гаруй хуулиар өөр өөр эрх бүхий байцаагч зөрчил шалган шийдвэрлэх харилцааг зохицуулдаг байсныг Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар нэг процесст шилжүүлсэн. Харамсалтай нь Татварын ерөнхий газар албан ёсоор салан тусгаарласан. Бусад байгууллага ч салбарын хуулиудаараа зөрчил шалган шийдвэрлэх харилцааг зохицуулах ёстой гэж байгаа. Татвар бол төрийн хяналт шалгалтын салшгүй хэсэг. Тиймээс манай байнгын хороо татварын байгууллагыг нэг журамд явах ёстой гэж үзэж байгаа. Үүнийхээ дагуу хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллана” хэмээн байр сууриа илэрхийлэв.

* * *

СЭТГҮҮЛЧИД “ГҮТГЭХ” ЗААЛТААР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ ОРОЛДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭВ

Зөрчлийн хуулийн 6.21-д “гүтгэх” зөрчлийг Эрүүгийн хуульд оруулах төслийг Засгийн газраас боловсруулсныг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс шүүмжлэв. Иймд МСНЭ-ээс хэвлэл мэдээллийн зарим мэргэжлийн холбоод, редакц, сэтгүүлчдийн төлөөлөлтэй санал солилцсоны үндсэн дээр хуулийн төсөлд тусгах санал боловсруулснаа уг хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан.

МСНЭ-ээс “Зөрчлийн хуулийн 6.21-д бичсэн “гүтгэх” зөрчлийг хасахаар хуулийн төсөлд тусгасан нь зөв зүйтэй боловч Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулж байгаа нь төслийн үзэл баримтлалд нийцэхгүй байна” хэмээж байлаа. Түүнчлэн “Дээрх өөрчлөлтийг хуульд оруулах шаардлагаа хууль санаачлагчийн зүгээс “Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлсэн” хэмээн тайлбарлажээ. Гэтэл энэ нь 2002 онд УИХ-аар баталсан Иргэний хуулийн 21 дүгээр зүйл “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” хэсэгт бүрэн дүүрэн зохицуулагдсан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “гүтгэх” гэмт хэргийг “хүний нэр төр, алдах хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараах” гэжээ. Энэ нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасантай давхцаж, Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай зөрчилдөж байна” гэсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” хэмээн заасан байдаг. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, паактуудад энэ төрлийн эрхийг хамгаалсан байдаг. Гэтэл Засгийн газраас боловсруулж УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн багц хуулийн төсөлд “гүтгэх” гэмт хэргийг Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулахаар болсон нь Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, олон улсын гэрээг зөрчиж байгааг сэтгүүлчдийн эвлэл илэрхийлэв. Улмаар МСНЭ-ээс “Ийнхүү хуульд өөрчлөлт оруулж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хууль, шүүхийн хяналтад байлгах гэсэн “улстөрийн шинжтэй” санаархал гэж үзэж байна” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top