Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ.
Дээрх иргэдийг саатуулсан хэргийн газруудаас “Iphone-6” загварын 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер хураан авч, шалгаж эхлээд байна. Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрсэн нь тогтоогдоод байгаа ба визний зориулалтыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байсан юм. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийг цагдан хорих, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар нэгэн үндэслэл байхгүй бөгөөд зөвхөн Монгол Улсаас албадан гаргах, дахин виз олгохгүй байх эрх зүйн боломжтой ажээ. Тиймээс эдгээр иргэдийг өнөөдөр албадан гаргах ажиллагаа зохион байгуулахаар болжээ.
Харин уг хэргийг удирдан зохион байгуулсан гэх иргэдийн тоо шалгалтын явцад нэмэгдсээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар долоон хятад, гурван монгол иргэнийг шалгаж байгаа тухай мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 0 )