Сүүлийн 10 жилд 158 хүн угаартаж нас баржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

“Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр Нийслэлийн Иргэний танхимд боллоо. Сонсголд Нийслэлийн ЗДТГ, харьяа байгууллагуудын төлөөлөл, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хаагчид, “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд болон нийслэлийн 100 гаруй иргэн оролцож, санал шүүмжлэлээ илэрхийллээ.

Хуралдааны эхэнд сонсголд оролцогчид болоод сонсголын дэг зэргийг сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва танилцуулсан. Олон нийтийн нээлттэй сонсголыг нээж Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Засгийн  газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, сайжруулсан түлшний хэрэглээг хэвшүүлэхийн тулд айл өрхүүдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж буй нийслэлийн 90 гаруй агентлагийн 3000 гаруй ажилтан алба хаагч, нийслэлийн зургаан дүүргийн хэсэг хороодын ажилчид гээд бид хүчээ нэгтгэн ажиллаж байна. Цаашид бидэнд анхаарах олон асуудал байсаар байна. Үндэсний хэмжээнд гамшиг болоод буй утааны эсрэг энд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэгчлэн олон нийтийн нээлттэй сонсголыг анх удаа зохион байгуулж байгаа нь эрдэнэт хүний амь нас дахин эрсдэхгүй байх утааны эсрэг явуулж буй том гарц, гаргалгаа болж байна” гэв.

Сонсгол зохион байгуулах санаачилгыг НИТХ-ын 12 төлөөлөгч гаргасан ба тэднийг төлөөлж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар мэдээлэл хийсэн юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү “Агаар орчин, хөрсний бохирдлыг шийдэх шийдэл бол 2012-2016 онд эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт. Сайжруулсан түлш, зуух бол завсрын шийдэл. Өнөөдрийн хэлэлцэж байгаа сайжруулсан түлшний асуудлаар зарим албан тушаалтнуудын албан мэдэгдлүүд өөр өөр байгаа учраас иргэд олон түмэнд нэгдсэн мэдээлэл өгье. Иргэдийн санаа бодлыг сонсох үүднээс нийслэлийн иргэдийн  төлөөлөгчдийн хурлын  нэр бүхий 12 төлөөлөгч Монгол Улсын Нийтийн сонсголын хуулийн дагуу нийтийн сонсголыг зохион байгуулах санаачилга гаргасан. Иргэд, судлаачдын дунд эргэлзээтэй олон асуудал байгаа. Иргэдийн зарим нь айдастай байна. Хүний амт нас яагаад эрсдэв, хүмүүс яагаад олноороо угаартав, түлш шатах явцад судалгаа хийгдсэн эсэх, төслийн биш энгийн зуухтай айл өрхүүдэд сайжруулсан түлшийг хэрхэн түлэх талаар, энэ өвөл түлшний нөөц хүрэлцээтэй эсэх талаар олон асуудлаарх мэдээлэл энэ сонсголын хүрээнд хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. 

“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг хэрэглэх шатанд есөн иргэн нас барж, 800 орчим иргэн угаартаж, эрүүл мэндээрээ хохирчээ. Хяналтын сонсголд оролцож байгаа НИТХ-ын төлөөлөгчид болон иргэдийн зүгээс энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг тавилаа. Энэ асуудлаар Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж дараах тайлбарыг өглөө.

Д.Ядамдорж “Сүүлийн 10 жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаарт хордож нас барсан. 2019 оны аравдугаар сарын 19-нөөс хойш иргэд угаартаж нас бараагүй, дуудлагын тоо буурч байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр угаартсан шалтгаан нөхцөлийг авч үзлээ. Угаартсан иргэдийн 101 нь гэрт, 202 нь байшинд, энгийн зуух 203, төслийн зуух 86, нам даралтын зуух зургаа байсан. Энэ жил нийт есөн хүн нас барсан. Энэ хэрэг дээр Мөрдөн шалгах газрынхан ажиллаж байгаа. Хэн буруутай эсэх эцсийн шийдвэрийг прокурорын байгууллага гаргана” гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top