П.Мөнхтулга: Одоогийн хуулиар 350 өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож байна

2019 оны 11 сарын 06

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өнөөдөр /2019.11.06/ нийгмийн даатгалын сургалтад хамрууллаа.

Тус сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 орчим холбооны төлөөлөл 70 гаруй иргэн оролцож, ердийн өвчин болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох үйл явц, урьдчилан сэргийлэх боломж, тэдгээр иргэнд Нийгмийн даатгалын сангаас үзүүлж буй тусламж үйлчилгээ болон хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар санал солилцсон юм.

Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 111.4 мянган иргэн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгожээ. Тэдний 70.6 мянган иргэн нь Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч, үүнд жил бүр 200 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 350 өвчний заалтаар тогтоож байна. Үүнд,

  • Халдварт өвчин-12
  • Сэтгэцийн эмгэг-23
  • Дотрын өвчин-112
  • Мэдрэлийн өвчин-69
  • Нүдний өвчин-5
  • Чих хамар, хоолойн-17
  • Мэс заслын өвчин-35
  • Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин-6
  • Арьсны өвчин-16
  • Гэмтэл согогын өвчин 55 заалттай байна.

 

НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дарга П.Мөнхтулга

- Хөдөлмөрийн чадвар алдалтыг хэрхэн яаж тогтоодог вэ?

- Хөдөлмөрийн чадвар алдалтыг хагас, бүрэн гэж хоёр хуваадаг. Үүнийг тогтоохдоо Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хууль зэрэг хууль эрх зүйн холбогдох заалтуудыг баримтална. Хамгийн гол баримталж байгаа зүйл гэвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох өвчний жагсаалт байна.

- Хэчнээн төрлийн өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог вэ?

- Өнөөдөр 350 өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож байна. Багахангай дүүргээс бусад бүх дүүрэг болон 21 аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд гэмтэл тодорхойлох комиссууд ажилладаг. Энэ нь Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамж үйлчилгээ болон иргэдийн төлөөлөл орсон есөн хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус комисс юм. Комисс тухайн орон нутгийнхаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг дээр хэлсэн холбогдох хууль, журмын дагуу тогтооно. Хөдөлмөрийн чадвараа 50-69 хүртэлх хувиар алдсан бол хагас , 70- дээш хувиар бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж тогтоож, холбогдох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт төлбөрийг олгоод явдаг.

Ер нь хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд одоо мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын хуулиар “Тахир дутуугийн тэтгэвэр” гэсэн тэтгэврийг авдаг. Тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо ердийн өвчин үү? үйлдвэрлэлийн ослоос олсон өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан уу гэдгээс хамаарч тэтгэврийн мөнгө харилцан адилгүй тогтоогддог.

- Групп  тогтоолгосон хүмүүс оршин суугаа газраасаа өөр хаяг руу шилжсэн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээ хэвээр авдаг уу?

- Нэгэнт тухайн харьяа газраас нь иргэнийг хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг тогтоосон бол харьяалал шилжсэн байсан ч тухайн шийдвэр үргэлжлээд явна. Үргэлжлэхдээ ямар журмаар явагдах вэ гэхээр тухайн хүнд хяналтын хугацаа байдаг. Тэр хугацаагаараа хянагдаад явна.


ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Баатаржав

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хамгийн гол асуудал бол Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, түүгээрээ тухайн иргэний нийгэмд амьдрах эрх зүйн бичиг баримтууд бүрдэж байдаг. Тиймээс өнөөдрийн сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалт, группийн тогтоолт аль түвшинд явж байна вэ, Монгол Улсын түвшинд байгаа асуудал нь олон улсын жишигт хүрч байна уу, үгүй юу? Яг иргэдийнхээ ахуйн амьдралд нийцэж байна уу, үгүй юу гэдэг талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд энэ асуулгыг тавиад, үүний хариулт болгож сургалт явуулж байна.

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ус шиг дутагдаж байгаа асуудал бол эмнэлэг, магадлалын комиссын шийдвэр юм. Монгол эмч нарын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавьсан онош нь олон улсын ангиллаас зөрөөд байдаг. Жишээлбэл, олон улс  ICP ангиллаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог. Үүнээс зөрөөд байгаа учраас спорт, ажил хөдөлмөрийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн оноштой очиж байгаа тамирчдын ангилал буруу болдог. Үүнийг бид Нийгмийн даатгалын бодлогын шинэчлэлтээрээ өөрчлөөд, дэлхий нийттэй нэг цонхоор ярьдаг болъё. Хэн нэгэн иргэн гадаадад эмчилгээ хийлгэхдээ эмчилгээнд дахин төлбөр төлдөг асуудлыг болиулъя. Тамирчид нь олон улсынхаа ангиллын дагуу ICP ангиллаараа оношоо тавиулаад уралдаан тэмцээндээ ордог болъё гэдэг асуудлыг бид тавьж байна.

Хүн өвчтэй учраас л группт орж байгаа болохоос жаргал эдлэх гэж ордоггүй. Тийм учраас өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүнийг нийгэм дунд өөрийгөө авч явах боломжийг бүрдүүлж өгөх зөв оношийг тавьдаг болъё.

Хөдөлмөрийн чадвар алдалт, мэргэжлээс шалтгаалах өвчин, гэмтэл согог, сэтгэц зэрэг маш олон төрлийн онош байгаа. Миний бодлоор энэ бүгдийг нэг биш дотор нь хоёр ангилах шаардлагатай. АНУ-д бол хоёр хуваадаг. Нэг нь энэ хүмүүс зайлшгүй бэрхшээлтэй хүмүүс юм аа, нөгөө нь өвчин нь эдгэрээд дахиж хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс байдаг. Гэх мэтчилэн системтэйгээр нийгмийн даатгалын асуудлыг шийдэхгүй бол төрийн халамжийн мөнгө замбараагүй урсаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэмэгдээд байна гэдэг асуудал зогсоно. Төрийн зарцуулдаг мөнгө багасах ёстой.

Энэ сургалтаар  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн болон цаашдын амьдрах эрх зүйн орчин, тавигдаж байгаа өвчний оношилгоо, хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэх үнэлгээ өөрчлөгдөнө гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Авир мэд Баасан баяр(66.181.161.103) 2021 оны 06 сарын 18

Төрхөөсөө аьхуулаад дүлий явна гэдэг хэцүү байно олны дунд ажил хийьэл гоё байн би 53 тай өөрөө ажил сонирхож байно

1  |  0
зочин(119.40.103.37) 2020 оны 01 сарын 03

зарим заалтуудаа эргэж харахгүй бол асуудалтай л ба, хөдөлмөрийн чадвараа хагас ба бүрэн алдсан гэдгийг анхаарах цаг болсоон

0  |  0
Авирмэд Баасан баяр(66.181.161.37) 2019 оны 12 сарын 28

Би сонсголын бэрхшээлтэй одоо 53 настай 95 онд группэнд орсон ажилсан жил 5

0  |  0
Top