Сонгуулийн саналыг гар аргаар дахин тоолох санал хуульд оруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, мөн зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргасан захирамжийн дагуу Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2019.11.06/ Сонгуулийн ерөнхий хороонд /СЕХ/ ажиллав. Энэ үеэр 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгууль болон Орон нутгийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил ямар байгаа талаар мөн Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаатай холбоотойгоор тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт СЕХ өнгөрсөн хугацаанд сонгуулийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирснийг дурдаад, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг хэллээ. Мөн сонгууль зохион байгуулахтай холбоотой санал хүсэлт, хүндрэл бэрхшээлийн талаар асууж, ярилцлаа.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Энэ жилийн сонгуулийн төсөв нэмэгдсэн. Энэ нь 2012 оноос хойш сонгогчийн тоо 260 гаруй мянгаар, 2016 оны сонгуулиас хойш 112 мянгаар өссөнтэй холбоотой, ирэх хавар энэ тоо нэмэгдэнэ. Үүнийг дагаад санал авах байр, хэсгүүд нэмэгдэнэ. Энэ жил 20.1 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулахаар Сангийн яам тооцоолсон байгаа. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгууль гэж 3 ангилахаар өөрчилсөн болон сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолох саналыг хуулийн төсөлд оруулж байгаа" гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Н.Амарзаяа, О.Содбилэг, Ж.Батзандан нар болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат зэрэг хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.169.108) 2019 оны 11 сарын 07

өөрсөдөө сонгуулийн хэсэгт ажиллаж үзээгүй дарга нар мөн солиорох юм аа. Хар машинаар тоолсоноос хойш хяналтын тооллогоор нэг ч удаа зөрж үзээгүй гэдгийг сонсоогүй юм байх даа. Гар тооллого гэдэг бол хэзээ ч үнэн байгаагүй, үнэнхүү луйврыг хийдэг байлаа шүү дээ. харин ч хар машин эн луйврыг зогсоож чадсан гавъяатай шүү.

0  |  0
хуульч(203.91.115.46) 2019 оны 11 сарын 06

ингэхгүй л бол манан машин хакердана, манайх байтгай хэдэн зуун сая хүнтэй улсууд гараар тоолж байхад болохгүй юм байхгүй\n

1  |  0
Top