Хонконгийн жагсагчид нийтийн тээврийн ажлыг тасалдууллаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Хонконгийн жагсагчид даваа гарагт хэд хэдэн автозамыг хааж, метроны хэвийн ажиллагааг тасалдуулжээ. Хууль хүчнийхэн үймээн дэгдээгчдийг тараах үүднээс нулимс асгаруулагч хий удаа дараа хэрэглэсэн байна.

Даваа гарагийн өглөө баг зүүсэн жагсагчид автозам дээр хогийн сав тараан хаяж, хаалт босгож, гэрлэн дохиог эвдэж, гал тавих зэргээр танхайрчээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Хонконгийн засгийн газрын хөдөлмөрийн газар ажил олгогчдод ажилтнуудынхаа ажлын цагийн хуваарьт уян хатан хандахыг уриалсан байна. Хонконгийн бүх их сургууль хаалгаа барьсан бөгөөд зарим их сургуулийн хотхонд баг зүүсэн оюутнууд эвдэн сүйтгэх ажиллагаа явуулж, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Хонконгийн политехникийн их сургуулийн оюутнууд харуул хамгаалалтын ажилтнууд руу тоосго,  шатах бодис бүхий лонх шидэж танхайрсан хэрэг мөн гарсан байна.

Сай Ван Хо дүүрэгт цагдаагийн алба хаагч өөрт нь халдсан багтай 21 настай нэгэн жагсагч руу цэргийн сумаар бууджээ. Тэрбээр гэдсэндээ шархадсан бөгөөд эмнэлэгт хүргэгджээ.

Энэ зунаас эхлэн Хятадын засаг захиргааны онцгой бүсэд хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн олон нийтийн жагсаал өрнөөд байгаа билээ. Хуулийн төслийг эгүүлэн татсан ч сөрөг хүчний дэмжигч залуус жагсаал цуглааныг үргэлжлүүлэн зохион байгуулсаар байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top