ЗИНДАА 2019.11.11 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

#1 СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫН “ХАТИГ”-ИЙГ ХАГАЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
 

Салбарынхаа талаар сонинд бичихээр уншигчдад сонирхолтой байж чадах уу гэж өөрөөсөө асууж суулаа. Гэхдээ сонирхуулахгүй бол болдоггүй зүйл гэж бий. Улс орны тусгаар тогтнол, ардчиллын нэг баталгаа нь сэтгүүл зүйн дархлаа байдаг гэдэг утгаараа шүү дээ. Энэ өнцгөөс бас нийтэд зөв ойлголт өгөх нь ямар ч мэдээллийн хэрэгслийн үүрэг юм. Сэтгүүлч гэхээр нийгэмд “сэлэмчин” гэж ойлгогддог болтлоо доошлоод байгаагаа ядаж тайлбарлах ёстой биз дээ. Дээр нь дуугарч төвдөхгүй яваа сэтгүүлчдийнхээ өмнөөс ч яръя.

Нэрт нийтлэлч агсан Ж.Гангаа ах тэртээ жил “Хэрэв эвдрэх юм бол сэтгүүлч, замын цагдаа хоёр муухай эвдэрдэг” гэж билээ. Байнга санаж явууштай үг. Зөв явбал энэ мэргэжил тун бахархалтай. Харин буруудвал дэндүү адгийн харагддаг онцлогтой. Өнөөдөр ёс зүй, хэм хэмжээгээ сахисан мянга, мянган хүн мэдээллийн салбарт ажиллаж байна. Тулхтай, наана цаадахыг ойлгох хэмжээнд төлөвшиж, санаа суусан сайт, сонин, телевизийн редакциуд ч чамлахааргүй олон бий. Гэхдээ ний нуугүй ярихад сайхан алдрыг шороотой хутгаж, хэт ашиг орлого талаас нь хөөцөлдөөд байгаа хүмүүстэй ч боллоо. Тэр хэсэг нь арга, зохион байгуулалтын хувьд ч жил ирэх хэрээр “муухай эвдэрч” байна даа. Мэдээллийн хэрэгсэл гэдэг өөрөө маш хүчтэй эрх мэдэл агуулж байдаг, мөн өнөөгийн технологийн дэвшлийг дагаад хувьдаа байгууллагатай болоход амархан болж. Аливаа эрх мэдэл сайн, муу янз бүрийн хүний сонирхлыг татдаг нь улс төрийн шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Харамсалтай нь, улс төрд ядаж сонголт хийж болдог бол өнөөдөр сэтгүүл зүйд дуртай болгон нь дураараа тонгочиж байна. Энэ замаар Монголын сэтгүүл зүй гэх том айл “хатиг”-тай болсныг одоо хэнээсээ нуух вэ дээ. Сүүлдээ бүр хэвлэл мэдээллийн бизнесийг нийгмийн өмнө хүлээсэн асар хариуцлагатай, иргэдийн мэдэх эрхийг хангах, соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж үзэхээсээ илүү өөрт нь ашигтай “зэвсэг” гэж үздэг хэсэг бүлэгтэй болтлоо хавтгайрлаа. Ийм “зэвсэг”-ийг улстөрчид, бизнесүүд, хувь хүн эзэмшихийг хүссэн, чадаж ч байгаа. Сүүлдээ бусдыг айлгах замаар мөнгө салгадаг ямар хамтрагч нар байдгийг дотооддоо мэддэг болтлоо дампуурч байна. Аливаа нэг гүтгэлгийг захиалгаар дэвэргэдэг, эсвэл нийтэд тустай үйлийг зохиомлоор харлуулдаг арми үүсч байгаа нь “ариун явдал” уу даа. Дунд нь иргэд мэдэх эрхээрээ, улс орон хувь заяагаараа хохирч байгааг дуугүй харж суудаг болох нь.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ЗУРГААН ШҮҮГЧИЙГ ЯЛЛАХ САНАЛ ГАРГАЖ, ХОЁР ШҮҮГЧИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭХЭЭР БОЛЖЭЭ
 

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгаж эхэлсэн билээ.  Тэдгээр шүүгчийн зургаа нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой болох нь баримтаар тогтоогдсон гэдгийг өмнө нь бид мэдээлж байсан. Хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлээд байна. Сануулахад, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн юм. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 Д.ТОГТОХСҮРЭН: АН САНАЛ ХУРААЛТАД ОРОХГҮЙ ГЭВЭЛ БИД 64 ГИШҮҮНТЭЙГЭЭР ҮНДСЭН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ



Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх товтой байгаа. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр байр сууриа нэгтгэжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос хойш хэлэлцэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэрийг УИХ гаргаад байгаа. Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг дуусгах хуваарьтай байгаа. МАН-ын бүлгээс нэгдүгээрт гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулиа баталж дуусгая гэдэг дээр 100 хувь тохирсон. АН-аас тавьж байгаа гурван санал байгаа. Нэгдүгээрт, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх зарчмыг дэмжсэн. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх эрхийг эдэлнэ гэдэг заалтыг бүлгийн гишүүд дэмжсэн. Цаашид Засгийн газар бие дааж шийдвэрээ гаргахад чухал ач холбогдолтой гэж үзсэн. Хоёрдугаарт, сонгуулийн холимог тогтолцооны асуудлыг МАН-ын бүлгийн олонх нь дэмжсэн. Пропорциональ, мажоритарын холимог хэлбэртэй бай бах 2024 оноос хэрэгжүүлье гэж тогтсон. Гуравдугаар санал болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх санал дээр бүлэг эцсийн шийдвэр гаргаагүй. Цаашид зөвшилцөл үргэлжилнэ. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр дахиж ярь, шаардлагатай гэж үзвэл дахин бүлэг хуралдаж асуудлыг шийднэ гэж тохирсон” хэмээн мэдээлэл өглөө.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 


#4 ТОГЛОЛТЫН СУРВАЛЖЛАГА: АЙ АРИУНАА... ЭНЭ ЧИНЬ Л АРИУНАА
 

2019.11.08-ны 16.30 цаг. Буянт-Ухаа спорт цогцолборын эргэн тойронд битүү машин, холоос үй түмэн машин гялалзан харагдах нь өөрийн эрхгүй “Юун наадам” гэж уулга алдахад хүргэнэ. Зохион байгуулагчид Т.Ариунаагийн тоглолтод  10 мянга орчим тасалбар зарагдаж, 900 орчим хүн ажиллана гэж “максимум” байдлаар тооцоолсон ч гэсэн 15 мянган хүний ачааллыг даах нөхцлийг бодолцож, бэлэн байдалд байх ёстой гэсэн урьдчилсан төлөвлөлт гаргажээ. 16.40 цагийн үед дотоод холбоогоор төв хаалган дээр мушгирсан дараалал үүссэн учраас хүмүүс бухимдалтай байна гэсэн дуудлага зохион байгуулагчдын хэсэг нь зохицуулахаар гүйлдээд явчихав. Удалгүй “Хүмүүс хэвийн байна. Ноцтой байдал үүсээгүй” гэсэн яриа сонсогдов. 17.00 цаг болоогүй байхад ийм байдал үүснэ гэж хэн төсөөлөх билээ?

Хүмүүс заал руу тасралтгүй цуварсаар, зогсоо хэсэг битүү болох төлөвтэй. Гэвч Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бүгд ямар мэдэхгүй биш, яаравчлан эрт гарсан ч гэсэн зам хөдлөх аргаггүй байна гэсэн бухимдсан хүмүүс цөөнгүй. Уг нь үүнийг бодолцон 16.00 цагаас эхлэн хотын төвөөс фэнүүдэд зориулсан автобус явж байсан ч машинууд голын урсгал шиг цувсаар... 18.00 цагт гэхэд заал бараг дүүрч эхэллээ. Бод доо, 10 мянган хүн шүү дээ /Тоглолтын эцсийн мэдээллээр 12 мянган хүн цугларсан гэжээ/. Энэ бол зохион байгуулагчдын анх тооцоолж байснаас хэтэрсэн тоо, гэхдээ түүний тоглолтыг үзэхийг хүсч байсан хүмүүсийн хувьд бага тоо. Хүүхдээ, ээж аавыгаа, найзуудыгаа дагуулаад ирдэг байж гэж харамссан хүмүүс олон таарсан. Нөгөө талаас манайхны тоглолт хийдэг Цирк 2000, Бөхийн өргөө 2500, УБ палас 3000, Соёлын төв өргөө 1300 хүний суудалтай гээд бодохоор 12 мянган хүнийг нэгэн дор ингэж цуглуулж чадна гэдэг бол үнэндээ л гайхамшиг. Тэр тусмаа тэд бүгд нэгэн сэтгэлээр огшиж, дуулж, бүжиглэж, хөөрч баясч байсан гээд бод доо. Яаж ингэж чадаж байна вэ, яаж бүтэн дөрвөн цагийн турш дуулж бүжиглэж, /Дуучидтай хамтран дуулсныг эс тооцвол бүх дууг ганцаараа, бараг бүх дуу бүжигтэй/ ийм цоглог байж чадаж байна вэ гэсэн асуултад түүний нэгэн фэнийн хэлсэн “Энэ чинь л Ариунаа шүү дээ” гэсэн үг яг л оносон гэмээр. Илүү олныг тайлбарлаж, гайхан шагширмаар байвал энэ чинь л Ариунаа шүү дээ...      

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 КАКҮРЮҮ, ГОЭЙДО НАР КЮҮШЮҮ БАШЁГ ОРХИЛОО

Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү Кюүшюү башёд барилдах гэж байгаад гэнэт тэмцээнийг өнжиж, олныг гайхууллаа. Учир нь бэртэл, гэмтэлтэй байсан бол башёд барилдахгүй гэдгээ мэдэгдэх ёстой байлаа. Харин Какүрюү эхний өдөр Асанояматай барилдах болоод байв. Башёгийн эхний өдрийн өглөө бэлтгэл дээр үндсэн хөл тавих дасгалаа хийж байгаад нуруугаа гэмтээсэн гэнэ. Фүкүока хотын хэд хэдэн эмнэлэгт үзүүлээд дэвжээндээ эргэн ирэхдээ тун зовж алхаж байгаа нь мэдэгдэж, сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна. Уг нь энэ башё Мичинокү дэвжээнээс барилдах анхны тэмцээн нь болох ёстой байв. Өнгөрсөн башёд гэмтээсэн зүүн өвдөгний гэмтэл эдгэсэн ч энэ удаад нуруу. 14 хоног эмчлүүлэх онош тавиулсан бол маэгашира Ичиножёо дөрвөн долоо хоног эмчлүүлэх болжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top