Д.Тогтохсүрэн: АН санал хураалтад орохгүй гэвэл бид 64 гишүүнтэйгээр Үндсэн хуулийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх товтой байгаа. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос хойш хэлэлцэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэрийг УИХ гаргаад байгаа. Энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг дуусгах хуваарьтай байгаа. МАН-ын бүлгээс нэгдүгээрт гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулиа баталж дуусгая гэдэг дээр 100 хувь тохирсон. АН-аас тавьж байгаа гурван санал байгаа. Нэгдүгээрт, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх зарчмыг дэмжсэн. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх эрхийг эдэлнэ гэдэг заалтыг бүлгийн гишүүд дэмжсэн. Цаашид Засгийн газар бие дааж шийдвэрээ гаргахад чухал ач холбогдолтой гэж үзсэн. Хоёрдугаарт, сонгуулийн холимог тогтолцооны асуудлыг МАН-ын бүлгийн олонх нь дэмжсэн. Пропорциональ, мажоритарын холимог хэлбэртэй бай бах 2024 оноос хэрэгжүүлье гэж тогтсон. Гуравдугаар санал болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх санал дээр бүлэг эцсийн шийдвэр гаргаагүй. Цаашид зөвшилцөл үргэлжилнэ. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр дахиж ярь, шаардлагатай гэж үзвэл дахин бүлэг хуралдаж асуудлыг шийднэ гэж тохирсон” хэмээн мэдээлэл өглөө.

Харин түүнээс АН-аас гурван саналыг нь бүгдийг хүлээж авахгүй бол санал хураалтад оролцохгүй гэж илэрхийлсэн тухай сануулж, “Хэрэв АН санал хураалтад оролцохгүй тохиолдолд хэрэх вэ” хэмээн асуусан юм. Олонхын бүлгийн дарга “АН орохгүй гэвэл бид өөрсдөө 64 гишүүнтэйгээр гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээс өөр аргагүй байдалд орно. Уг нь АН-ын саналаар л яваад байгаа юм. Эхлээд АН-аас ард нийтийн санал асуулга шиг хэрэгтэй юм алга гэсэн. Парламент ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Дараа нь ард нийтийн санал асуулга хэрэггүй, гуравдугаар хэлэлцүүлэг хийе гэсэн. Тэгэхээр нь гуравдугаар хэлэлцүүлэг явуулахаар болсон. Гуравдугаар хэлэлцүүлэг рүү орсны дараа энэ гурван асуудлаар зөвшилцье гэсэн. Зөвшилцөж байна. Ингээд бид бүх л талаас нь хэлэлцэж байна. Үндсэн хууль гэдэг бол улс төрийн бүх намуудыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн баримт бичиг байх ёстой гэдэг агуулгаар аль болох хүлээцтэй хандаж байгаа” гэж хариуллаа.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.65.160) 2019 оны 11 сарын 13

65-лаа Үндсэн хуулыг хэлэлцэх бүрэн боломжтой. Өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Ахиж ийм олон гишүүнтэй төр засаг бүрдэхгүй. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. МАН-аас өөр УИХ-д бүлэг байхгүй шүү дээ. ЗӨВЛӨЛ гэж юм яриад байгаа энэ бол УИХ-ын үйл ажиллагаад хамаарахгүй шүү дээ.Өөрөө хэлбэл МАН-аас бусад гишүүд бие даагч нар л гэж ойлгох хэрэгтэй

0  |  0
Иргэн (59.153.87.207) 2019 оны 11 сарын 12

Цаг барахын нэмэр түргэн батлаач. Хичнээн жил сар хоног. цаг ярих юм. Ярих юм олдохгүй байгаа юм уу. АН-тай зөвшилцөх тохирох гээд хичээгээд байхаар наадуул чинь том том ярьж солиороод ажил явуулаахгүй байна шүү дээ. Энэ ганц миний бодол биш Олон хүн тэгж ярьж байна.

0  |  0
иргэн(139.5.218.154) 2019 оны 11 сарын 11

Битгий худлаа ярь аль хэдийн тохиролцоо биздээ новшнууд чинь

0  |  0
Иргэн (66.181.161.36) 2019 оны 11 сарын 11

Эрх баригчдын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандахаар хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн болж байгаа юмуудаа.

0  |  0
Зочин(66.181.161.36) 2019 оны 11 сарын 11

Хүчиндээ хэт их аархах ч онц юм биш дээ. Үндсэн хуульд өнөөгийн яригдаж байгаа шиг өнгө засал хийх бус тогтолцоогоо сонгосны дараа түүндээ тохирсон өөрчлөлт, шинэчлэлийг ШУ-ны үндэслэлтэй, олон улсын жишгийг харгалзан улс орныхоо онцлог, түүхэн уламжлал, ёс заншилдаа нийцүүлэн хийвэл ирээдүйтэй байхсан болов уу?

0  |  0
Top